Ерөнхийлөгчийг аймагт байхад л очиж шатахуунаа дүүргэдэг байж...
Ерөнхийлөгчийг аймагт байхад л очиж шатахуунаа дүүргэдэг байж...

Гэрэл зургийн эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын вэб сайт

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт /2026.10.08/ Өвөрхангай аймагт ажиллаж, төвд иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон өөрийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулсан. Уулзалтын зорилго нь төрөөс хэрэгжүүлж буй бодлого, ажлын үр дүнг орон нутгийн иргэдэд мэдээлэх, аймгийн хөгжилд гарч буй өөрчлөлт, тулгамдсан асуудлыг хөндөхөд чиглэж байв. Энэ үеэр эдийн засгийн өсөлт, хүнсний үйлдвэрлэл, ноос, ноолуурын боловсруулалт, мод тарих хөдөлгөөн, залуусын боловсролын боломжийг онцолсон байна.

Ерөнхийлөгчийн танилцуулснаар “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг болжээ. Харин Өвөрхангай аймгийн 51 аж ахуйн нэгж нийт таван тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэн, ажлын байр бий болгосон талаар мэдээллээ. Түүнчлэн аймгийн боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд 25 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 28 тэрбум төгрөг давжээ. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хийж буй ажлуудыг мөн танилцуулав.

Байгаль орчны чиглэлд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймагт дөрвөн сая гаруй мод тарьж ургуулсан бөгөөд мод үржүүлгийн 22 газар нийт долоон сая тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай болсон тухай мэдээлжээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадын их, дээд сургуульд суралцаж буй Өвөрхангай аймгийн залуусын талаар ч дурдлаа.

Гэвч төрийн бодлого, хөтөлбөрийн үр дүнг танилцуулсан тоо баримтууд орон нутгийн иргэдийн амьдралын нөхцөлтэй хэрхэн уялдаж байгааг хөндөхөд өөр дүр зураг гарч ирнэ. Энэ талаар уулзалтад оролцсон иргэн Б /нэрээ нууцлахыг хүсэв.сур/ байр сууриа илэрхийлэхдээ “Өнөөдөр Ерөнхийлөгчийн ярьсан төсөл, хөтөлбөрүүд манай орон нутагт өмнө нь ч яригдаж байсан. Харин бодит үр дүн нь иргэдийн амьдралд хэрхэн хүрч байгааг мэдмээр байна. Тухайлбал, 51 аж ахуйн нэгжид тав орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бол энэ мэдээлэл олон нийтэд ил тод байх ёстой. Ийм хэмжээний боломж орон нутагт бүрдсэн юм бол эдийн засгийн эргэлт нэмэгдэж, иргэдийн амьдралд ч эерэг өөрчлөлт мэдрэгдэх учиртай. Гэтэл манай энд олон хүн амьдралын түвшин доогуур хэвээр байна. Иргэдтэй уулзахдаа болж бүтэхгүй байгаа асуудлыг сонсож, хүлээж авсангүй. Би хувьдаа энэ уулзалтад сэтгэл дундуур байна. Сайхан зүйл нь хэд хэдэн хүн шагнал авсан явдал байлаа. Харин Ерөнхийлөгчийг ирсэн өдөр шатахуун түгээх станцууд бензинийг дараалалгүй, хязгаарлалтгүй өгч байсан” гэлээ.

Түүний байр сууринаас харахад хөнгөлөлттэй зээлийн хэмжээ, үйлдвэрлэлийн өсөлтийн тухай мэдээллээс илүүтэйгээр тэдгээрийн үр өгөөж иргэдэд хэрхэн хүрч байгаа нь чухал байна. Таван тэрбум төгрөгийн зээл олгосон нь үйлдвэрлэл, бизнесийг дэмжих бодлогын нэг үзүүлэлт боловч зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэрхэн өргөжсөн, хэдий хэмжээний ажлын байр бий болсон, орон нутгийн эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн зэргийг мэдэх хүн цөөхөн байна. Уг нь нээлттэй байж л төрийн дэмжлэгийн үр дүнг олон нийт бодитой үнэлэх боломж бүрдэнэ.

Уулзалтын дундуур иргэдийн дунд “яагаад шатахуун хязгаарлалтгүй өгөөд байна аа. Ерөнхийлөгч ирээд тэгж буй юм болов уу” гэдэг л гол яриа байв. Гэтэл нөгөөх хязгааргүй олгож байсан шатахуун Ерөнхийлөгчийг аймгаас мордсоны дараа л урьдынх шиг хүндрэл, бэрхшээл болж эхэлсэн юм. Мэдсэн бол Ерөнхийлөгчийг аймагт байхад л очиж бензинээ дүүргэдэг байж гэж халаглах малчид ч байна. Үнэндээ шатахууны асуудалд хамгийн их туйлдаж буй хүмүүс бол хөдөөгийн малчид байгаа юм. Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар нэмэгдэж байна. Такси үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ өсөж, зарим сумаас аймгийн төв орох хөлсний унааны зардал 5000 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэхдээ энэ тухай, иргэд амьдралынхаа үнэн өнгө төрхийн талаар төрийн тэргүүндээ илэн далангүй ярихаар бодсон ч санаснаар болсонгүй ажээ.

Уул нь төрийн бодлогын үр дүн, амжилт ололт, алдаа оноо тайзан дээр танилцуулсан тоо баримтаар бус ард иргэдийн амьдралд гарсан эерэг, сөрөг өөрчлөлтөөр хэмжигдэнэ. Амжилтын тухай тоо сонсох сайхан ч иргэдэд ирсэн үр өгөөж бодитой байвал төрийн хэрэг бүтдэг баймаар. Төрийн үйлчилгээ түр зуурын биш тогтвортой, тэгш, найдвартай байгаасай гэж иргэд онцолж байсан юм.

Ч.Юмчирдулам