Хавар вакцинжуулсан үхэр дахин шүлхийгээр өвчлөх эрсдэлтэйг анхааруулав
Өвөрхангай аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчин 11 суманд бүртгэгдсэн. Одоогийн байдлаар халдварын тархалт буурсан ч бод малд хавар тарьсан вакцины дархлаа тогтоох хугацаа дуусаж байгаа тул үхэр дахин шүлхий өвчнөөр өвчлөх эрсдэл байгааг аймгийн Мал эмнэлгийн газраас анхаарууллаа.
Аймгийн Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэнд, хяналт, хорио цээр, баталгаажуулалтын хэлтсийн дарга Б.Алтанзул “Малын халдварт өвчний нөхцөл байдалд хяналт тавьж байна. Аймгийн хэмжээнд одоогоор ямааны годрон өвчин бүртгэгдээгүй, тандалт судалгаа үргэлжилж байна” гэж мэдээлэв.
Өвлийн идэш бэлтгэх цаг ойртож байгаа энэ үед иргэдийн дунд шүлхий өвчнөөр өвчилсөн малын махыг хүнсэнд хэрэглэх вий гэдэг болгоомжлол үүсээд байгаа юм. Тэгвэл Мал эмнэлгийн газраас шүлхийтэй малын махыг хүнсэнд хэрэглэхийг хориглодог бөгөөд өвчлөөд эдгэрсэн малын махыг холбогдох мал эмнэлгийн шаардлага, хяналтын дагуу хэрэглэж болохыг анхаарууллаа. Мөн хувь хүн болон зөвшөөрөлгүй газраас баталгаагүй, хуурамч вакцин худалдан авахгүй байхыг анхааруулж, зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагад хандахыг зөвлөв.
Ч.Юмчирдулам