Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуултал “Туулын хурдны зам”-г түр зогсоов
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуултал “Туулын хурдны зам”-г түр зогсоов

Туул гол дээгүүр хурдны зам барингаа СОР17-г зохион байгуулах нь “greenwashing”-ын хэрэг өгүүллийн зургийг ашиглав.

Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо гэж өчигдөр /2026.04.07/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн. Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэхүү арга хэмжээг авч буй гэж салбарын сайд Ц.Сандаг-Очир мэдэгджээ.

Тодруулбал, тухайн төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Мөн төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгосон байна.

tuul_bouauya Гэрэл зургийн эх сурвалж: БОУАӨЯ

Дээрх шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өчигдөр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзах үеэрээ танилцуулжээ.

Уулзалтын үеэр Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох тухайн төсөл нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд хуульд заасан хариуцлага тооцон ажиллаж байгаа талаар мэдэгдсэн байна. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн тус газрынхан хяналт шалгалт хийжээ.

Харин Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул “Туулын хурдны замын төсөл нь УИХ, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл болно” гэж танилцуулсан байна. 

tuul_bouauya1 Гэрэл зургийн эх сурвалж: БОУАӨЯ

Туулын хурдны зам төслийн хүрээнд голын дагуу 32 км урт, зургаан эгнээ авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг, тэдгээрийн 15 хорооны нутаг дэвсгэр хамрагдаж байгаа юм.Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан. Тус үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгч байсан гэж БОУАЯ-ны мэдээлэлд дурджээ.

Түүнчлэн Туулын хурдны зас төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх нь салбарын яамны үүрэг тул холбогдох хууль, тогтоомж, үнэлгээ, стандарт, шаардлагыг бүрэн хангаж ажиллах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, үйл ажиллагааг зөвхөн баталгаажсан судалгаа, тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой гэж онцлов