НҮБ-ын хараат бус шинжээч Грэм Рэйдийг хүлээн авч уулзжээ.
НҮБ-ын хараат бус шинжээч Грэм Рэйд Монгол Улсад айлчлал хийж байна. Өнөөдөр (2026.05.19) ХЭҮК-ын дарга, гишүүд түүнийг хүлээн авч уулзан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдал, байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар товч танилцуулж, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийллийн улмаас үүсэж буй хүний эрхийн зөрчил, нийтлэг ирүүлдэг гомдол, мэдээллийн талаар мэдээлэл өгчээ.
Хараат бус шинжээч Грэм Рэйд болон албаны төлөөлөл Монгол Улсад бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэлтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдал, хууль хэрэглээний бодит байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг авч буй арга хэмжээ, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар тодруулан асуулт асууж, санал солилцсон байна. Талууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дэх ялгаварлан гадуурхах гэмт хэрэг, иргэний, захиргааны эрх зүйн харилцаанд ялгаварлан гадуурхсан зөрчлийг шийдвэрлэх хууль тогтоомжийн зохицуулалт, практик хэрэглээний талаар нарийвчилсан мэдээлэл солилцжээ.
Уулзалтад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, комиссын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд, С.Дондов, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн референт Н.Золжаргал, Гадаад хамтын ажиллагааны тасгийн референт А.Амарбаясгалан, НҮБ-ын хараат бус шинжээч Грэм Рэйд болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Тусгай процедурын хэлтсийн хүний эрхийн мэргэжилтэн Кришнан Рагхаван болон бусад төлөөлөгч оролцсон байна.