“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын 11 дэх дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын 11 дэх дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

Франц улсын Парис хотноо дөрөвдүгээр сарын 23-нд эхэлсэн "Их долоо" /G7/-ийн байгаль орчны сайд нарын дээд хэмжээний уулзалтад Монгол Улс урилгаар оролцжээ. “Их долоо” сүүлийн жилүүдэд ямар нэгэн чухал сэдвийг хөндөхдөө үүнтэй хамаарал бүхий бусад улсыг урьж оролцуулдаг уламжлал тогтсон. Энэ хүрээнд Монгол Улс, БНСУ, БНТУ, Кени, Албани, Австрали, БНЭУ, Бразил улсын байгаль орчны сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудал, шийдлийн талаар бодлогын түвшний хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Монгол Улс ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах СОР17 бага хурлаар танилцуулах цөлжилттэй тэмцэж буй туршлага, цаашид анхаарах асуудал болон усыг зөв зохистой ашиглах, усны нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх, байгальд суурилсан ногоон шийдэл гэсэн гурван санаачилга хэлэлцүүлсэн байна.  

“НОГООН” ӨДӨР

Олон улсын Эх дэлхийн өдөр дөрөвдүгээр сарын 22-нд тохиолоо. Дэлхийн 190 гаруй орон Эх дэлхийн өдрийг байгаль орчны асуудал, хөгжил, хамгаалалд олон нийтийн анхаарлыг хандуулах, байгальд ээлтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулж нийтийг уриалах, татан оролцуулах зэргээр тэмдэглэдэг. Энэхүү үйл ажиллагаа 1970 оноос эхлэлтэй. Жил ирэх тусам өргөжиж, байгаль, цаг уурын хувирал, өөрчлөлтийн эсрэг дасан зохицох, даван туулах гарц шийдэл эрэлхийлэх, хүмүүсийг байгаль хамгаалах, хайрлах зөв дадалд хэвшүүлэхийг эрмэлзсээр иржээ.

2026 оны Эх дэлхийн өдрийн уриа, бэлгэ тэмдгийг Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг уран бүтээлч, хөгжимчин Винтнер “Earthday.org” байгууллагын захиалгаар бүтээжээ. Уран бүтээлч дэлхий цэцэг мэт дэлгэрч, хүний гарын алган дээр энхрий, зөөлөн оршиж буйгаар бүтээж, “Our Power, Our Planet” (Бидний хүч чадал, Бидний гараг) гэдэг уриа үгийг өгсөн байна. 

Тэрбээр энэ тухайгаа “Хүн төрөлхтөн ба эх дэлхийн харилцаа хамаарал, эмзэг байдал, хүч чадлыг нэгэн зэрэг илэрхийлэх тод, цул дүрс бүтээхийг зорьсон. Тэгээд дэлхийг хүний гарт энхрийлэгдэж буй цэцэг болгон дүрслэх нь хамгийн оновчтой санагдсан. Өнөөдөр бид дэлхийгээ анхааран хамгаалахаас өөр сонголтгүй болсон. Дэлхий бидний гарт байна” гэж ярьжээ.

“НОГООН”  ҮЙЛ ЯВДАЛ

Дотор орчны агаарын чанарын стандарт (MNS:7106)-ыг анх удаа Стандарт, хэмжил зүйн газраас баталжээ. Энэ төрлийн стандарттай болсноор айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах боломж бүрдэж буй юм. 

Энэхүү стандарт 2026 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд боловсруулах, батлуулах үйл явцад НҮБ-ын Хүүхдийн Сан арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.

Мөн тус байгууллагаас “Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байгааг харуулж байна. Цаашид стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэж мэдэгджээ.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon_toim10_2“Халх голын шугуй”

Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймгийн Халх гол сумын нутгаар урсаж буй Халх голын шугуйн өвлийн үзэмж энэхүү зурагт харагдаж байна. Халх гол Монгол орны зүүн хэсэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы зүүн хойд хэсгээр урсана. Их хянганы нуруунаас эх авч Хөлөнбуйр хотын нутгаар урсаад Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орж ирэн Дорнод аймгийн Халх гол сумын нутгаар тахиралдан урсаар Буйр нуурт очиж цутгадаг гайхамшигт байгалийн зохилдлогоотой. Голын урт 233 км, усаа цуглуулах талбай нь 17 мянган км.кв гэдэг.

Халх гол бол ус, ой, нуга зохилдсон байгалийн ховор цогц экосистем юм. Бургас, улиас, хус, сөөг зэрэг ургамал голын эргийн чийглэг бүсэд ургаж бургасан шугуйг бүрдүүлдэг. Энэхүү шугуй усны системийг тогтворжуулж, голын эргийг эвдрэлээс хамгаалж, үерийн усны хүчийг сааруулж, газрын доорх усны нөөцийг нэмж, усны чанарыг шүүж усны болон ус дагасан олон амьтад, амьдралыг тэтгэж, хамгаалж байдаг юм.

Ус бол амьтай бүхнийг тэтгэгч амьдралын эх юм.  

“НОГООН” БАРИМТ

Энэ хэсэгтээ “Туулын хурдны зам төсөл - эргэлзээтэй шийдвэрүүд ба сөрөг нөлөө” бичвэрийг онцлон хүргэж байна. Эндээс Туул хурдны зам төслийн үйл ажиллагааг хоёр удаа зогсоосон шалтгаан болон байгаль орчин, экосистем, нийслэлийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөө болон олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг амлалтыг хэрхэн зөрчих тухай баримтуудыг дараах холбоосуудаар нэвтэрч уншаарай.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуултал “Туулын хурдны зам”-г түр зогсоов

“Туулын хурдны зам” төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталжээ

Туулын хурдны зам ба тогтвортой хөгжлийн зорилгын зөрчил

Туул гол дээгүүр хурдны зам барингаа СОР17-г зохион байгуулах нь “greenwashing”-ын хэрэг

Н.Насанбаяр: Туулын хурдны зам төсөл усгүй, модгүй болох, үер, халиа, түймрийн аюул гээд асар их хохирол дагуулна

“НОГООН” ЯРИА

Ногоон яриа буландаа “Инженерийн өнцөг” булангийн ярилцлагыг онцолж байна. Манай сэтгүүлчийн ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Насанбаярыг урьж Туул гол дээгүүр хурдны зам баривал хүмүүст, байгаль орчинд ямар эрсдэл, сөрөг нөлөө учирч болох тухай дэлгэрэнгүй ярилцсан “Туулын хурдны зам төсөл усгүй, модгүй болох, үер, халиа, түймрийн аюул гээд асар их хохирол дагуулна” ярилцлагыг хүргэж байна. 

Доктор Н.Насанбаяр усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй. Герман улсын Карлсруэгийн технологийн дээд сургуульд судлаачаар ажилласан. “Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа (Туул гол-Хужирбулангийн хэсгийн жишээн дээр)” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Туул голын усны урсцын судалгааг нарийн түвшинд хийсэн, говийг усжуулах “О3 буюу Орхон, Онги, Оюутолгой” төслийн автор эрдэмтэн судлаач юм.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.04.27-05.07/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.  

 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно.

Хур тунадас: 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 28, 30-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө +6...+11 хэм дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 хэм хүйтэн, өдөртөө +10...+15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 хэм, өдөртөө +20...+25 хэм, бусад нутгаар шөнөдөө -2...+3 хэм, өдөртөө +15...+20 хэм дулаан байна. 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчимд

Хур тунадас: Бүх хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -2...+3 хэм, өдөртөө +15...+20 хэм дулаан байна. 30-нд бага зэрэг сэрүүснэ.