“Ногоон тойм”-ын долоо дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.
“НОГООН” МЭДЭЭ
Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нэг дор төвлөрүүлж хиймэл оюун ухаанд суурилсан “Мазаалай AI” туслахыг нэвтрүүлжээ. Энэхүү цахим туслахаас байгаль орчны зөвшөөрөл авахтай холбоотой мэдээлэл, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, хүсэлт гаргах дараалал, заавар, холбогдох үйлчилгээний тайлбар, зөвлөмж зэргийг авах боломжтой байна. Энэ төрлийн мэдээ, мэдээлэл авахын тулд https://ai.mecc.gov.mn/ холбоосоор хандан асуултаа бичиж, шаардлагатай мэдээллийг түргэн хугацаанд илүү ойлгомжтойгоор авах боломж бүрджээ.
“НОГООН” ӨДӨР
Дэлхийн цаг уурын өдөр жил бүрийн гуравдугаар сарын 23-нд тохиодог. 1947 оны 10 дугаар сарын 11-нд НҮБ-аас баталсан Дэлхийн цаг уурын конвенцын хүрээнд 1950 оны энэ өдөр Дэлхийн цаг уурын байгууллага байгуулагдаж учир Дэлхийн цаг уурын өдөр хэмээн тэмдэглэх болсон. Энэ жил “Өнөөдрийг ажиглаж, Маргаашийг хамгаална” уриа дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ. Түүх сөхвөл, Монгол Улс анхны багажийн шинжилгээний ажиглалтыг 1869-1909 онд Өргөө хотод 2-3 жилийн завсарлагаатай, 1879-1880 онд Улиастайд түр станц, 1895-1897 онд Ховдод түр станц байгуулан ажиллаж байсан гэх баримт байдаг.
Харин 2025 онд ус цаг уурын салбар ажиглалт, боловсруулалтын системийг шинэчлэхэд онцгойлон анхаарч, радарын тоог нэмэх санхүүжилтийг шийдэж, агаарын бохирдлын автомат багажийг аймгийн төвүүдэд суурилуулсан байна. Үүний зэрэгцээ шинэ үеийн өндөр хурдны HPC тооцоолох машиныг шуурхай ажилдаа нэвтрүүлж, цаг агаарын богино, дунд хугацааны прогнозыг 10 хоногоор гаргадаг болсон бөгөөд цасан болон шороон шуурга, ган, зудын нөлөөллийн прогнозын шинэ технологийг хөгжүүлжээ.
Мөн ирэх наймдугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал COP17-той холбогдуулан Цөлжилтийн атлас боловсруулах, ган болон шороон шуурганы эх үүсвэр, түүний нөлөөллийн бүсийг тогтоосон судалгааны ажлыг Цаг уур, орчны шинжилгээний газрын судлаач, мэргэжилтнүүд хийж байгаа байгаа.
“НОГООН” БАРИМТ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Налайхын тойргоос Эмээлтийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 32 км хурдны зам барих “Туулын хурдны зам” төслийг тойрсон үйл явдал, мэдээ, мэдээлэл сүүлийн хоёр долоо хоногийн турш нийгэмд өрнөж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан болон албаны хүмүүс “Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатарын түгжрэл 30 хувь буурна гэж мэдээлж байгаа.
Харин зарим судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн болон нийслэлийн оршин суугчдын төлөөлөл “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх нь байгаль орчинд заналхийлсэн үйлдэл бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг сүйтгэж буй явдал хэмээн үзэж эсэргүүцэн тэмцэж байна. Тэгвэл “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилго, бодлогыг хэрэгжүүлэхээр дэлхий болон хүн төрөлхтний өмнө үүрэг хүлээж нэгдсэн, амлалт өгсөн олон улсын хэлэлцээр, конвенцуудад харшилж буй юм. Тэдгээрээс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхтэй зөрчилдөж байгааг “Ногоон баримт”-даа жишээлэн авч үзлээ. Энэ тухай Туулын хурдны зам ба тогтвортой хөгжлийн зорилгын зөрчил өгүүллийг холбоосоор нэвтэрч уншаарай. Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015-2030 онд ядуурлыг устгах, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээж хүн бүрийн сайн амьдралыг цогцлоох тухай дэлхийн хэмжээний зорилт. Ингэхдээ өнөө үеийн хэрэгцээг хангахын тулд ирээдүй хойчийнхны боломжийг урьдчилан ашиглахгүй байх зарчимтай билээ. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувиар энэхүү зорилгыг үндэсний хөгжлийн баримт бичгүүдтэйгээ уялдуулсан байдаг.
“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ
“Гол”
Ховд аймгийн Үенч сумыг зорин явах замд 2025 оны есдүгээр сарын 18-ны өдөр энэхүү зургийг буулгажээ. Энэ бол Сутай хайрхны мөнх цаснаас эх авч урсан Монгол Алтайн нурууны зүүн өмнөд хэсгийн сүрлэг уулс, нуруудын дунд аж төрөх хүн зон, амьтан, ургамлыг тэжээж тэтгэн байдаг голуудын нэг юм.
Байгалийн маш өвөрмөц тогтоц дунд хуурай агаар, нарны хурц тусгал, элс цөлөрхөг хөрс зэрэг хатуу ширүүн, саад бэрхшээлийг давж урсдаг гайхамшигт зохицол бол энэ нутагт урсдаг голууд байдаг. Ургамал модод шарлаж, гол горхийн ус татарсан есдүгээр сарын дулаан өдрүүдийн голын үзэсгэлэн, хүн зон, мал сүргийн амар амгалан агшин ийнхүү буужээ.
“НОГООН” ДЭЛХИЙ
Хуванцрын аюул хөрс, ус, далай тэнгисээс хальж ой модонд бодитоор ирснийг судалсан Герман улсын Дармштадтын Технологийн Их Сургуулийн эрдэмтдийн судалгааны өгүүллийг “Science Daily” онцолсныг “Ногоон дэлхий”-дээ хүргэж байна. “Ойн хөрс агаар мандлаар дамжуулан бичил хуванцар хуримтлуулж байна” сэдэвт энэхүү судалгаа нь ой мод болон хуванцрын хамаарлыг судалсан анхны ажил болсон бөгөөд 2025 оны наймдугаар сард “Nature Communications Earth & Environment” сэтгүүлд үр дүнг нийтэлж байжээ.
Эрдэмтэд бичил хуванцар агаараар дамжин ой модонд, олонх нь навчин дээр наалддаг бөгөөд бороо орох эсвэл навч унах үзэгдлээр ойн хөрс рүү нэвтэрдэг болохыг тогтоожээ. Борооны ус шингэх, навч задарч ялзрах зэрэг байгалийн үйл явц нь бичил хуванцруудыг хөрсний гүнд шингээж, урт удаан хугацаанд хадгалагдах орчныг бүрдүүлдэг байна. Судлаачид дөнгөж задарч эхэлж буй навчны хог хаягдлын дээд давхаргад хамгийн өндөр концентрацийг илрүүлжээ. Энэ нь хэдийгээр навч дөнгөж ялзарч буй боловч ойн хөрсний гүнд бичил хуванцар мэдэгдэхүйц хэмжээгээр илэрч буйг заасан байна.
Ойн хөрсөнд нэвтэрч буй бичил хуванцрууд нь голчлон агаар мандлын тунадас болон хог хаягдлаас болж үүсдэг бөгөөд бусад эх үүсвэр бага нөлөө үзүүлдэг болохыг судалгааны үр дүн харуулсан. Бичил хуванцар агаар, агаар мандлаар дамжин бохирдол үүсгэдэг гэдгийг нотлох хамгийн тод жишээг бичил хуванцрын агууламж өндөртэй ойн хөрс, тархалт ихтэй ойн экосистем харуулж байна гэж судалгааны багийн эрдэмтэд өгүүлжээ.
Тэд навчны гадаргуу дээрх бичил хуванцрыг шинжлэх зориулалттай тусгай аргыг боловсруулсан гэж эрдэмтэн Коллин Вебер онцолсон байна. Тодруулбал, Бичил хуванцар хэрхэн хуримтлагдахыг илүү сайн ойлгохын тулд судалгааны баг Германы Дармштадт хотын зүүн талд байрлах дөрвөн ойн талбайгаас дээж цуглуулсан байна. Ингээд хөрс, унасан навч, агаар мандлын тунадас (дэлхийн агаар мандлаас гадаргуу руу бодисыг зөөвөрлөх)-ыг спектроскопийн техниктэй хослуулан шинээр боловсруулсан аргыг ашиглан шинжилжээ.
“НОГООН” АГААР
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.03.27-04.05/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
Хур тунадас: 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Халх голын хөндийгөөр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 28-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 хэм, өдөртөө -1...-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -10...-15 хэм, өдөртөө -2...+3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 хэм хүйтэн, өдөртөө +8...+13 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 хэм хүйтэн, өдөртөө +2...+7 хэм дулаан байна. 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчимд:
Хур тунадас: 28-29-нд ялимгүй хур тунадас, 31-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28,31-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -5...-10 хэм хүйтэн, өдөртөө +3...+8 хэм дулаан байна.