Туулын хурдны зам ба тогтвортой хөгжлийн зорилгын зөрчил
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны зам барих “Туулын хурдны зам” төслийг тойрсон үйл явдал, мэдээ, мэдээлэл сүүлийн хоёр долоо хоногийн турш нийгэмд өрнөж байна.
Нийслэлийн төслийн удирдлагын газрын сайтад мэдээлснээр төслийн Техник эдийн засгийн үндэслэл 100 хувь, ажлын зургийн явц 92.90 хувьтай байна. НИТХ-ын 2025 оны дөрөвдүгээр 11-ний өдрийн ээлжит бус III хуралдаанаар "Туул хурдны зам" төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжиж нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг болж өссөн бөгөөд нийслэлийн төсвөөс 538.6 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр батлагдсан. Туулын хурдны зам бол Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, долоон байршилд туннел тус тус барихаар төлөвлөсөн. Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох, гарах хэсэг нь төв замтай холбогдох байдлаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн хөдөлгөөнийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ” гэжээ.
Харин зарим судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн болон нийслэлийн оршин суугчдын төлөөлөл “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх нь байгаль орчинд заналхийлсэн үйлдэл бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг сүйтгэж буй явдал хэмээн үзэж эсэргүүцэн тэмцэж байна. Тэгвэл “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилго, бодлогыг хэрэгжүүлэхээр дэлхий болон хүн төрөлхтний өмнө үүрэг хүлээж нэгдсэн, амлалт өгсөн олон улсын хэлэлцээр, конвенцуудад харшилж буй юм. Тэдгээрээс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхтэй зөрчилдөж байгааг жишээлэн авч үзлээ. Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015-2030 онд ядуурлыг устгах, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээж хүн бүрийн сайн амьдралыг цогцлоох тухай дэлхийн хэмжээний зорилт. Ингэхдээ өнөө үеийн хэрэгцээг хангахын тулд ирээдүй хойчийнхны боломжийг урьдчилан ашиглахгүй байх зарчимтай билээ. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувиар энэхүү зорилгыг үндэсний хөгжлийн баримт бичгүүдтэйгээ уялдуулсан байдаг.

Зорилт 6.3. 2030 он гэхэд дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, хог хаях ажиллагааг халах, аюултай химийн бодис, материалыг гаргах явдлыг хамгийн бага түвшинд хүргэх, цэвэрлэгдээгүй бохир усны хувь хэмжээг хоёр дахин бууруулах, усыг дахин боловсруулж, цэвэршүүлэн хэрэглэх явдлыг нэмэгдүүлэх замаар усны чанарыг сайжруулах
Улаанбаатар хотын ундны усны үндсэн эх үүсвэр нь Туул голын сав газар. “Туулын хурдны зам” төсөл хэрэгжиж, гол дээгүүр хурдны зам баригдвал шатахуун, тос, нарийн ширхэгт тоосонцор, хүнд металл болон элдэв төрлийн бохирдол, химийн бодис, хаягдал үүсэж ус бохирдох эрсдэл эрс нэмэгдэнэ. Бохир цуглуулах байгууламж барина гэж буй ч энэ нь голын усыг бохирдлоос бүрэн хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй юм.
Зорилт 6.6. 2020 он гэхэд устай холбоотой экосистем, түүний дотор уул, ой, намагшсан газар, гол мөрөн, уст давхарга, нуурыг хамгаалах, сэргээх
Одоогийн байдлаар төслийг хэрэгжүүлэхийн тулд “Туул” голын бургасан шугуйг тайрч эхлээд буй. Голын дээгүүр хурдны зам барих үйлдэл нь голын экосистемд урт хугацааны хохирол учруулж голдирол дагаж ургасан модод, зэрлэг амьтад, усанд нь амьдарч буй загас, усны ургамал бичил биетэн зэрэг биологийн олон янз байдлыг сүйрүүлэх эрсдэлтэй. Голын эрэг орчмын хөрс бохирдсоноор гүний усанд нөлөөлнө. Ингэснээр Туул голын сав газрын газар доорх бус буюу гүний усаар тэжээгддэг нийслэлчүүдийн ундны усаа цэвэршүүлж хэрэглэх зардал нэмэгдэх нь тодорхой.

Зорилт 11.3. 2030 он гэхэд бүх улс орнуудад хамтын оролцооны, нэгдсэн, тогтвортой хүн амын суурьшлын төлөвлөлт, менежментийн чадавх, бүх талын оролцоог хангасан, тогтвортой хот байгуулалтыг сайжруулах
Аливаа хотын оршин байх, тогтвортой хөгжих үндэс нь усны найдвартай, аюулгүй, тасралтгүй эх үүсвэр байдаг гэдэг. Орчин үед болон ирээдүйд улс орнууд хотуудаа бүхий л талаар хүнд ээлтэй болгон хөгжүүлж, барьж байгуулж байна. Улаанбаатар шиг дундуур нь гол урсдаг хотуудад гол дагасан орчноо ногоон бүс болгож, амралт, аялал жуулчлалын цэг болгож хөгжүүлсэн байдаг. Харин гол дээгүүр хурдны зам барих нь амьд байгалийн орчныг бетонжсон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасрахгүй, амьгүй зам болгож иргэдийн амьдрах орчны чанарыг эрс муутгаж, хотын үнэлэмжийг бууруулна. Нэгэнт бохирдсон, сүйрсэн байгаль орчныг нөхөн сэргээх нь анх байгуулснаас ч өндөр өртөгтэй гэдгийг судлаачид өгүүлж буй юм.

Зорилт 15.1. 2020 гэхэд олон улсын гэрээний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагад нийцүүлэн хуурай газрын болон далайгаас хол цэнгэг усны экосистем, түүний үйлчилгээ, ялангуяа ой, намагшсан газар, уулархаг болон хуурай газрыг хамгаалах, сэргээх, тэдгээрийг тогтвортой ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх
“Туулын хурдны зам” төслийг далай, тэнгис дээгүүр тавьсан зам, гүүрэн байгууламжтай харьцуулан ойлгож буй нь зарим хүн Туул гол бол цэнгэг усны экосистем гэдгийг ойлговол зүйтэй. Туул голын сав газар Төв, Булган, Өвөрхангай Архангай, Сэлэнгэ аймаг, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлдэг. Энэхүү талбайн 65.5 хувь нь Улаанбаатар хотын эдэлбэр газарт багтдаг бөгөөд голын дунд хэсэг буюу нийслэл орчимд хамгийн их бохирдолтой байдаг байна. Сүүлийн жилүүдэд голын урсац татарч, бохирдлоос үүдэн экосистемийн доройтолд орж буйг усны салбарын мэргэжилтнүүд ярьдаг. Ийм нөхцөл байдалд голын дээгүүр хурдны зам барих нь цэнгэг усны экосистемийг хамгаалах бус улам эмзэгшүүлж, доройтолд хөтөлж буй хэлбэр юм.
Зорилт 15.3. 2020 гэхэд цөлжилттэй тэмцэх, эвдэрч, талхлагдсан газар, хөрс, түүний дотор цөлжилт, ган, үерийн улмаас доройтсон газрыг сэргээх, газрын доройтлыг саармагжуулсан ертөнцийг бий болгохыг эрмэлзэх
Ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал буюу СОР17 болно. Дэлхий дахинд тулгамдаж буй цөлжилт, газрын доройтол, ган гачгийн шалтгаан, үр дүнтэй тэмцэх, дасан зохицож, амжилттай даван туулах тухай олон улсын төлөөлөгчид хэлэлцэнэ. Дэлхийн хэмжээний сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө, 2030 он гэхэд 1.4 тэрбум га газрыг сэргээж, хүнсний, усны аюулгүй байдлыг хангах зорилгодоо хүрэх тухай ярилцана. Монгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн, үүнээс улбаалан жижиг гол, горхи, булаг шанд ширгэж алга болсон, томоохон голуудын урсац татрах, тасалдах үзэгдэл гарсаар буй билээ. Харин СОР17 зохион байгуулагч орон нь 888 км урт урсаж, хэдэн зуун мянган хүн, амьтан, амьд биетийг ундаалагч, цэнгэг усны экосистемийн дээгүүр хурдны зам барьж хотын түгжрэл бууруулах тухай хоцрогдсон шийдэл гаргаж байна.
Зорилт 15.5. Биологийн төрөл зүйлийн амьдардаг газар орны доройтлыг бууруулах, биологийн олон янз байдал алдагдаж буй байдлыг зогсоох, 2020 он гэхэд устах аюулд өртсөн төрөл зүйлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар яаралтай, дорвитой арга хэмжээ авах
Голын татам дагуух бургасан ой, ус дагасан зэрлэг амьтдын амьдрал, цэнгэг усан доторх амьтан, ургамал зэрэг Туул голд бүрэлдсэн биологийн олон янз байдал сэргэхгүйгээр сүйтгэгдэх эрсдэлтэй.

Зорилт 16.7. Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох
Зорилт 16.10. Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалах
“Туулын хурдны зам” төсөл нь нийслэлийн оршин суугчдын дэмжлэгийг бүрэн авч чадахгүй байгаа бөгөөд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Мөн энэхүү төсөл нь Монгол Улсын хуулиуд, олон улсын конвенц, гэрээ, хэлэлцээрт нийцэж буй эсэхэд тайлбар өгөх албан тушаалтан алга. Мөн иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагуудыг хангалттай, баримттай, үндэслэлтэй мэдээллээр хангаж чадахгүй байгаа нь өнгөрсөн өдрүүдэд нийгэмд өрнөж хэлэлцүүлгээс харагдаж буй юм.

Зорилт 17.14. Тогтвортой хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах
Монгол Улсын дотоод бодлого, шийдвэр олон улсын өмнө өгсөн амлалт, хүлээсэн үүргээс зөрж буйг энэ удаа зөвхөн Тогтвортой хөгжлийн зорилгуудад үндэслэн тайлбарлаж байна. Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газар, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаа зорилго уялдаж чадахгүй бодлогын зөрчилтэй байгааг энэхүү төслийн жишээнээс харж болно.
Эцэст нь дүгнэвэл, техник технологи асар хурдацтай хөгжиж буй боловч хүн төрөлхтний хүсэл зориг байгальд ойртох, амар амгалан амьдралыг эрэлхийлсэн энэ цагт Туул гол дээгүүр хурдны зам баривал дэлхийн ус, байгаль, уур амьсгалд, монголын нийслэл, засаглал, нэр хүндэд сөрөг нөлөө авч ирэх нь. Энэ бүгдийн ард хүмүүс, монголчууд бий. Энэхүү төслөөс учирч болзошгүй нөлөөллийг зөвхөн Тогтвортой хөгжлийн зорилготой харьцуулан үзэхэд ийм байна.