Хүний эрх хамгаалагч хүүхдүүд чуулган болжээ.
Хүний эрх хамгаалагч хүүхдүүд чуулган өнгөрсөн бямба гараг /2026.05.16/-т Улаанбаатар хотноо болжээ. ХЭҮК-ын санаачилгаар, Ханнс Зайделийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын сайн дурынхны төвтэй хамтран зохион байгуулсан тус чуулганд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын 200 сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцсон байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсад хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэгийг олгох, эрхээ хамгаалуулах, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах идэвхтэй оролцогч, хүний эрх хамгаалагч болгон чадавхжуулах зорилготойг зохион байгуулагчид онцолж байв. Хүний эрх хамгаалагч хүүхдийн оролцоог бодитой хэрэгжүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, үе тэнгийн дээрэлхэл, цахим дарамт болон жендерийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй хүчирхийллийн асуудлын эсрэг хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож буйгаараа онцлог болжээ.
Хүний эрх хамгаалагч хүүхдүүд чуулган болжээ.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Хүүхэд бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хэлэх, өөрт хамаатай асуудалд оролцох эрхтэй. Өнөөдөр хүүхдүүд цахим орчны эрсдэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зэрэг олон асуудалтай тулгарч байна. Ийм үед өөрийн болон найз нөхдийнхөө эрхийн төлөө дуугарч байгаа хүүхэд бүр хүний эрх хамгаалагч юм” гэж хэлсэн.
Чуулганаар хүүхдүүдэд хүний эрх хамгаалагчийн мэдлэг олгож, өөрийн болон үе тэнгийнхнийхээ эрхийг хамгаалах идэвхтэй оролцогч, хүний эрх хамгаалагч болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа бөгөөд энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” сургагч багш бэлтгэх, тэдний оролцоог өргөжүүлэх чиглэлээр үргэлжлэх ажээ.
Хүний эрх хамгаалагч хүүхдүүд чуулган болжээ.