Хугацаат цэргийн алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг шалгажээ
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалт соён гэгээрлийн үйл ажиллагаа, эрүүл ахуйн орчин, дотоод журам, сахилга хариуцлагын хэрэгжилтийг шалгажээ. Мөн тус ангийн гал тогооны орчин нөхцөлийг сайжруулах, хугацаат цэргийн албан хаагчдын байранд хяналтын камерыг бүрэн нэвтрүүлэх, алба хаагч болон хугацаат цэргийн албан хаагчдыг дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх талаар тогтмол хяналт тавьж ажиллах чиг үүрэг өгсөн тухай ХЭҮК-оос мэдээллээ. Шалгалтын үеэр комиссын гишүүн Б.Энхболд ангийн удирдах алба хаагчид болон хугацаат цэргүүдтэй уулзан зөвлөмж, шаардлагын хэрэгжилт, биелэлтийн талаар ярилцаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонсож санал солилцжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллажээ.
Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид өнгөрсөн оны 11 дүгээр сард хүргүүлсэн ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг газар дээр нь үнэлж дүгнэсэн байна. Улмаар цаашид баривчлах болон цагдан хорих байрны өрөө, тасалгаанд орчны эрүүл ахуйн шаардлагыг хангах, агаарын солилцоо хийх, баривчлагдсан этгээдэд зориулсан нийгэмшүүлэх албадан сургалтыг зохион байгуулах чиглэл өгчээ.