Туулынхаа дундуур хурдны зам явуулж уух усгүй, амьдрах амьдралгүй болгох шаардлага байхгүй
“Инженерийн өнцөг” буландаа ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Насанбаярыг урьж Туул гол дээгүүр хурдны зам баривал хүмүүст, байгаль орчинд ямар эрсдэл, сөрөг нөлөө учирч болох тухай дэлгэрэнгүй ярилцлаа. Тэрбээр усны барилга байгууламжийн инженер мэргэжилтэй. Герман улсын Карлсруэгийн технологийн дээд сургуульд судлаачаар ажилласан. “Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа (Туул гол-Хужирбулангийн хэсгийн жишээн дээр)” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Туул голын усны урсгоцын судалгааг нарийн түвшинд хийсэн, говийг усжуулах “О3 буюу Орхон, Онги, Оюутолгой” төслийн автор эрдэмтэн судлаач юм. Түүний хэвлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллүүдийг олон улсын судлаачид уншиж, бүтээлдээ эшилж байдаг ажээ. Өчигдрөөс Туул гол шургаж тасарсан байна гэдэг мэдээлэл олон нийтэд хүрч байна. Тэгвэл яагаад Туул гол тасардаг, яавал устай байх боломжийг эрдэмтэд судалж тооцоолсон тухай зэрэг мэдээллийг ч мөн энэхүү ярилцлагаа хүлээн авч уншаарай.
ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Насанбаяр
ТУУЛ ГОЛЫН 30 МЕТРИЙН ГҮНД НИЙСЛЭЛЧҮҮДИЙН УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ХУДГУУД БАЙДАГ. ГЭТЭЛ ЭНД НЬ БЕТОНОН БАГАНА БАЙРЛУУЛЧИХААР УСНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААГААД ХАЯЧИХНА
-Та сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу?
-Сайн байна уу?
-Заа шууд яриагаа эхэлье. Туулын голын дунд бетонон багана суулгаад, гол дээгүүр хурдны зам баривал голын усанд, урсгалд, эргэн тойронд, нийслэлийн оршин суугчдад ямар нөлөөлөх үзүүлэх юм бэ гэдэгт та судлаачийн хувиар хариулж өгөөч?
-Улаанбаатар хотод хурдны замтай болохыг бол дэмждэг. Харин Туулын хурдны замыг бол дэмжихгүй байгаа. Яагаад гэвэл Монгол Улс цаг уурын хувьд их эмзэг ган, зудтай жилүүд эсвэл ус ихтэй үертэй жилүүдийн цикл болдог орон. Ийм эмзэг нөхцөлд Туул гол дээр хурдны зам барих юм бол голоос ууршиж байгаа ууршилт, газрын доорх усаа тэжээж байгаа тэжээгдэл гээд энэ бүх зүйлд сөрөг нөлөө үзүүлнэ. Ерөөсөө байгалийн зохилдолгоог нь алдагдуулж байгаа байхгүй юу. Туул голын газрын доорх ус, гадаргуугийн ус хоёр чинь хоорондоо харилцан хамааралтай буюу аль алинаа тэжээж байдаг гэсэн үг. Гэтэл тэр дунд 30 метр хүртэл өрөмдөөд тулгуур баганууд тавина гээд байгаа шүү дээ. Тулгуур баганууд тавихаар тэр хооронд чинь юу болох вэ. Нөгөө нааш цаашаа шилжилт хөдөлгөөн хийдэг газрын доорх усны урсгалыг нь байхгүй болгоно. Дээрээс нь манай ус хангамжийн бүх худаг яг 30 метр хүртэлх гүнд байдаг, 25, 27, 30 гээд л. Хамгийн дээд талынх нь 30 метрт. Ганцхан манай хот биш ер нь дэлхий даяараа ийм. Энд жишээ ярья л даа. Хужирбулангийн хэсгээс авхуулаад Сонгино хүртэл Улаанбаатар хотын газрын доорх ус хангамжийг 1956-1989 он хүртэл оросууд судлаад ямар хэмжээний ус хуримтлагдаж болохыг, хаанаас ус авч болохыг судлаад тогтоосон. Голын 30 метрийн гүнд хайрга дайргатай буюу хамгийн их ус агуулдаг үе байдаг байхгүй юу. Тэгэхээр хэсэг зайнд болон ийм гүнд нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийн худгууд бүгд байрлаж байгаа юм. Гэтэл энд нь бетонон багана байрлуулчихаар ерөөсөө ус нааш цаашаа хөдөлдөг тэр хөдөлгөөнийг хаагаад хаячихна. Багана тавихын тулд шавар хийж байж өрөмдлөг хийнэ. Энэ нь хөдөлгөөний бүх хэсэгт саад болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын улиралд газрын гүний ус гадаргуугийн усаа, гадаргуугийн ус зун, намартаа гүний усаа тэжээдэг хөдөлгөөн, тэжээгдэл байхгүй болно. Туул гол хавартаа татраад байхгүй болчихдог. Дөрөвдүгээр сарын 20-доос авхуулаад л цас, мөс нь хайлаад дуусчихаар усгүй болчихдог байхгүй юу. Дээрээс ирж байгаа Гачууртын хэсэгтээ устай байгаад уруудаад явахаараа усгүй болчихдог. Яагаад гэхээр, тэр дээд талын хэсэгт чинь ус хангамжийн худгууд байгаа байхгүй юу. Нөгөө ирж буй усыг нь шууд аваад ундны усанд хэрэглэчихээр гадаргуугийн ус нь буцаагаад гүний усаа тэжээх гээд яваад оччихдог гэсэн үг. Тэгээд л доод хэсэг рүүгээ усгүй болоод татарчихдаг. /2012 онд Туул голын доод талын хэсэгт ямар ч усгүй болсон зураг харуулав. Сур/.
Зургийг судлаачийн бүтээлээс ашиглав.
-Зарим хүн Туул гол бол нийслэлчүүдийн ундны эх үүсвэр биш, голын урсгал тасрахгүй гэх мэтээр ярьж байна л даа. Магадгүй ундаалах гэдэг ойлголтыг шанага, саваа барьж очоод голын уснаас утгаад авч ирэх гэж ойлгож байж болох юм. Та бол нийслэлчүүд ундны усгүй болно гэлээ.
-Зарим хүний хэлж буй Туул гол тасрахгүй гэдэг нь бол үнэн. Яагаад гэвэл Туул голын тэжээгдэл буюу эх дээд хэсэгтээ байгаа. Номин, Нэргүй гэдэг хоёр голоос эх авч урсаад Улаанбаатар хотын дундуур орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэжээгдэл дээрээ байгаа учраас хотын дундуур урсдаг ус бол тасрахгүй. Харин уст давхарга/орд буюу гадаргын усаа оруулж өгдөг буцааж тэжээдэг үйл явц нь байхгүй болж газрын доорх усаа тэжээдэг тэжээгдэл нь алга болсноор бид ундны усгүй болох юм. Яах вэ, эх авч буй тэжээгдэл дээр нь цас, бороо ороод гол гадаргын усаараа урсаад тасрахгүй байх боломжтой. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийн худгууд Гачууртаас эхлээд Буян-Ухаа хүртэл 50 км орчим зайд Туул голын дагуу байрлаж өмнө өгүүлсэнчлэн гадаргын болон газрын гүний усны харилцан тэжээгдлийн зохирлоос үүссэн усыг нийслэлчүүд хэрэглэдэг. Хурдны зам барихын тулд Туул гол дотор бетонон багана суулгавал нийслэлийн усан хангамжийн төвийн бүсийн хэсэг бүхэлдээ усгүй болно гэсэн үг. 97 худагтай, усны эх үүсвэрийг ашиглаж байгаа хамгийн том хэсэг нь шүү дээ. Зөвхөн гүний усанд үзүүлэх нөлөөлөл нь ийм байна. Заа тэгээд өрөмдлөг, шавар хийгээд, бетондоод явчихаар гүний усыг бохирдуулна. Ингээд зүгээр л цэвэр ус нааш, цаашаа урсаж байдаг байсан бол бохирдол орж ирж ундны усны эх үүсвэрийг бохирдуулна.
ТУУЛ ГОЛ БОГД УУЛЫНХАА АРЫН МОДДЫГ ТЭЖЭЭДЭГ
-Туулын шугуйд хэрхэн нөлөөлөх бол?
-Туул гол чинь Богд уулынхаа арын моддыг тэжээдэг байхгүй юу. Богд уул чинь Сибирийн тайгын хамгийн төгсгөлийн хэсэг. Ардаа, урдаа модтой, хушин ойн төгсгөлийн хэсэг нь. Богд уулнаас урагшаа яваад л тал хээрийн бүс гээд модгүй хэсэг болчихдог шүү дээ. Тэгэхээр энд юу болдог вэ гэхээр, Туул голоос орж ирж байгаа агаарын урсгал буцаад уулынхаа арын хэсгийн модыг бүгдийг нь тэжээдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, үүрээр тав, зургаан цагийн үед агаар солигдох үеэр хамгийн хүйтэн хэсгүүдэд хамгийн их чийгтэй урсгал бий болдог. Агаарын чийг нэмэгддэг одоо эднийд нар гараад ирэхээр агаарын чийг багасчихдаг.
Тэр чийгтэй урсгал голоосоо шууд ой руугаа очно, тэгээд буцаагаад Туул голынхоо, Богд уулынхаа арын моддыг тэжээдэг. Өөрөөр хэлбэл, үүр шөнийн заагаар манан босоод уулынхаа ар луу очно. Тэр нь буцаагаад бороо орохгүй байсан үед ч шүүдэр буугаад гол горхины эх үүсвэр болдог. Тэгэхээр энэ тэжээгдлийн хэсгүүд ч байхгүй болно оо л гэсэн үг.
Одоо ч энэ тэжээгдэл хомсдож байгаа. Шалтгаан нь Богд хан уулын амны барилгууд. Хаагаад барилга барьчихсан учраас Туулаас ирдэг тэр чийгтэй урсгал очиж уулын арынхаа моддыг тэжээх боломжгүй болж байна. Ер нь Бага тэнгэрийн амны горхи байхгүй болсныг бид судлахаар төлөвлөж байгаа. Ерөөсөө Богд уулынхаа эргэн тойронд, ам болгоныг дүүргээд барилга бариад байх юм бол цаашдаа ой модгүй болох нөхцөлийг бүрдүүлнэ л гэсэн үг. Зайсангийн ам, Хүүшийн ам, Нүхт, Залаат, Хүрхрээгийн ам гээд бүгд адилхан. Энд байгаа бүх барилга чинь дулаан үйлдвэрлэнэ. Хотын дулааны арал /Urban heat island/ гэж тодорхойлдог. Улаанбаатар хот бол асар их дулаан үйлдвэрлэгч. Хүмүүс, автомашинууд, барилга байшингууд бүгд дулаан ялгаруулна. Барилга байгууламжууд нарны дулааныг шингээгээд буцааж ялгаруулна. Чийгтэй урсгалыг байхгүй болгож бороо орох, мод ургах нөхцөлүүдийг нь үгүй хийдэг. Голын саваас чийгтэй урсгал ороод ирлээ гэхэд нөгөө дулаан урсгалтай чинь хуйлраад өөр тийшээ явах юм уу эсвэл ой мод руугаа хүрэхгүй байгаа юм шүү дээ.
-Үерийн эрсдэл үүснэ гэж байгаа. Энэ тухай та тайлбарлаж өгвөл?
-Туулын хурдны зам хуучин төлөвлөлтөөрөө бол 1966 оны үерийн дараа баригдсан далан дээгүүр явах байсан юм билээ. Гол дотор ямар нэгэн байгууламж хийхгүйгээр гэсэн үг. Гэтэл одоо тэр хэсэгт нь барилгууд баригдсан учир шууд гол дотуураа явах шийдэлтэй болсон юм байна лээ. Ийм байгаа учраас энийгээ яаралтай арга хэмжээ аваач ээ гээд байгаа байхгүй юу, бид. Энэ чинь ерөөсөө голоо устгах чиглэлийн юм яваад байна. Болих ёстой гэхээр мөнгөө түрүүлээд өгчихсөн, авчихсан энэ чиглэлээрээ хийнэ гээд дайраад байна. Ямар нэгэн байдлаар урсаж байгаа усны урсгалд хийдэг энерги унтраах байгууламж гэж байдаг. Ширүүн урсгалтай байх юм бол намуун болгож өгдөг буюу голдирлыг нь эвдэхгүй байхын тулд энергийг нь унтрааж өгдөг гэсэн үг. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр гол дотор хийсэн гүүрний тулгуурууд чинь яг тийм энерги унтраах байгууламжууд болчихдог байхгүй юу. Урсаж байгаа урсгал дээгүүр хөндлөн хаалт тавьчихаар чинь усны түвшин дээшээ өргөгдөөд нэмэгдээд явчихна. Тэнд усны урсгал удааширч хүйтний улиралд халиа дошин үүснэ. Үер орж ирлээ гэхэд голдирлоороо урсаад явах боломжгүй болсон тул гадагш халина шүү дээ.
1966 оны үерийн дараа ус зайлуулах далан байгуулчихсан байсан чинь дотор нь барилга барьчихсан. Улиастай, Дунд, Сэлбэ гол нийлээд урсдаг байсан зохилдлогоог нь байхгүй болгоод Дунд голоо хаагаад хаячихсан учраас хот усанд автаад байгаа юм. Ер нь ийм хэмжээний үер хэмжээний үер болох юм бол Улаанбаатар хот тэр чигээрээ үерт автана. Үер гэдэг чинь урсаад өнгөрөх юм биш шүү дээ, тэр чигээрээ лаг хагшаас шавар аваад ирнэ.
Барилга байгууламжийн зоорийн давхраас эхлээд үерийн ус орсон газруудад дийлдэхгүй юм болно. Бас нэг эрсдэл нь яг нөгөө нийслэлчүүдийн ундны ус авч болох, татаж байгаа хөндий тэр чигээрээ үерийн усанд автах юм. Хүйтний улиралд хот руугаа мөс үүсгэж хөлдөнө. Энгийнээр тайлбарлахад, усны урсгал хэвгийгээ дагаад урсахдаа дулааны энерги байнга ялгаруулж байдаг учраас хөлдөөхгүй яваад байдаг байхгүй юу. Гэтэл тэр урсах замд нь багана тавьчихаар очиж тулаад удаан урсаад ирэхээрээ урсгалын энерги нь багасаад хурдан хөлдөнө гэсэн үг. Тэгэх юм бол бид энийг дийлэхгүй. Яагаад гэвэл Гүнжийн булаг гүүрэн байгууламж доогуур нэг секундэд 3,2 литр урсдаг уснаас үүссэн халиа дошингуудыг дийлэхгүй айлууд автаж амьдрах аргагүй болж, өчнөөн тэрбум төгрөгийг зөвхөн халиа дошин ухаж хаяхад зарцуулж байна. Манай төв энэ чиглэлийн судалгааг байнга хийж байдаг юм. Гэтэл Туул голын урсцын дундаж хурд 23000 тн/сек буюу нэг секундэд 23 мянган тонн ус урсаж байдаг. Өвлийн урсац харьцангуй бага. Гэхдээ л 3-4 тонн ус ороод ирлээ гэхэд бид барахгүй. Барилга байшингийн зоорийн давхар луу орж ирээд хөлдчихнө. Буцаад зундаа хайлахгүй тэр чигээрээ мөсөн хот бий болох аюул бий.
Зургийг судлаачийн бүтээлээс ашиглав.
ДАЛАЙН ЭРГИЙН ХОТТОЙ УЛААНБААТАРЫГАА ЖИШИЖ БОЛОХГҮЙ
-Тэгвэл экосистемийн хувьд манайхтай төстэй оронд, ундны усны эх үүсвэр дээрээ хурдны зам барьсан тохиолдол байдаг уу, дэлхийд?
-Байхгүй ээ. Одоо манайхан л барих гээд мангартаж байна шүү дээ, энэ чинь.
-Далай дээгүүр ч барьсан байна. Гол, мөрөн дээгүүр ч барьж болоод байна гэх хүмүүс байх юм?
-Тэр чинь чийгшлийн хувьд манайхаас хамаагүй илүү газар орон. Манайх чинь үүрээр дээд тал нь 70 хувийн чийгшилтэй орон. Өдөр бол 10-30 хувийн л чийгшилтэй байгаа шүү дээ. Чийгээр дутагдаж байдаг. Дээрээс нь усны хувьд хуурай орон. Хагас хуурай, өндөр уулын бүс гэж явдаг юм шүү дээ. Далайн эргийн хоттой Улаанбаатарыгаа жишиж болохгүй байхгүй юу. Тэнд чинь барилга байгууламжаа барилаа гэхэд байнгын ууршилтай, хур тунадас их орж байдаг газрууд. Ерөнхийдөө, дөрөвдүгээр сарын 10-даар Улаанбаатарт анхны бороо орно, мөн сарын сүүлийн 10 хоногт нийт нутгаар бороо орно, тавдугаар сарын дундуур хамгийн сүүлийн цас орно. Ингээд зургаадугаар сарын 10-ны үед нэг аадар орвол орно. Ийм хуурайшилтын үеүд болчихдог байхгүй юу. Ийм нөхцөлд бид нар яаж устай болох вэ, агаарын чийгийг нэмэгдүүлэх вэ гэдгээ бодохын оронд агаарынхаа чийгийг хэрхэн хуурай болгох вэ, хатуухан хэлэхэд хүн амаа яаж хохироох вэ гэсэн бодлого л яваад байна шүү дээ, энэ чинь. Энэ хуурайшилтын үед нөгөө биднийг тэжээдэг ус илүү ачаалал авдаг гэж ойлгож болно. Үүнээс ч өмнө ундны ус руу дайрч барилга барьсан жишээнүүдийг хэлье. Маршалын гүүрний энд ундны усны эх үүсвэрийн 44, 45 дугаар худгийг актлаад Маршал хотхон барьчихсан. 49, 50 дугаар худгийг актлаад Саруул хотхон гэдгийг барьсан байдаг. Ингээд бид энэ голыг тэжээдэг судлууд буюу ус олдох боломжтой газруудаа сүйтгээд байна. Худаг акталж байгаад барилга барьсны нөлөөгөөр Сэлбэ үерлэнгүүт тэр хавийн байрнууд усанд автаж байна. 2023 оны үерээр Баянмонгол орчим юу боллоо. Зайсангийн гүүрний хажуу талын барилгууд байна. Зоорийн давхар нь үерт автаад бетоны чанар муудсаар байгаад шавар болно. Ийм болсон барилга газар хөдлөлт болбол хамгийн түрүүнд нурна, нэмэр байхгүй. Товчхондоо, ингээд бид Туул руугаа дайраад байх тусам өөрсдийнхөө амьдрах орчин, орон зайг л байхгүй болгоод байгаа юм.
Зургийг судлаачийн бүтээлээс ашиглав.
-Европын болон Азийн зарим орон гол дагуу барьсан хурдны замаа буулгаж тухайн газар нөхөн сэргээлт хийж ногоон орчин бүрдүүлсэн жишээ олон байна.
-Тийм ээ. Яагаад вэ гэхээр, нэгдүгээрт голын гүүрний доор үхмэл орчин бий болгочихдог. Экологи гэдэг чинь амь ахуй гэсэн үг шүү дээ. Хүний амьдарч байгаа, тэр бугын амьдарч байгаа ахуй, загасны амь ахуй тэдний оршин буй орчин нь гэсэн үг. Манайхан чинь экологи гэхээр их ой мод, буга төсөөлөөд байдаг. Тэгэхээр чинь тэр гол дотор амьдарч байгаа амьтад, голын эрэг дагуу ургаж байгаа бургас хүртэл амьтай шүү дээ. Тэдний амь ахуйг нь байхгүй болгоод яах вэ. Хоёрдугаарт, хотын дулааны урсгалыг нэмэгдүүлж тухайн газартаа хур тунадас оруулах нөхцөлийг нь байхгүй болгочихдог байхгүй юу. Тэгэхээр Туулын хурдын замыг барьчих юм бол Богд уулын арын модны агаарын чийг байхгүй болж хуурайшаад шатах нөхцөл бүрдэнэ. Голын хөндийгөөр ургадаг бүх ургамал байхгүй болно. Гол дээр барьчихсан гүүрнүүдийн доод талыг хараарай. Дандаа шороогоороо байгаа биз дээ. Тэр дотор чинь юм ургахгүй, нар үзэхгүй, фотосинтезийн урвал явагдахгүй болохоор амьдрах орчныг үгүй хийчхэж байгаа юм.
-Гол дээгүүрээс өөр газраар хурдны замтай болох боломжийг та юу гэж харж байгаа вэ?
-Ер нь хурдны замыг барих бол тойруулаад явчхаж болно гэж бодож байгаа. Туулынхаа дундуур явуулаад уух усгүй, амьдрах амьдралгүй болгох шаардлагагүй. Заавал Туулынхаа энүүгээр байгуулах байгуулах хэрэг байхгүй. Одоо жишээлбэл, энэ замын төслийн зургаар бол Зайсангийн хажуу талын хэсгүүдээс Мишээл экспо руу дайрч орохын тулд өчнөөн түгжрэл дамжина. Дунд талын хэсгээр нь яваад Яармаг дээр буугаад буцаж орж ирнэ. Эсвэл дунд талын хэсгээр Яармагийн гүүрээр гараад гүүр ортлоо түгжирнэ шүү дээ. Ингээд харахаар түгжрэлийг ерөөсөө бууруулахгүй шийдэл байгаа юм. Ер нь манайхан бродюрын наймаа хийгээд сурчихлаа шүү дээ. Гэтэл тэр Туулын хурдны замд ашиглах 2500 баганыг чинь монголд үйлдвэрлэж чадахгүй. Доошоо 30 метр, дээшээ 10-20 метр баганыг Хятадад л захиалж авчирна. Зүгээр харахад ийм л байна шүү дээ. Ер нь 1960, 1970-1990 он хүртэл Герман, Франц зэрэг оронд бас манайх шиг байдал тохиолдсон байхгүй юу. Машин замаа бариад л байдаг улам түгжрээд байдаг. Тэгээд ямар арга хэмжээ авсан гэхээр татварыг нь нэмсэн, хамгийн бага машин 1500 еврогийн татвартай, зогсоол болгон үнэтэй, торгуулиуд нь үнэтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр хүн болгон машин унахгүйгээр трамвай, метрогоор явах, алхах зэргээр замаа сонгодог болсон байдаг. Зогсоолуудыг, түгжрэлийг багасгадаг хамгийн амар арга бол энэ. Ийм юмнуудыг л хийж өгөх ёстой байхгүй юу.
40 КМ УРТТАЙ, 10 КМ ӨРГӨНТЭЙ, 180 МЕТРИЙН ГҮНТЭЙ САВ ДОТРООС БИД УСАА АВЧ, ТЭЖЭЭГДЭЖ БАЙДАГ. ГЭТЭЛ ЭНИЙГ ЧИНЬ БАЙХГҮЙ БОЛГОХ ГЭЭД БАЙНА
-Туул голын гүнд 30 метр өрөмдөж багана суулгана гэж байгаа шүү дээ. Голын гүний хэмжээ ямар байдаг юм бэ. Хэрэв суулгалаа гэхэд хэр бат, тэсвэртэй байх бол. Тухайлбал, газар хөдлөлтөд?
-Заа. Туул голын гүн нь харилцан адилгүй шүү дээ. Яах вэ дахиад Туулын уст ордын хэсэг дээрээ тайлбарлая. Хайрга, дайргатай ус агуулдаг үе гэсэн үг шүү дээ. Туул голын дундуур нэг том хагарал явдаг юм байна лээ. Сэлбэ голын орж ирж байгаа Оргил рашааны хавьд ирээд хагарал бүр том болдог. Сэлбэ тэр хагарлаараа очиж тэжээгдээд буцаад Оргилын рашаан болдог байхгүй юу. Энэ рашаан чинь Туулаас биш Сэлбээс тэжээгддэг. Энэ хэсгийн гүн нь 150-187 метр байна. Аливаа байгууламжийн баганыг ул чулуулагт нь тулгаж байж суурийнхаа бетоныг тавихгүй бол газар хөдлөлтөд тэсвэргүй. Гэтэл Туул голд 30 метрт буюу хайрга дайргатай үед нь багана суулгана гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ул чулуулагт суугаагүй багана газар хөдлөлт болох юм бол хамгийн түрүүнд нурна гэсэн үг. Тэгээд авч ч болдоггүй хаяж ч болдоггүй нэг юмтай болох гээд байна шүү дээ. Ерөөсөө сүүлд нь буцаагаад нураалаа ч гэсэн анх хийснээсээ их зардал гардаг, засвар үйлчилгээ хийх гэхээр хэцүү, гол дунд барьчихсан учраас бетоныхоо насжилт, арматур гээд бүх юмандаа их нөлөөлдөг. Ийм юмыг чинь ашигласных нь зардал, нөхөн сэргээн засварлалтад зардал их гардаг учраас дэлхийн улсууд татгалзаад больчихсон байхгүй юу.
Яах вэ, 1960, 1970-аад оны үед Европын орнууд, Солонгос улс гээд бүгд ийм юм хийсэн. Ерөөсөө машин техник нь ихдээд, түгжрэл нь болохоо байгаад ирэнгүүт хурдны зам хийгээд голоо дагуулаад явсан. Сүүлд нь болохоо байгаад бүгдээрээ устгасан. Уул нь бидэнд хоцорч хөгжиж байгаагийн давуу тал байдаг. Аливаа зүйлийг хийгээд болохгүй юм байна гэсэн юмыг хаяад, болдог юм руу нь шууд товчлоод очиж байх ёстой шүү дээ. Тэгэхэд чинь заавал өнгөрсөн, бусдын хийгээд бүтэлгүйтсэн юмсыг дуурайж, үүгээр дамжуулан мөнгө төгрөг “иддэг” арга руу нь очих гээд байгаа байхгүй юу. Дахин хэлье, ерөнхийдөө 40 км урттай, 10 км өргөнтэй, 180 метрийн гүнтэй сав дотроос л бид нар усаа авч, тэжээгдэж байдаг байхгүй юу. Гэтэл энэ хэсгийг чинь байхгүй болгох гээд, биднийг усгүй болгох гээд байна гэсэн үг шүү дээ.
-Ямар сонин юм бэ, зохион байгуулалттай ч юм шиг. Туулын хурдны зам төслийн багт ингэж хэлээд өгөх, тооцоолоод гаргах эрдэмтэн, судлаач байхгүй юм байх даа?
-Энийг чинь загвар босгоод, загварынхаа үндсэн дээр тэжээгдэл нь хаанаас ямар байна, тулгуурууд байгуулчих юм бол юу болох вэ гэдгийг бүгдийг нь судалгаа шинжилгээ хийж байх ёстой. Байхгүй, хийгээгүй болоод л юу болох гэж байгааг ч бодохгүй замаа тавина гээд дайраад байх шиг байна.
ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Насанбаяр
-Туул голын ус багасаж гүний усаа тэжээх чадвар буурч байна. Тиймээс үүнийг сэргээх хэрэгтэй гээд шийдлүүдийг судалж шинжилж санал болгосон таны судалгааны ажлуудыг харсан. Гэтэл нөгөө талд төрийн байгууллага, албан тушаалтан эсрэг үйлдэл хийж байх юм?
-Нэлээн судалгаа хийсэн, бид. Газрын доорх усыг нь яаж тэжээж буцаагаад хотоо устай болгох вэ гэсэн судалгаа гэж ойлгож болно. Туул гол тасраад байгаа байгаа нөхцөлд бид нар яах вэ, яаж нэмэлтээр тэжээгдэлтэй болгох вэ гэсэн судалгаа. Тэгээд газрын доорх усны загварчлалыг хийсэн. Тухайлбал, Хужирбулангийн 23 худагтай хэсэгт хоёр жилийн хугацаанд газрын доорх усны хөдөлгөөний нөхцөл байдлыг судалсан. Хавар болоод ус татраад ирэхээр гүний ус бүр доошилдог. Тавдугаар сар болоод ирэхээр Туул голоосоо тэжээгдэл орж ирээд буцаад арай нэмэгддэг. Найм, есдүгээр сард усны түвшин бүр дээшилчихдэг. Зун болохоор газар доорх усаа тэжээгээд өвөл болонгуут гадаргуугийн ус нь буцаагаад газрын доорх усаа тэжээж байдаг. Эдгээр худаг зөвхөн Туул голоос тэжээгдэл авч байгаа шүү дээ. Энэхүү загварынхаа үндсэн дээр бид өвөлдөө мөс хөлдөөж авч хоцроод хавар дөрөв, тавдугаар сард усгүй болчих үеэр нөгөө мөс хайлж газрын доорх усаа тэжээж болох юм байна гээд халиа тошингийн судалгаа хийсэн. 2017 оноос эхлээд Улиастайн халиа тошин үүсдэг газрууд дээр хэмжилт хийгээд, ямархуу байдлаар үүсгэж болж байна, өвөлдөө хэдий хэмжээний хөлдөж байна вэ гэж судалсан. Дээрээс нь ус агаар, усны энергийн солилцооны тооцооллуудыг “матлаб”-аар хийсэн. Туулаас секундэд нэг тонн урсаж байхаар урсцыг аваад мөс хөлдөөгөөд үзэх юм бол хэдий хэмжээтэй хөлдөх вэ гэсэн загварыг гаргаж ирж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл бид мөс үүсгээд байж чадах юм бол голынхоо хөндийд 1,9 сая/м3 усны нөөцийг бүрдүүлж чадаж байгаа байхгүй юу.
ТУУЛЫН УСАН ЦОГЦОЛБОРОО БАРЬЧИХ ЮМ БОЛ 350 САЯ/М3 УСНЫ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЖ ЧАДАХ БӨГӨӨД ТУУЛ ГОЛ ТАСРАХГҮЙ
-Халиа дошин гэснээс, Улаанбаатарт үүсдэг хүндрэлтэй асуудлуудын нэг үерийн хамгаалалтын сувгуудад үүсдэг халиа тошинг шийдэхийн тулд өчнөөн хөрөнгө мөнгө зарлагдаж зөвхөн техникээр ухаад мөсийг нь зөөж хаядгийг шийдэх өөр шийдэл байна гэсэн таны судалгааны ажил байсан. Энэ тухай та товч мэдээлэл өгвөл?
-Миний “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын сувгууд дахь халиа тошин, түүний хор хөнөөл бууруулах арга зам шийдэл” гээд судалгааны өгүүллийг та харсан байна. Энэ талаар манай төв удаан хугацаанд судалгаа хийж байгаа. Хэдэн тэрбум төгрөгийг мөс ухахад л зарцуулж байна. Ухаад ямар ч ашиггүй, хайлаад л дуусчихдаг. Гэтэл энэ чинь усны эх үүсвэр байгаад байна.
Ер нь Улаанбаатар хотын Толгойтын мөсөн халиа тошин үүсгэдэг горхиуд, Чингэлтэй дүүргийн үерийн хамгаалалтын даланд үүсэх мөсөн халиа тошинг усан сан үүсгэн хуримтлуулж ус хангамж, ариутгах татуургын систем, машин угаалгын газруудад ашиглах, зэргээр усны нөөцийг байгалийн баялаг гэж үзэх хэрэгтэй байгаа юм. Мөн усны нөөц баялаг болгон хиймэл нуур, цэвэр усны үйлдвэр барьж байгуулан байгалийн баялаг болгох хэрэгтэй байна. Хагас хуурай, хүйтэн бүс нутагт усыг мөс хэлбэрээр хадгалах нь хуурай гачиг улиралд хайлж уурших замаар эх газрын гидрологийн мөчлөгийг нэмэгдүүлэн хур тунадас нэмэгдүүлэх, гадаргын болон газрын доорх усны нэмэлт тэжээгдэл болдог.
Манай орон хуурай уур амьсгалтай тул агаарын чийг багатай, хуурайшилт ихтэй үед хур тунадас ороогүйгээс ойн гал түймэр их гардаг. Тиймээс байгалийн аргаар мөсөн халиа тошин үүсгэх нь тухайн орчинд чийглэг бичил цаг уурыг бий болгож ойн гал түймрээс сэргийлэх боломжтой болох юм шүү дээ. Улаанбаатар хотын Геодези усны барилга байгууламжийн газар зундаа үерийн ус зайлуулах, лаг хагшаас цэвэрлэх, өвөлдөө мөсөн халиа тошинг урсгах ухах зэрэгт жил бүр 1,8-2 тэрбум хүртэлх төгрөгийг үр ашиггүй ажилд зарцуулсаар одоог хүрснийг ч би мөн өгүүлэлдээ бичсэн байгаа.
-Таны докторын ажил “Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэх судалгаа” сэдэвтэй байсан. Германд бас энэ чиглэлээр судалгаа хийсэн үү?
-Тийм ээ. Газрын доорх усыг зохиомлоор нэмэгдүүлэх өөрөөр хэлбэл ундны усныхаа эх үүсвэрийг хангах л гэсэн үг. 2008 оноос Туул гол усгүй болоод эхлэнгүүт л яавал бид голоо устай болгох вэ гээд тэр чиглэлийн судалгаануудыг хийсэн. Германд болохоор Карлсруэгийн технологийн дээд сургуульд очиж судалгаа хийсэн. Иордан голын эргийн дагуу Иордан, Палестин, Израил, Ливан, Сири улсууд Германтай зургуулаа нийлээд “Смарт” гэдэг төсөд хэрэгжүүлж Иордан голын дагуу газрын доорх усыг зохиомлоор нэмэгдүүлснийг судлаад, тэр хуурай цөл Сөнөсөн тэнгист ийм арга хэмжээ авч болж байгаа юм чинь монголын нөхцөлд хийж болох нь гэдэг загвар гаргаад, судалж байгаад очсон юм. Тэгээд монголынхоо нөхцөлд тохирсон шийдэл олсон нь өмнө хэлсэнчлэн мөсөн халиа догшин үүсгээд мөсний хайлалтаар нь хаврын улиралд усны нөөцөө нэмэгдүүлж Туул голоо тасрахгүй байнгын урсацтай байлгах боломжтой байлгах арга зам юм. Үүнийхээ дагуу өгүүллүүдээ бичсэн байгаа.
-Туул гол дээр усан цахилгаан станц байгуулах боломжийг судалсан юм билээ. Энэ тухай таны бичсэн өгүүлэл олон улсад нэлээн өндөр үнэлэгдэж хэвлэгдсэн байсан. Тэр тухайгаа товчхон яривал?
-Энийг ч бас загвар дээрээ оруулсан. Зөвхөн Хужирбулангийн хэсэгт мөс үүсгэхэд голынхоо хөндийд 1,9 сая/м3 усны нөөцийг бүрдүүлж болно гэсэн шүү дээ. Тэгвэл үүнийг цааш нь илүү олон боломжтой болгоё гэх юм бол усан сан байгуулах байхгүй юу. Ер нь ОХУ 1989 он хүртэл судалгаа хийхдээ ирээдүйд Улаанбаатар хотын хүн ам тэлээд ирэхээр усны хомсдолд орно. Тэгэхээр устай болгохын тулд Улаанбаатарын дээр усан сан барих ёстой гэдэг шийдвэр гаргасан байхгүй юу. Үүнийхээ дагуу Баянзүрх хайрхны арын хэсэгт судалгаа хийхэд доошоо найман метрийн гүн яваад л ул чулуулагтаа оччихдог хамгийн сайн байрлал гарсан. Энэ дээр боомт барьчих юм бол Улаанбаатарыг ундны усаар хангах нь гэсэн. Гэтэл 1980-аад оны сүүлч 1990 онд манай зарим эрдэмтэн эхлээд ан цавын ус хайя, тэгээд 2000 оноос цаашаа усан сангаа барья гээд оросуудыг зогсоочихсон. Ан цавын ус хайж байна гээд, сүүлдээ энэ усан сан нь болохгүй байна төслөө далд хийчихсэн байхгүй юу.
Уг нь Туулын усан цогцолбороо барьчих юм бол 350 сая/м3 усны нөөцийг бүрдүүлж чадаж байгаа юм. Бид ийм хэмжээний цэвэр устай болчихно гэсэн үг. Усан сан барьчихвал Туул гол хэзээ ч тасрахгүй. Байнгын тэжээгдэлтэй урсаад л байна, чийглэг уур амьсгал бий болно. Хотын утааг чинь хүртэл дарна.
Та нар анзаардаг бол 12 дугаар сарын сүүлчээс эхлээд Туул гол мөсөн доогуур шургаж урсахдаа гурван долоо хоног орчим хугацаанд уур манан босгодог байхгүй юу. Уур манан босоод хотын утаатай агаарыг шингээж авангуутаа газарт хялмаа болоод буучихдаг. Ингэхээр чинь хотын агаар цэлмээд салхитай болж хотын утаа арилгадаг байхгүй юу. Бидний хийсэн бас нэг судалгаа байгаа шүү дээ. Хотын агаарын бохирдлыг арилгахад уур манан үүсгэх аргаар нөлөөлөх тухай. Бид Усны барилгын байгууламжийн судалгаа хөгжлийн төвийнхөө шугамаар цааш нь судлаад, халиа дошин, говийг усжуулах зэргээр устай холбоотой судалгааг хийсээр байдаг. Улмаар Богд уулын эргэн тойронд байгуулж болох жижиг усан сангуудын тооцооллыг хийсэн. Харганат, Бумбат, Яргайт, Чулуут, Хүрхрээ, Хүүш, Зайсан, Түргэн гэх амуудад усан сан хийгээд зундаа хүмүүс усанд орж, чөлөөт цагаа өнгөрөөчихдөг, хаврын хуурайшилтын үед усаа хадгалаад байж байдаг, гал түймэр гарсан нөхцөлд эндээс усаа авчихдаг байх боломж байсан. Харамсалтай нь дүүрэн барилга л болж байна. Байгаль руугаа дайрна гэдэг өөрийнхөө амьдрах орчин руугаа л дайрч байгаа хэрэг. Энийгээ ч бид ерөөсөө ойлгохгүй байна.
-Тэгээд манай эрдэмтэд ан цавын усаа олсон юм болов уу?
-Байхгүй. Байхгүй юм чинь юуг нь хайгаад олох вэ дээ.
-Голын голдирлыг өөрчлөх сөрөг үр дагавартай юу?
-Ер нь байгаль өөрийнхөөрөө л жамаараа хөгжиж байх ёстой юм. Наашаа цаашаа өөрчлөөд юу болох нь Дунд голоос харагдана шүү дээ. Голоо салаалаад ашигтай зүйлүүд хийж болно. Гэхдээ ашиггүй болчихдог гэм байдаг. Тэнгэр уулаас гарч байгаа Арал тэнгисийг салаалаад юу болсон билээ. Хөвөн тариална гээд л юу ч байхгүй болсон. Байгаль руугаа харьцахдаа болгоомжтой байж, амь ахуйг нь бодож байхгүй бол болохгүй гэсэн үг. Бид байгалиа ойлгож, байгалийн нэг хэсэг болж буй гэдгээ мэдэж мэдэрч байх ёстой. Байгалиа ойлгодог, зөн совинтой хамгийн сүүлчийн хүмүүс чинь нүүдэлчид шүү дээ. Одоо энэ хурдны зам барина гэхээр шинжлэх ухаан мэдэхгүй хүн хүртэл Туулын сав газрыг өмгөөлөөд байна шүү дээ. Юу гэхээр бид нүүдэлчин ард түмэн учраас зөн совин, байгальтайгаа харьцах харьцаа байна гэсэн үг. Ингэвэл болохгүй шүү гэсэн юм байгаа учраас тэр зөн совин сэрж байгаа байхгүй юу.
ЭРДЭМТЭД МОНГОЛ ОРНОО УСТАЙ БАЙЛГАХААР АЖИЛЛАЖ БАЙХАД ЭСРЭГ ТАЛААР НЬ АЛЬ БОЛОХ УСГҮЙ БОЛГОХ ЧИГЛЭЛИЙН ЮМ ОРЖ ИРЖ БАЙНА
-Говийг усжуулах төслийн тухай танаас дараа асууна аа. Таны судалгааны ажлуудтай ч бас холбогдож байгаа учраас Туулын бургасыг хядаж байгаа болон Сэлбийн бургасыг устгасан тухайд асуумаар байна. Мөн Туул голын бургас бол 1966 оны үерийн дараа ургасан, бургас 3-5 жилийн хугацаанд маш амархан ургадаг мод гэх зэргээр зарим эрдэмтэн, албан тушаалтан ярьж байгаа?
-Манай усны барилга байгууламжийн салбар болохоор бүх чиглэлд л яаж устай болгох вэ гэдгийг судалдаг. Усалгаатай газар тариалангийн чиглэлээр хүртэл бүгдийг нь хийнэ л дээ.
Жишээлбэл, Туулын Хар түнгэ, Туулын хар шугуй гээд Монголын нууц товчоонд гардгийг монгол хүмүүс мэднэ. Тэгэхээр лав 800 гаруй жилийн өмнө байсан байх нь ээ. 1966 оны үерээр ирсэн ч юм биш. Ерөөс бургас гэдэг бол дандаа голоо, чийг дагаж ургадаг мод. Хамгийн их хүчилтөрөгч агуулдаг мод. Тэр хэмжээгээрээ эрүүл мэндэд хамгийн эерэг ургамал.
Яах вэ, чийг ихтэй байдаг учраас бургастай газар ялаа, шумуул их шавдаг. Юу гээч, Дунд голын хэсгээрх бургасыг устгахаас өмнө тэр орчимд агаар хамгийн сайн байдаг байсан. Тэгэхээр тэр нөхөд хоёрын хооронд төслөө явуулах гэж судлаагүй, судалгаагүй юм ярьж болохгүй. Дунд голынхоо бургасыг бүгдийг нь аваад явсан одоо байхгүй л байгаа биз дээ. Ийш тийшээ шилжүүлнэ гэсэн хаашаа ч шилжүүлээгүй. Гэтэл Туулын шугуйд машин ороод л бургасыг нь хядаж байна шүү дээ. Үндэстэй нь сугалж аваачаад таривал ургах боломжтой байдаг байхгүй юу. Гэтэл тийм арга хэмжээ авахыг ч бодохгүй байна шүү дээ. Зүгээр устгахаа л бодоод байна. Гол, мөрөн дотор ой мод бургас байх юм бол үер болдог, тулалт үүсдэг гэдэг бол худлаа шүү дээ. Ер нь үер 1-2 жилдээ 1-2 удаа л болно. Бусад бүх үед нь тэдгээр амьтан ургамал чинь тэр дотроо ургаж, амьдарч байх ёстой. Бид нар хүртэл харж баясаж байх ёстой шүү дээ. Сэлбийн голын үер болонгуут л тулалт үүсгэж гэж байна гээд бургасыг нь ухаад хаячихсан. Эсэргүүцээд бараагүй. Гол гэдэг чинь амьтан ургамалтай, амь ахуйтай, цүнхээлтэй, шаварлаг хөрстэй, харгиа боргиотой энэ бүгдээсээ бүтэж цогц болж байгаа юмыг чинь шууд ухаад л хоёр талд нь багана босгочихоор ерөөсөө л амьгүй суваг болчхож байгаа байхгүй юу. Ингээд л голын амийг тасалчхаж байна гэсэн үг шүү дээ.
-Их л гоё бүтээн байгуулалт болно гэсэн хулдаасан зураг, Сэлбэ голыг хашиж босгосон бетонон хана л байна даа. Энэ яг ном журмынхаа дагуу зөв болсон юм болов уу?
-Нэг төлөвлөлт хийхдээ голын ай сав дотроос хэдий хэмжээний урсгал гарах нь вэ, 100 жилд тохиолдох нэг үерээр хэдий хэмжээтэй ус урсах вэ гэх мэтээр тооцоод гаргачихдаг байхгүй юу. Тэр тооцооны үндсэн дээр бетонон хана гарсан байх. Уг нь эрэг дээр налуутай байгууламж хийгээд, мод ургамал тариад, хүн амьтан явж байх ёстой л доо. Тэгтэл эргэн тойронд барилга шавхчихсан учраас тэрийг хийх бололцоогүй болчхож байгаа юм. Туул, Сэлбэ, Дунд гол руугаа дайраад, хаагаад, боогоод барилгаа барьчихсан. Гол гэдэг чинь татмаа дагаж үерлэдэг, татмаа дагаж халиад дошин гүйдэг. Угтаа бол тэр татмыг нь эвдэхгүй, устгахгүй, тэр дотор байшин барихгүй байхад л бүх зүйл голдирлоороо явчих боломжтой юм. Бетонон хана босгох бол тухайн голыг чинь тэр чигээр нь байхгүй болгочхож байгаа явдал. Эргэн тойронд нь барилга бариад голын амьдрах орон зайг үгүй хийчихсэн, бүх мод ургамлыг нь сүйтгээд хаячихсан. Мэдээж, үер болоод ирэхээр чинь амьдрах, урсах орчингүй болсон гол хальж зам, барилга, байгууламж руу орох нь тодорхой шүү дээ.
Жишээлбэл, 2008 онд л гэхэд Туул голын далан хэвийн, бургас ургамлууд нь ч ургаж л байсан байна /GoogleEarth зураг үзүүлж ярив.сур/. Гэтэл одоо Маршал таун, Ривер гарден, Ханхилсс гээд барьчихсан. Энд ахиад барилга барих гээд ухаад орчихсон байна лээ шүү дээ. Гол амьдрах орчингүй, урсах орон зайгүй болчихсон болохоороо л үерлээд, халиа дошин үүсгээд байгаа юм. Газар доогуураа явж байдаг хэсгүүдийг нь хаачихаар ил гарч ирээд амьдрах орон зайгаа хайгаад байна гэсэн үг шүү. Үнэндээ, бид хэдий чинээ олон барилга, зогсоол барина тэр хэмжээгээрээ их түгжрэл, үер, ган гачигтай тулна.
ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Насанбаяр
-Бид дэлхийн улс орнуудын эсрэг зүгт яваад байгаа юм шиг л санагдаад байгаа. Таны өмнө хэлснээр хөгжлийн араас явж буй давуу талаа ашиглаж чадахгүй байх шиг, зөвхөн байгаль орчин ч биш бүх л салбартаа?
-Одоо дэлхий даяар юу хөгжиж байна гэхээр үерийн усыг ашигтайгаар эргүүлж, ашигладаг төвлөрсөн бус аргаар шийддэг болсон. Бидний энэ бетон хана босгоод байгаа энэ тэр төвлөрсөн аргыг ашиглахаа больж байна. Ковидын дараа 2022 оноос эхлээд таван улсын 11 их сургуулийн хамтарсан Уур амьсгалын өөрчлөлт дэх усны нөөцийн нэгдсэн менежмент гэдэг төсөл хэрэгжиж магистрын хичээлүүдийг орсон. Манай улсаас МУИС, манай сургууль хоёр энэ төсөлд хамрагдсан л даа. Энэ төвлөрсөн бус аргын хичээлийг би орсон юм. Ер нь хөдөө хээр газар орсон борооны 95 хувь нь газар луугаа шингэж, таван хувь нь л урсана. Харин барилга байгууламж бариад явчихаар таван хувь нь шингэж, 95 хувь нь үер болоод явчихдаг. Барилга байгууламж барих тусмаа л үерт өртөх эрсдэл бий болно.
Дэлхийн том хотуудын дулаан үйлдвэрлэл цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж бороо жигд орж чадахаа больсон. Энд тэнд очиж аадар ороод л хэдий чинээ үерээс хамгаалах сайн сувагтай боловч ямар ч нэмэр болоод байна. Солонгос улс бүх үерийн системээ сайжруулаад дараа жил нь ахиж аадар бороо ороод л үерийн улмаас хүн эндээд байна. Хятадад саяхан юу болов. Ингээд дийлдэхээ больчихсоныг төвлөрсөн бус аргаар шийддэг болчихлоо. Яаж байна гэхээр, барилга, байгууламжууд болгон ногоон дээвэр хийж борооны усыг шингээх эсвэл цуглуулах, талбай, зогсоолууд ус шингээж авдаг байгууламжуудтай байх шийдэл рүү орчихсон. Бороо орлоо шингээж, цуглуулж авдаг болсон. Урсгаж зайлуулахаа больчихсон. Ногоон байгууламжаа сайн хийж, ус шингээдэггүй цемент зэргээс аль болох татгалзаж байна. “Спонж сити” /Sponge city/ гэдэг тодорхойлолт гарчихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл үерийн хамгаалалтын юмнуудаа багасгаад ерөөсөө л орж ирж байгаа бороог бүгдийг нь шингээж авах юм. Ийм болж байхад манайд үерээс хамгаалах байгууламж барьдаг нь буруу. Тухайлбал, Сэлбэ голд гэхэд далан хэлбэртэй хийгээд, яг байгалиар нь байлгаж мод тарьж, ургуулаад харин Сэлбэ рүү зогсоолоос, дээврээс орж ирж байгаа бүх усыг цуглуулаад авах ёстой. 2023 онд болсон Сэлбийн үер чинь хоёр хоногийн 13 см борооноос л үүссэн шүү дээ. Гэтэл энэ усыг цуглуулж, хуримтлуулаад аваад байх юм бол үер болохгүй. Сэлбэ голыг тэгж заваан болгож янзлахгүй гэсэн үг.
БИД ГАДАРГЫНХАА УСЫГ АВААЧААД ОЮУТОЛГОЙД 2500 ТӨГРӨГӨӨР ЗАРААД БАЙХ БОЛОМЖ БИЙ
-Тантай уулзсан учраас Говийг усжуулах төсөл буюу Орхон голоос Онги гол руу ус татаж Улаан нуурыг байнгын устай байлгаад түүнээсээ Оюутолгой руу гадаргын ус нийлүүлнэ гэсэн эрдэм шинжилгээний ажлын тухай асуухгүй өнгөрч боломгүй байна.
-2014 оноос эхлээд бид Онгийн голын дагуу судалгаа хийсэн. Монгол орны нөхцөлд говийн бүс рүү хамгийн ойрхон очдог ус бол Онгийн гол. Тэгээд Онгийн голоосоо ус татаад явах юм бол Оюутолгой, Тавантолгойд 320 км яваад устай оччихно. Бас нэг юм байгаа нь Улаан нуур ерөнхийдөө ширгэчихсэн учраас Рамсарын конвенц (Ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц)-д ороогүй. Уул нь социализмын үед 15 метр хүртэл гүнтэй, ногоон тэжээл бэлтгэдэг, хулс зэгс авдаг том нуур байсан. Тиймээс бид Улаан нуурыг хамгаалан сэргээх төсөл гэж хийсэн. Өөрөөр хэлбэл, Орхон голоос ус татаад Онгийн гол руу нийлүүлээд, Улаан нуурыг сэргээх төсөл гээд. Одоо тэгээд тэр төсөл явж байгаа шүү дээ.
Бид энэ төвөө байгуулчхаад “О3” гэдэг төсөл хийсэн. Орхон, Онги, Оюутолгой гэсэн үг л дээ. Оюутолгой дээр бөөн алдагдал хүлээгээд байгаа тухай яриад байна шүү дээ. Оюутолгой чинь 1м.куб буюу нэг тонн усыг 2500 төгрөгөөр олборлодог. Харин бид 2500 төгрөгөөр гадаргынхаа усыг аваачаад зараад байж болох байхгүй юу. Энэ бол аль аль талдаа ашигтай.
Хужиртаас авхуулаад усан сан бариад, тэндээсээ 60 км зайд Цагаан бургаст, цаашаа Зүүнбаян-Улаанд усан сан хийгээд тэндээсээ ус татаад явна гэдэг төслийн анхны зохиогч нь бид нар байхгүй юу. Тэгтэл 2019 онд тендер зарлаад шууд 170 км голдирлоор нь урсгана гэсэн юмыг чинь хоолой энэ тэр тавина гээд л баахан өндөр зарлагатай гаргачихсан. Тэгээд бид тэр чинь хэрэггүй ээ гээд саяхан ажлын даалгаврыг нь боловсруулаад бас нэмж хийж өгсөн шүү дээ. Харин Хужиртын Майхан уулын тэнд хагаралтай бас хилийн усны хэлэлцээрээр оросууд Орхон гол дээр юм барихыг зөвшөөрдөггүй гэх хоёр шалтгаанаар Орхон гол, Цагаан гол хоёрын дунд худгууд байгуулаад тэндээсээ Дөтийн давааны Өвтийн гол руу ордог хэсгээр усаа татахаар болсон.
Туул голын Хустайн нурууны Өндөрширээт рүү эргэдэг хэсгээс Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байх Улаан нуур хүртэл 26 тойром байна. Жилийн найм, есдүгээр сарын борооноор тэжээгдээд өдийд буцаж ууршаад тав, зургаадугаар сар гэхэд усгүй болчихдог тойрмууд. Нөөлөг салхи үүсдэг голомт чинь энэ Улаан нуурын сав. Тэгээд Туул голоос ус татаж энэ хэсгүүдийг бүгдийг нь устай, мөстэй, ууршилтай болгох, Улаан нуурын сав хөндий газарт услалтын систем барих, энэ замд байгаа 26 нуурыг устай мөстэй болгох чиглэлийн судалгааг хийж байгаа гэсэн үг. Улаан нуур луу явдаг гэдэг нь бас учиртай. Ийшээ явахаар чинь цаашаа Оюутолгой, Тавантолгой толгой руу ус аваачиж өгөх хамгийн боломжтой зам байхгүй юу. Одоо энэ чинь гүнийхээ усыг л ашиглаад байгаа шүү дээ. Тэгээд л ашиглаад хэрэглээд л дуусчихна.
Ерөнхийдөө монгол орныг устай болгох чиглэлээр л юм хийгээд байгаа юм. Тэгтэл эсрэг талаар нь Туулын хурдны зам гээд аль болохоор л усгүй болгох чиглэлийн юмнууд орж ирж байна шүү дээ. Тэгэхээр бид нарыг бас сонсох хэрэгтэй байхгүй юу. Бид ямар судалгаа, юу хийгээд явж байгааг сонсох хэрэгтэй.
Бас Онгийн голоос ус татаж байгаа болохоор Улаан нуруу сэргэнэ. Дээрээс нь ахиад бид цааш нь аваачаад Оюутолгойн ил уурхайн том цөмөрхий нүхэнд нуур байгуулах тооцооллыг хийсэн. Таван метр нь ууршина гэхэд 670 метр нь тухайн газар орондоо чийг авчирч, бороо татаж, оруулж байдаг эх үүсвэртэй болгоод хоцрох байхгүй юу.
-Оюутолгой гэж ярьсан болохоор асууя гэж бодлоо. Тэд гүний усны нөөцийг барж байгаа, үгүй ээ бид хүн, мал хэрэглэхийн аргагүй ус ашигладаг гээд л эсрэгцдэг шүү дээ?
-Яах вэ, говийн усны эрдэсжилт нь дөрвөн мянга гараад явчихдаг байхгүй юу. Ер нь 200-270 метр хүртэл өрөмдөж байж усаа гаргаж авдаг. Оюутолгой, Тавантолгой дээр 14 хоноод л ээлж солиод яваад байдгийн учир нь усгүйгээс шүү дээ. Усгүй учраас бүтээн байгуулалт хийж болохгүй байна. Жишээлбэл, Эрдэнэт хот гэхэд чинь 60 км-ийн холоос Сэлэнгэ мөрний хөвөөнөөс усаа татдаг шүү дээ. Үйлдвэрийнхээ ус хангамжийг хийгээд Эрдэнэтээ хангаж байгаа учраас тэнд чинь хот босож, устай байгаа учраас бүгдийг нь хийгээд болгочхож байгаа байхгүй юу. Гэтэл Оюутолгой тийм боломжгүй байна. Гүний хоолойгоос ус авна гэхээр чинь нөгөө нөхөн сэргээгддэггүй усыг л аваад ашиглаад байгаа байхгүй юу. Байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялгаа өгөөд дуусгачихна. Бас нөхөн сэргээгдэж болдог усаа ч тэр чигээр нь өгөөд дуусгачхаж байгаа байхгүй юу. Тэгэхээр үүнийг гадаргуугийн усаар хангачих юм бол голын ус жил болгон сэргээгдэж байдаг байхгүй юу. Гадаргуугийн түргэн сэргээгдэх ус авдаг болбол бидэн илүү ашигтай.
-Та бүхэн судлаад л байна. Судалгааг бодит ажил болгох, практикт ашиглах, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх зэрэгт төрийн оролцоо дэмжлэг байдаг юм болов уу?
-Бид нар судалгаагаа хийгээд л байна. Улсаас ямар ч дэмжлэг авахгүй байгаа. Хэрэгцээтэй бүхий л тоног төхөөрөмжөө өөрсдөө л авч ашигладаг. Төвийнхөө шугамаар л хийдэг гэсэн үг. Цаашдаа ажил болоод л явах ёстой байхгүй юу. За яах вэ, Орхон говь, Хэрлэн говь гэдэг төслийг 1986 онд Унгарууд анх гаргаж ирж хийсэн. Тэрнээс хойш 40 жил болж байна. Баригдаж хийгдэхгүй хоёр хөрш зөвшөөрөхгүй байсаар. Бидний энэ “О3” гэдэг төсөл 2014 онд зохиогчийн эрхийг нь аваад 12 жилийн дараа л ажил болоод явж байна гэсэн үг шүү дээ. Ер нь яам, тамгын газрууд бодлогоо гаргаад явах учиртай юм. Бид түрүүлээд судалгаагаа хийнэ, судалгаанд зориулж дэмжлэг хөрөнгө мөнгө өгдөггүй. Судалгааны үндсэн дээр дараа дараагийн хөгжлийн шийдлүүд бодлого гарч явах ёстой байхгүй юу даа.
УСНЫ БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХАД ХАМГИЙН ГОЛЛОХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ ХҮМҮҮС
-Инженерүүдтэй уулзахаараа асуудаг юм. Манай инженерүүд, судлаачид сайн хөгжиж мэдлэгжсэн байна. Сайн ч судалгааны ажлууд хийдэг болж. Харин шийдвэр гаргах түвшинд та бүхнийг хэр сонсож, хүлээж авдаг вэ?
-Нам, улс төрийн шугамаар тавигдаж байгаа учраас нэмэр багатай л даа. Манайд хамтын хариуцлагын систем гэдэг зүйл байхгүй учраас алдаа зөрчил дутагдал их, ажлаа ойлгохгүйгээр бушуухан мөнгө төгрөг “идэж, уух” сонирхолтой улсууд олон байх шиг байна.
-Та их сургуульдаа багшилж байна. Танай мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутнуудын тоо, түвшин ер нь ямархуу байна вэ?
-Манайд харьцангуй цөөн оюутан элсэж байгаа юм. Таныг ирэхийн өмнөхөн би найман оюутанд хичээл заачхаад сууж байна. Анх 38 оюутан орж байсан юм, уг нь. Цэрэгт явсан, өөр анги руу шилжсэн, чөлөө авсан гээд янз бүрийн шалтгаан байна. Дээрээс нь манай оюутнуудыг чинь гуравдугаар курсийн зунаас эхлээд л компаниуд ажилд авчихдаг. Хотын үерээс хамгаалах байгууламж, ус хангамжийн бүх системүүд, хөв цөөрөм, усан сан, усан цахилгаан станц, усалгаатай газар тариалан гээд бүр салбарт ажиллах боломжтой байдаг юм, манайхыг төгсөгч, суралцагчид. Би усан цахилаан станцын инженер мэргэжилтэй учраас гол төлөв тэр чиглэл рүүгээ оюутнуудаа удирдаж диплом бичүүлдэг. Мэргэжлийн хувьд устай холбоотой ажилладаг жаахан хүнд л дээ.
Ер нь усны барилгын инженерүүд чинь атомын цахилгаан станцыг барихад хамгийн голлох үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Жирийн барилгын инженерүүд хийдэггүй. Яагаад гэхээр манайх хөдөлгөөнтэй буюу устай холбоотой хэлбэлзэлтэй ачааллын тооцооллуудыг хийдэг байхгүй юу. Тиймээс харьцангуй хүндрэлтэй, цөөхөн ч хүн төгсдөг.
Амжилттай төгсөөд гадаад улсад суралцаж эрдмийн зэрэг цол хамгаалаад одоо сургуульдаа ирээд ажиллаж байгаа шавь нар ч байна. Манай оюутнуудын хийсэн судалгааны ажил огт давтагддаггүй, дандаа шинэ зүйлийг олж, нээж шийдэл гаргалгааг олж судалдаг онцлогтой.
ШУТИС-ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Насанбаяр
-Дахиад л Туулынхаа тухай асуугаад ярилцлагаа өндөрлүүлье. Саяхан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Туулын хурдны зам төслийг хууль нийцүүлтэл түр зогсоох шийдвэр гарсныг зарласан. Гэтэл үргэлжилсээр байгааг “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөнийхөн мэдээлж байна. Ингээд байж байтал хууль тогтоомжид нийцүүлчихлээ гээд гарвал яах вэ? Ундны усгүй болсон ч бариулах юм уу?
-Заа дахиад л хэлье. Улаанбаатар тойрог хурдны зам гэж барих бол барьж болно. Богд уулаа тойруулаад урд талаар ч юм уу, тийм үү. Харин Туул гол дээгүүр хурдны зам баригдах юм бол Туулыг дагасан хотын хэсэг тэр чигээрээ амьдралгүй л болно гэсэн үг. Богд уулын арын мод байхгүй болно. Хуурай улирлуудад шатах, түймэр гарах нөхцөл бүрдэнэ. Уул нь бид байгаль руугаа бага л дайрах юм бол бидэнд илүү ашигтай. Одоо ярьж буй Туулын хурдны зам бол ямар ч хэрэггүй, хэрэгжихгүй байх учиртай, асар их хохирол дагуулах төсөл. Үер, халиа дошин, гал түймрийн аюул, үүнийг дагаад тэр орчмын үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжууд үнэгүйднэ. Гол, горхи ширгэнэ. Хотын дулаанаас гадна том замаас гарч ирдэг дулаан нэмэгдэнэ. Амьдрал ерөнхийдөө сүйрнэ. Хурдны замтай болох гэхээсээ илүү бид өөрсдийнхөө амьдрах орчныг л байхгүй болгоно гэсэн үг.
Гэтэл энийг чинь мянга хэлээд нэмэр алга шүү дээ. Бид нарт хэрэггүй ээ, ашиггүй ээ гээд байхад л ийм юм болж байна. Манайхан чинь их сонин шүү дээ. Агаарын бохирдлыг чинь байхгүй болгоод өгье өө гэхээр хөдөлдөггүй. Утаагаар, нүүрсээр, угаар мэдрэгчээр энэ хүмүүс юу хийгээд байна вэ?! Өөрөө ч мэдэлгүй урвагч болоод ард түмнээ хорлоод явж байгаа юм биш үү, энэ хүмүүс чинь.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.