16 үхрээ төхөөрч аваад Улаанбаатарыг зорьсон малчин хэдэн цаастай буцав?
16 үхрээ төхөөрч аваад Улаанбаатарыг зорьсон малчин хэдэн цаастай буцав?

Зургийг хиймэл оюун ашиглан хийв.

Жилийн дөрвөн улиралд мал дагаж, малынхаа эрхээр амьдарч яваа эгэл жирийн малчдын олонход нь гар дээрээ бэлэн мөнгөтэй болдог хоёр тохиолдол л бий. Нэг нь хавар ямаагаа самнах цаг. Харин нөгөө нь гурван улирал дамнан зүтгэж тарга тэвээрэг авхуулсан хэдэн малаасаа зарж хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвөл, хаврыг давах өвс, тэжээлээ бэлтгэх юм. Энэ жишгээр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн нэгэн малчин өрх өвлөөс урьтаж ахуйн хэрэгцээндээ шаардлагатай зүйлс, малын тэжээлээ базаахын тулд хэдэн үхэр борлуулахаар болжээ. Мал маллах хүн цөөрч хүчгүйдсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа нь ч тэднийг ийнхүү малаа цөөлөхөд нөлөөлсөн байна. Мах малчны хотноос аймаг, нийслэлийн иргэдийн тогоонд, ширээн дээр ирэхдээ ямар зам туулдгийг, үнэ цэн нь хэрхэн хувирч өөрчлөгддөгийг энэхүү сурвалжилгаараа харуулахыг зорилоо. 

Өглөө мал бэлчээрт гарахаас өмнө шүдлэн, бяруу, сувай үнээ гурвыг ялган хашиж үлдээсэн байлаа. Нэг үхрийг 90 мянган төгрөгөөр төхөөрүүлэхээр тохирч аймгийн төвөөс хүн авчирчээ. Үүний өмнө гурван үхрийг багийн малын эмчид үзүүлж гарал үүслийн бүртгэлд оруулсан гэнэ. Арвайхээр сумын Бурхийн 9 дүгээр багийн малын эмч н.Батзаяагийн тайлбарласнаар нядалсан бод малыг аймгийн төвд оруулахдаа стандарт жингээр 150 кг гэж тооцдог бөгөөд нэг кг тутамд 50 төгрөгийн гарал үүслийн хураамж авч бүртгэдэг аж. Тэгэхээр гурван үхрийн гарал үүслийн бүртгэлд 22.500 төгрөг, малаа нядалгаанд хүргэх, нядлуулах, махыг аймгийн төвд буцаан авчрах портер машины хөлс 300 мянга, нядлагчийн 270 мянган төгрөг төлсөн бол мал төхөөрөхөд тусалсан хүмүүст зориулсан идээ, ундаа, замын шатахууны үнэ зэргийг оруулаад нийт 742.500 төгрөгийн зардал гаргалаа.

Малын эзэн сувай үнээгээ 200 кг болно гэж төсөөлж байсан ч бодит байдалтай зөрөв. Сувай үнээ 174 кг, шүдлэн 145 кг, бяруу 89 кг жин татсан. Махыг халуунаар нь тээвэрлэвэл чанар, өнгө өөрчлөгдөх эрсдэлтэй тул сэврээж хөргөөд маргааш нь Арвайхээр рүү авчирсан ч жин буурч, сувай үнээний мах гэхэд есөн кг-аар хорогджээ. 

Махыг сэврээх, хөргөх явцад ус, чийгээ алдаж дунджаар 10 кг-аар багассан байдаг гэж намар болгон л малаа борлуулуулдаг тэд ярьж байсан юм. “Арвай” төвд очиход захирал нь махыг жингээс хамааран үнэлдэг гэж тайлбарлалаа. Борлуулах малаа тус төвд авчирч төхөөрүүлсэн бөгөөд үхрийн мах 170 кг-аас дээш жинтэй бол 19 мянган төгрөг, өөр газарт гаргуулсан боловч жин нь мөн хэмжээтэйг 18.500 төгрөгөөр авах боломжтой. Ийм учраас 165 кг-тай сувайн үнээний махыг 17.500 төгрөгөөр л авна гэв.

Нийслэлийн Баянзүрх хүнсний захад нэг кг үхрийн 33 мянга хүрч байна гэдэг мэдээ авсан малчинд хэдэн жилийн хөдөлмөрөө ингэж үнэлүүлнэ гэдэг туйлын чамлалттай санагдсан нь ойлгомжтой. Ингээд наймаа хийхээс татгалзсан малчин таван үнээ, найман шүдлэнгийн махтай нийлүүлээд Улаанбаатарт өөрийн биеэр очиж борлуулахаар шийдсэн юм.

mahnii_survaljilga__3 Зургийг хиймэл оюун ашиглан хийв. 

Махаа борлуулж амжаагүй ч дахиад 13 үхэр гаргуулах хөлс, гарал үүслийн бүртгэл, тээврийн зардал олох хэрэгтэй болов. Арвайхээр Хад баг хүртэл 60 км зайтай, портер ашиглая гэвэл нэг удаад дөрвөн үхэр л тээвэрлэх боломжтой, бүгдийг нь ачих машины хөлс дийлэмгүй өндөр байсан учир аймаг руу аажуухан тууж, хоёр өдрийн дараа өмнө уулзсан “Арвай” мах бэлтгэх төвд ирлээ. Намрын энэ цагт бойны эрэлт нэмэгддэг болохоор дараалал ихсэж, үнэ ч өндөрссөн байдаг ажээ. Нэг үхрийг 80 мянгаар гаргасан тул 1 сая 40 мянга боллоо. Гарал үүслийн бүртгэлд 97.500 төлж, нийслэлд хүрэхээс өмнө 1.137.500 төгрөгийн зардал гаргаад байв.

Өмнөх гуравтайгаа нийлүүлээд 16 үхрийн мах ачсан малчин Арвайхээрээс-Улаанбаатар хүртэл тээврийн зардалд 1.8 сая төгрөг зарцууллаа. Энэ тооцоонд замын хоол, бусад урсгал зардал, гурван үхрийн махыг хадгалуулсан төлбөр ороогүй юм. Мах муудахаас сэргийлж температур буусан хойно орой ачиж шөнөжин давхисаар өглөө эрт нийслэлд орж ирлээ. Нааш ирэхээсээ өмнө “хот руу орж мах зарна” гэж танилууддаа, танилууд нь цааш малчны гар дээрээс мах авах хүсэлтэй хүмүүст дуулгасны мөрөөр авсан захиалгуудаа хүргэв. Энэ төрлийн захиалгаар Таван шүдлэнгийн 663 кг махыг 23 мянган төгрөгөөр борлуулж 15 сая 249 мянган төгрөгийн орлого олж чадлаа.

Ингээд малчны хотноос нийслэлийн оршин суугчийн хэрэгцээнд ирэх хүртлээ олон шат дамжлага, урт зам туулж ирсэн 11 үхрийн 1681 кг мах үлдэв. Хотод жаахан байгаад жижиглэнгээр зарахыг хүсэвч хичээл сургууль эхэлж бүл чадалгүй болсон учир ар гэртээ санаа зовж бушуухан буцахыг хүсэж байлаа. Фэйсбүүкийн группүүдэд “их хэмжээний мах зарна” гэдэг зар тавьтал нэг хүн бүгдийг нь 22 мянгаар авъя гэдэг санал тавив. Хоёроос таван жилийн турш жилийн дөрвөн улиралд оторлож, тэжээж, тэтгэж өсгөсөн 16 үхэр эзэндээ 52 сая 231 мянган төгрөг болж ирэв. Уг нь малчин хотод үлдэж мах зарсан бол нэг кг-ийг нь 27 мянга хүргэх боломж байлаа. 

mahnii_survaljilga__2         Зургийг хиймэл оюун ашиглан хийв. 

Одоо харин нэг кг үхрийн мах хэрэглэгчийн гарт хэдэн төгрөгөөр очих вэ гэдгийг малчнаас бөөндөж авсан хүн шийднэ. Махны худалдаагчинд мөнгө нэмж зарах эсвэл шууд дэлгүүр, лангуундаа аваачаад 32, 33 мянгаар зарах нь түүний мэдэх хэрэг болсон. Хөөрхий малчин Арвайхээрт 17.500 төгрөгт өгөөгүй нь сайн юм боллоо өөрийн хотноос өөрөө бэлдэж, тээж тээвэрлэж, 400 км гаруй зам туулж ирээд 4500-5500 төгрөгийн ашиг оллоо гээд ар гэртээ, хүүхдүүддээ авах зүйлс, малдаа бэлдэх өвс, тэжээл гээд уртаас урт жагсаалт гаргачихсан баяртай гэгч нь явна.

Дунджаар тооцоход, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх хэмжээний цалинг бүтнээр нь зургаан сар орчмын хугацаанд цуглуулсантай тэнцэх мөнгөөр малчин таван жилийн хөдөлмөрөө үнэлүүллээ. Үүнээс өмнө дурдсан олон зардал хасагдана. Ингэхээр малчинд ирэх ашгийн тухай бодоход хэцүү юм. Харин малчнаас авсан 23 мянгын үнэ, хэрэглэгчид хүрч буй 30, 33 мянгын хооронд 7-10 мянган төгрөгийн ашиг байгааг харах амархан. Малчнаас хямд авсан мах яагаад хэрэглэгчид үнэтэй ирдэг вэ гэдгийг хариулт энд нуугдаж байна. Махны үнэ өндөр байхын ашиг тус малчдад шууд хүрдэггүй гэдгийг ч энэ байдал харуулж байна.    

Ч.Юмчирдулам