Туул гол дээгүүр хурдны зам барингаа СОР17-г зохион байгуулах нь “greenwashing”-ын хэрэг
Туул гол дээгүүр хурдны зам барингаа СОР17-г зохион байгуулах нь “greenwashing”-ын хэрэг

Хиймэл оюун ашиглан бүтээв.

Монгол Улс ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал буюу СОР17-г зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй. Дэлхийн 196 улс болон Европын холбоог эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц /UNCCD/-ын 17 дугаар бага хурлын зохион байгуулагчаар Монгол Улс сонгогдсон шалтгааны нэг бол газар нутгийн онцлогоос шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газрын доройтол, цөлжилтөд өртөж хамгийн ихээр өртөж буй гэдэг тодорхойлолт. Дэлхийн хуурай газрын 40 гаруй хувь цөлжилтөд өртсөн, Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь газрын доройтол, цөлжилтөд нэрвэгдсэн гэж хамгийн сүүлийн үеийн судалгаа нотолж, мэргэжилтнүүд хэлж ярьж, анхааруулж байна.

Цөлжилт, газрын доройтол дэлхийн олон орны эдийн засаг, нийгэм, байгаль орчны томоохон асуудал болоод байгаа энэ цагт энэхүү шалтгааны дээр эв найрамдал, энх тайвныг эрхэмлэгч гэдэг дүр төрхөөрөө олон улсад давгүй үнэлэгддэг Монгол Улс СОР17 хурлыг зохион байгуулж дэлхий нийт хамтын хүчээр цөлжилт, газрын доройтолтой тэмцэх шаардлагатайг харуулах, уриалах зөв сонголт, “хүчтэй” индэр болж байгаа юм. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц бол АНУ гишүүнчлэлээсээ татгалзаагүй байгаа ганц конвенц.

Дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжил, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах гол эрх зүйн бичиг баримт болдог НҮБ-ын гурван үндсэн суурь конвенцын уялдааг нэгээс нь салгаж ойлгох боломжгүй бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн болон Биологийн олон янз байдлын тухай конвенцын суурь нь Цөлжилттэй тэмцэх тухай конвенц байдаг. Өөрөөр хэлбэл энэ конвенц нь дэлхийн газрын төлөөх дуу хоолой. Газрын доройтлоос зайлсхийх, бууруулах, нөхөн сэргээх замаар хүний амьдралд зайлшгүй шаардлагатай газраас хамааралтай нөөцийн тогтвортой байдлыг хангахын төлөө ажилладаг.

Газрын доройтол, цөлжилт нь ус, агаар, хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал цаашлаад иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж ядуурал, уур амьсгалын хямралыг илүү түргэсгэж байна. Гэвч Монгол Улсад газрын, усны, агаарын эсрэг ямар хор хөнөөлтэй болохыг бүрэн баталж чадаагүй, мэргэжлийн байгууллагуудаас албан ёсны зөвшөөрөл аваагүй нэгэн төсөл эхлээд буй нь “Туулын хурдны зам”. Хойд мөсөн далайн ай савд багтдаг цэнгэг усны экосистем, Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр Туул голын дотор олон зуун бетонон багана барьж, дээгүүр нь хурдны зам тавих төслийн улмаас байгальд учрах сөрөг асуудал болон засаж эерэгшүүлэх аргаа тодорхойлоогүй байгаа юм. Энэ ч учраас иргэдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарч, “Save Tuul” Туул голоо хамгаалъя хөдөлгөөнийг нийслэлчүүдийн төлөөлөл эхлүүлээд байна.

“Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилго, бодлогыг хэрэгжүүлэхээр дэлхий болон хүн төрөлхтний өмнө үүрэг хүлээж нэгдсэн, амлалт өгсөн олон улсын хэлэлцээр, конвенцуудад харшилж буй юм. Монгол Улсын хийж буй энэхүү үйлдэл Талуудын бага хурал /СОР17/-ыг нь зохион байгуулж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцынхоо үзэл санаа, зарчимтай хэрхэн зөрчилдөж буй тухай тайлбарлая.

Энэхүү конвенц нь Газрын доройтлыг тэглэх (LDN) санаачилгын гол хөшүүрэг. Улмаар 2018-2030 онд доройтсон өргөн уудам газрыг сэргээх, 1.3 тэрбум гаруй хүний амьжиргааг дээшлүүлэх, эмзэг бүлгийн хүн амд гангийн нөлөөг бууруулах зэрэгт зорин ажилладаг. 

Гэтэл уур газар нутгийн онцлогоос хамааран амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй бүс нутгуудыг дайран 700 км гаруй урсаж хүн, амьтныг ундаалахаас гадна асар өргөн нутгийг хамарсан экосистемийг бүтээж буй Туул гол дээгүүр хурдны зам барих нь Цөлжилттэй тэмцэх конвенцын гол үзэл санааны эсрэг хийж буй үйлдэл гэж хэлж болох юм.

Хурдын зам дагасан бохирдол, тос, шатахуунаас эхлээд хүнд металлууд хөрс, усанд хуримтлагдана. Хөрсний органик нүүрстөрөгч устаж үржил шим, ус хадгалах буюу барих чадваргүй болно. Ингэснээр хуурайшилт нэмэгдэж, ургамлууд устаж газрын доройтол цаашлаад цөлжилтийн үндэс эхэлнэ. Бэлчээрийн ургамлууд бол цөлжилтийн эсрэг тэмцэгчид.    

Ус болон газрын холбоо хамаарлыг хамтад нь хамгаалахыг Цөлжилттэй тэмцэх конвенц шаарддаг. Туул голын сав газрын экосистем тун эмзэг бөгөөд хотын төвлөрсөн суурин газрын хаягдал ус, үйлдвэрийн нөлөөгөөр ус бохирдсон, газрын доорх усны хэт их ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн голын урсац тасрах, ширгэх үзэгдэл нэмэгдсэн гэдгийг судлаачид тогтоогоод байна. Мөн хүний буруутай үйл ажиллагаа, хот төлөвлөлтийн буруу бодлогоос болж эргийн орчны экосистем эвдэрсэн. Голын сав дагуух ногоон бүс, амьтдын амьдрах орчин доройтсоноос биологийн төрөл зүйл ховордож байгааг ч ажиглажээ. Ийм нөхцөл байдалтай буй гол дээгүүр хурдны зам барих нь Туул голын сав газрын экосистемийг бүхэлд нь аюулд оруулж буй явдал бөгөөд ус болон газрыг хамгаалахын эсрэг хийж байгаа үйлдэл юм.        

Монгол Улс цөлжилт, газрын доройтлын эсрэг дэлхийн хэмжээний хурлыг зохион байгуулахдаа Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэх гурван санаачилга дэвшүүлэхээ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ын үеэр зарласан. Эдгээр санаачилгаар газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлж, байгаль орчны төслүүдэд хөрөнгө татах зорилго өвөрлөж байгаа.

Гэтэл Туулын хурдны зам төсөл нь СОР17 бага хурал зохион байгуулж, олон улсын түвшинд байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх манлайлал үзүүлэхээр зэхэж, байгаль орчны салбартаа томоохон хөрөнгө оруулалтууд татахаар төлөвлөж буй Монгол Улсыг “Greenwashing” буюу байгальд ээлтэй, хайртай нэр барьж дэлхий нийтийн тархийг угаасан хэрэгт унагах эрсдэлтэй байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц /UNCCD/-ын үүрэг, үндсэн зарчмуудыг зөрчиж, олон улсын хэмжээнд өгсөн амлалтаасаа ухарч ундны усны эх үүсвэр дээгүүр хурдны замын төсөл хэрэгжүүлэнгээ дэлхий дахинд зориулан “ногоон бодлого” ярих нь ам, ажлын зөрүү гэгч болно.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гэгддэг “Тэрбум мод” төсөл олон улсын хэмжээнд байгаль хамгаалах, ялангуяа цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж дүгнэдэг. НҮБ-ын индэр дээрээс улсын Ерөнхийлөгч нь хэлсэн учраас “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж, ургуулчих байх” гэдэгт дэлхий найдаж буй байх. Энийгээ ч СОР17-н нэг нүүр царай болгох нь тодорхой.

Гэвч Улаанбаатар хотын түгжрэлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой гэж тодорхойлсон Туулын голын дээгүүр хурдны зам барихын тулд бургасан шугуйг тастаж, хядаж эхэлсэн цагаасаа л “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эсрэг үйлдэл болсон. Тайрч, тасалсан бургасыг өөр газарт аваачиж суулгана, ургуулна гэж нийслэлийн удирдлагууд ярьж байгаа ч өдийд тайрсан модыг дахин ургуулах боломжгүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Харин үүний дараа бургас 2-5 жилийн хугацаанд 4-5 метр өндөр болчихдог, их хурдан ургадаг мод гэж ярьж, яриулж эхэлсэн. Гэхдээ мод тарьж, ургуулна гэдэг Улаанбаатар хотын дарга нар болон зарим эрдэмтний хэлж буй шиг хурдан, амархан зүйл огт бишийг бодит байдалд эрүүл ухаанаар сэтгэж буй хэн ч ойлгоно.

Эцэст нь дүгнэвэл, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд өртөж, газар нутгийн 70 гаруй хувь нь доройтож, дөрвөн улиралд тэнгэрийн аяс харж аж төрдөг нүүдэлчин малчдын амьдрал жил ирэх тусам сорилт, бэрхшээл нэмэгдэж, ган, зудын аюултай тулгарч буй Монгол Улсын дэлхийгээс бодит боломж, хэлцэл, шийдэл хүлээж буй СОР17 бага хурал, үүрэг хүлээсэн НҮБ-ын конвенц, Төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөтөлбөртэй “Туулын хурдны зам” төсөл зөрчилдөж байна. Дахин сануулахад, Туул гол дээгүүр хурдны зам барингаа СОР17-г зохион байгуулж дэлхий нийтийн өмнө байгаль хамгаалах тухай ярьж, уриалбал “greenwashing”-ын хэрэг болж “монголчууд худалч, худал байгаль хамгаалагч дүртэй” хэмээн цоллогдож тэдэнд хаягдаж магадгүй нь.