2 Цагийн өмнө.
“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын тав дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын тав дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

“НОГООН” ӨДӨР

“Аялал жуулчлалын долоо хоног-2026” /Tourism Week – 2026/ үндэсний чуулган гуравдугаар сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Чуулганы үндсэн зорилго нь аялал жуулчлалын салбарын бодлого, тогтвортой хөгжил, салбарын тогтвортой өсөлтийг хангах, байгаль орчинд ээлтэй бодлогыг уялдуулах, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хүргэж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх байлаа.

Энэ удаагийн чуулганы томоохон онцлог нь ирэх наймдугаар сард Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Талуудын конвенцын бага хурал (COP17)-ыг зохион байгуулахтай холбоотой байсан юм. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг онцгойлон хэлэлцсэн. СОР17 бага хуралд оролцохоор дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч, олон улсын байгууллагууд, судлаачид, бизнесийн салбарын төлөөлөл зэрэг 10,000 орчим зочин төлөөлөгч Монгол Улсад хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа юм.

Чуулганы үед олон улсын зочид төлөөлөгчдөд байр, зочлох үйлчилгээ үзүүлэх, хот болон орон нутгийн аяллын багц бүтээгдэхүүн санал болгох, VIP болон групп тээврийн үйлчилгээ зохион байгуулах, хурал, хүлээн авалт, дагалдах арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон боломж аялал жуулчлалын салбарт нээгдэнэ. Мөн үүнээс гадна эх орныхоо байгаль, соёл, нүүдлийн өвийг дэлхий дахинд сурталчлах томоохон боломж болж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, гадаадын түншлэл болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөлнө гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

“НОГООН” САНААЧИЛГА

“Хуванцаргүй СОР17” санаачилгыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо СОР17 бага хуралд оролцох олон улсын зочид, төлөөлөгчдөд Монгол Улсын байгаль орчны хариуцлагыг харуулах бодит ажил болно гэж зохион байгуулагчид тодорхойлж байна.  

“Хуванцаргүй COP17” санаачилгаар хогоо ангилж хэвших, нэг удаагийн хуванцраас татгалзах, хуванцрын хэрэглээг багасгах энгийн шийдлийг нийтэд санал болгож, уриалж байгаа юм. БОУАӨЯ, СОР17 зохион байгуулах үндэсний хороо, ХХААХҮЯ, ЭМЯ, Эко сум ТББ, Хог хаягдалгүй Монгол, Монголын Байгалийн Өв Сан, МҮХАҮТ хамтран санаачилгыг хэрэгжүүлж байгаа ажээ.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon_toim5-2 “Ганга нуурт загас тавьж буй” нэртэй энэхүү зургийг 1988 оны есдүгээр сарын 18-ны ням гарагт багш, гэрэл зурагчин Ш.Содномдаш хэмээх хүн хальснаа буулгажээ. 

Тэрбээр гэрэл зургийн ард талд “Намын үүрийн нарийн бичгийн дарга Сүхбаатар, доктор Дулмаа” гээд цаг хугацааг ихэд нямбайлан бичиж үлдээсэн байна. Ш.Содномдаш нь БНМАУ-ын АИХ-ын депутат, монгол хэл, уран зохиолын багш, сургуулийн захирал, яруу найрагч, ая зохиогч, хөгжимчин, гэрэл зурагчин, ардын аман зохиол судлаач уран бүтээлч хүн байжээ. Энэхүү гэрэл зураг түүний үр хүүхдийн төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд нь тохижуулсан Соён гэгээрүүлэх тэнхимд хадгалагдаж байдаг юм билээ. Түүний тухай манай сэтгүүлчийн бичсэн Дарьгангын сод хүмүүн хөргийг холбоос дээр дарж унших боломжтой.  

Түүхэн гэрэл зурагт буй шинжлэх ухааны гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, академич А.Дулмаа 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тэрбээр 1964 оноос хойш ШУА-д ажиллаж, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үүсгэн байгуулж, найман аймгийн 25 нуурт загас нутагшуулан үржүүлж улс орны загас барих нөөцийг 50-340 тонноор нэмж,  “Загасны Дулмаа” хэмээн олноо танигдсан алдартай судлаач, эрдэмтэн юм. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга бол түүний загас нутагшуулсан нууруудын нэг билээ.

 “НОГООН” ДЭЛХИЙ

Иран-Израиль-АНУ-ын мөргөлдөөний улмаас байгальд орчинд учирч болзошгүй аюул, хор хөнөөлийг шинжээчид анхааруулж буй олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ираны газрын тосны байгууламжууд АНУ-Израилийн бөмбөгдөлтөд өртсөнөөр агаарт химийн хортой нэгдлүүд үүсэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон их сургуулийн судлаачид хэлж байна. Үүний улмаас химийн бодисоор бохирдсон хур тунадас буюу “хар бороо” орох, тухайн бүс нутгийн хөрс, гүний усыг удаан хугацааны турш аюул занал учруулах, үүгээр ч зогсохгүй хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд ноцтой нөлөөлж дэлхийн хүн төрөлхтөн болон байгаль орчинд асар сөрөг зүйл бий болно гэжээ.   

Тухайлбал, Мельбурны их сургуулийн Химийн инженерийн сургуулийн дэд профессор Габриэль да Силва саяхан “The Conversation” сэтгүүлд "Миний хувьд, “хар бороо” нь нүүрсустөрөгч, PM2.5 буюу хэт нарийн ширхэгтэй тоосонцор, хорт хавдар үүсгэгч полицикл үнэрт нүүрсустөрөгч (PAH)-ийн нэгдлүүд зэрэг хорт бодисоос нийлэгжсэн” гэж бичсэн байна.

Мөн зэвсэгт мөргөлдөөн болон цэргийн үйл ажиллагааны улмаас учирсан байгаль орчны ослыг хянаж, олон улсын бодлогод нөлөөлж, дайнд нэрвэгдсэн экосистем болон олон нийтийг хамгаалахын тулд мэдээлэл цуглуулдаг Их Британи улсад төвтэй “Мөргөлдөөн ба Байгаль орчны ажиглалтын (CEOBS) төвөөс 232 ослыг байгаль орчны эрсдэлийн түвшнээр нь үнэлжээ. Ингэхдээ байгаль орчинд учирч буй хор хөнөөлийг цэргийн байгууламжуудыг устгаснаас үүдэлтэй бохирдол, Персийн булангийн эрэг дагуух газрын тосны дэд бүтцийг устгаснаас үүдэлтэй далайн бохирдол, дотоодын чулуужсан түлшний дэд бүтцийг устгаснаас үүдсэн бохирдол, хор хөнөөл гэж гурван төрлөөр тэмдэглэсэн байна. Энэхүү мөргөлдөөн нь дэлхийн эрчим хүчний зах зээл, эдийн засагт цочрол, эм замбараагүй байдал үүсгэж байгаа ч байгаль орчин, хүн төрөлхтний эрүүл мэндэд удаан хугацаанд сөргөөр нөлөөлөх бодит хохирол учруулж байна.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.03.13-03.22/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

 Анхааруулга: 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: 14-нд Хэнтийн уулархаг нутгаар, 15, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

17-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 14,15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан байх боловч бусад хугацаанд хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 хэм, өдөртөө -11...-16 хэм,

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -8...-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 хэм, өдөртөө +1...+6 хэм,

Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -10...-15 хэм, өдөртөө -4...+1 хэм, бусад нутгаар шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -5...-10 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчимд

Хур тунадас: 17-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 14-16-нд өдөртөө дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-20 хэм, бусад хэсгээр -9...-14 хэм хүйтэн, өдөртөө -3...+2 хэм дулаан байна. 17-19-нд хүйтэрч шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -6...-11 хэм хүйтэн байна.