“Ногоон тойм”-ын найм дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.
“НОГООН” МЭДЭЭ
Монцемент Билдинг Материалс ХХК өнгөрсөн баасан гарагт Бүгд найрамдах Солонгос улсын Карбон стар ХХК /Carbon Star Co.,Ltd/-тай стратегийн ач холбогдол бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Компаниуд Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурж буй юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжил болон ногоон шилжилтийг эрчимжүүлэх чухал алхам болж байна гэдгийг талууд онцолж байна. Тэд дэвшилтэт, байгальд ээлтэй технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийн үр ашиг болон экологийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах юм.
Төслийн хүрээнд хэрэгжих арга хэмжээнүүдийн үр дүнд жил бүр 100 мянган тонн болон түүнээс дээш хэмжээний нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах боломж бүрдэнэ. Энэ нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон бодит дэмжлэг үзүүлэх юм байна.
“НОГООН” ӨДӨР
Хог хаягдлын менежмент, үүний ач холбогдлын талаарх нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон улсын Тэг хог хаягдлын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 30-нд тэмдэглэдэг. Өнөөдрийн дэлхийн хүмүүс өөрсдийнх нь аж төрж, ашиглаж буй байгалийн бүх нөөц шавхагдах баялаг гэдгийг мартсан мэт хэт их тансаглал, эмх замбараагүй байдал дунд амьдарч байна.
Жил бүр хүн төрөлхтөн 2.1-2.3 тэрбум тонн хатуу хог хаягдал гаргадаг бөгөөд үүнд яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд жилд 3.8 тэрбум тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг” болох эрсдэлтэй гэдгийг НҮБ-аас сануулсаар байгаа юм. Ердөө 3,5 сая хүн амтай Монгол Улсын иргэд жилд дунджаар 2,6 сая тонн энгийн хог хаягдал гаргаж байна.
Хог хаягдлын бохирдол нь хүний эрүүл мэндэд заналхийлж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж, байгаль орчны эсрэг хамгийн том бөгөөд удаан хугацаанд үл арилах хор хөнөөлийг үүсгэж байдаг. Иймээс улс орнууд хог хаягдлын менежментийг сайжруулахдаа ирээдүйг харж төлөвлөх, хүн бүр тэг хог хаягдлын зарчимд нэгдэх санаачилгыг жижиг гэлтгүй өөрөөсөө, өрх гэрээсээ эхлүүлэх зэрэг шаардлага байна.
Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Байгаль орчин-эдийн засгийн данс: хатуу хог хаягдлын данс 2020-2023” судалгаанаас 2022 болон 2023 онд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхөөс гарсан энгийн хог хаягдлыг төрөл, хэмжээгээр нь ангилсан баримтыг дараах графикт хөрвүүлснийг Тэг хог хаягдал: 3.5 саяулаа ч 2.6 сая тонн хог “үйлдвэрлэдэг” холбоос дээр дарж харна уу.
“НОГООН” БАРИМТ
“Туулын хурдны зам” төсөл тойрсон үйл явдал, мэдээ, мэдээлэл сүүлийн гурван долоо хоногийн турш нийгэмд өрнөж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан болон албаны хүмүүс “Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатарын түгжрэл 30 хувь буурна гэж мэдээлж байгаа. Гэвч зарим судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн болон нийслэлийн оршин суугчдын төлөөлөл “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх нь байгаль орчинд заналхийлсэн үйлдэл бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг сүйтгэж буй явдал хэмээн үзэж эсэргүүцэн “Хатан Туулаа хамгаалъя”-“Save Tuul” хөдөлгөөнийг өрнүүлж тэмцсээр байна.
Тэгвэл “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилго, бодлогыг хэрэгжүүлэхээр дэлхий болон хүн төрөлхтний өмнө үүрэг хүлээж нэгдсэн, амлалт өгсөн олон улсын хэлэлцээр, конвенцуудад харшилж буй юм. Монгол Улсын хийж буй энэхүү үйлдэл Талуудын бага хурал /СОР17/-ыг нь зохион байгуулж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцынхоо үзэл санаа, зарчимтай зөрчилдөж байна.Энэхүү конвенц нь Газрын доройтлыг тэглэх (LDN) санаачилгын гол хөшүүрэг. Улмаар 2018-2030 онд доройтсон өргөн уудам газрыг сэргээх, 1.3 тэрбум гаруй хүний амьжиргааг дээшлүүлэх, эмзэг бүлгийн хүн амд гангийн нөлөөг бууруулах зэрэгт зорин ажилладаг.
Гэтэл уур газар нутгийн онцлогоос хамааран амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй бүс нутгуудыг дайран 700 км гаруй урсаж хүн, амьтныг ундаалахаас гадна асар өргөн нутгийг хамарсан экосистемийг бүтээж буй Туул гол дээгүүр хурдны зам барих нь Цөлжилттэй тэмцэх конвенцын гол үзэл санааны эсрэг хийж буй үйлдэл гэж хэлж болох юм. Энэ тухай манай редакцын бэлтгэсэн Туул гол дээгүүр хурдны зам барингаа СОР17-г зохион байгуулах нь “greenwashing”-ын хэрэг өгүүллийг холбоосоор нэвтэрч уншаарай.
“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ
“Шувуудын өлгий”
Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших “Баян” нэрт нуурын намрын үзэмж энэхүү зурагт харагдаж байна. Талын намхан гүвээний өвөрт тогтсон багахан хэмжээтэй энэ нуур шувуудын өлгий нутаг юм. Зуны дэлгэр цагт дэлхийн өнцөг булан бүрээс шувуу судлаач, сонирхогч, гэрэл зурагчид эл нуурыг зорин ирдэг ажээ.
“Баян” нуурт монгол орны болон олон улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн хошуу галуу, цэн тогоруу, хонин тоодог зэрэг ховор шувууд ирдэг. Нүүдлийн шувуудаас газар зүйн популяцын нэг хувь давсан тоогоор хондон ангир, алаг шунгаач, цэн тогоруу, умардын хавтгаалж, ноцоо ноололдой, алаг ээтэн, Азийн сүвээ цагаан, мөнгөлөг цахлай тогтмол дамжин өнгөрдөг гэж Шинжлэх ухааны академийн мэдээлэлд дурджээ. Мөн нуур орчмын газарт саарал чоно, шар үнэг, хярс, монгол тарвага тааралддаг байна.
Нуурын ус шорвог тул мал уудаггүй харин зүүн талын зэгстэй цэнгэг нуураас бод мал голдуу ундаалдаг аж. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас нуурын ус татрах хандлагатай байгааг судлаачид ажиглажээ. Ус бол амьтай бүхнийг тэтгэгч амьдралын эх юм.
“НОГООН” ДЭЛХИЙ
Английн Нортхамптоншир мужийн сайн дурын бүлэг орон нутгийн нэгэн компанитай хамтран дахин боловсруулагдах хог хаягдлаа тушаагаад урамшуулал авах боломж бүрдүүлсэн автомат төхөөрөмжийг “Вэстон Фэйвел” худалдааны төвд суурилуулжээ. Энэ нь хоёр дахь тохиолдол бөгөөд өнгөрсөн онд Нортхамптоны их сургуульд эхний төхөөрөмжийг байрлуулж байсан бөгөөд гурван сарын хугацаанд дунджаар 1000 гаруй шил, лааз, хуванцар сав хүлээн авч боловсруулсан байна.
“Нортхамптоны цэгцлэгч Вомблезууд” сайн дурын бүлгийн гишүүн Марк Уотсон “Сайн дурынхны цуглуулдаг хог хаягдлын ихээхэн хувийг лааз, хуванцар сав эзэлдэг. Эдгээрийг цуглуулахгүй, цэвэрлэхгүй бол гудамжинд хаягдаж ус зайлуулах хоолойгоор дамжин гол, мөрөн улмаар далайд хүрдэг. Тиймээс бидний эхлүүлж буй ажил үүнийг зогсооход туслах байгаль орчинд эерэг нөлөөтэй үйлдэл. Мөн хүмүүс хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ сав, лааз, шилийг буцааж өгснөөр тодорхой төлбөр буцаан авах боломжтой. Тиймээс энэ бол хоёр талдаа ашигтай шийдэл” гэж ярьжээ.
Одоогоор “Вэстон Фэйвел” худалдааны төвд байрлуулсан машинд дахин боловсруулагдах бүтээгдэхүүн тушаасан хүмүүст дөрвөн төрлийн дэлгүүрээр үйлчлүүлэх урамшууллын тасалбар өгч байгаа бөгөөд хамтрагч дэлгүүрийн тоо ирэх долоо хоногт 11 болж нэмэгдэх ажээ. Харин 2027 оны аравдугаар сараас хэрэгжиж эхлэх Их Британийн Үндэсний буцаан олголтын систем (Deposit Return Scheme/DRS)-ийн тогтолцооны дагуу ундааны сав, баглаа боодолд тодорхой хэмжээний барьцаа төлбөрийг шингээж, хэрэглэгч саваа тушаагаад мөнгөө буцаан авах боломжийг бүрдүүлэх юм байна. Улмаар иргэд энэ төрлийн төхөөрөмжийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж байх нь Буцаан олголтын тогтолцоог хүлээн авах бэлтгэлээ хангаж буй хэрэг Нортхамптон хотын байгаль орчин, хог хаягдлын дахин боловсруулалт хариуцсан гишүүн ярьжээ.
Цаашид энэ төрлийн төхөөрөмжийг гудамж талбайд олноор байршуулж эхлэх бөгөөд ирэх он гэхэд тус хотын иргэдэд илүү их хүрч, ашиглахад хялбар болохоос гадна байгаль орчинд тодорхой эерэг нөлөөллийг авчирна гэснийг BBC онцолсон байна.
“НОГООН” АГААР
Анхааруулга: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Хур тунадас: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 09,12-нд говь, тал, хээрийн нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 8-нд ихэнх нутгаар, 11, 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 хэм, өдөртөө +1...+6 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 хэм, өдөртөө +19...+24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 хэм, өдөртөө +13...+18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчимд
Хур тунадас: 07-08-нд шилжих шөнө хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -3...+2 хэм, өдөртөө +8...+13 хэм дулаан байна.