11 сарын 30, 2023
Дарьгангын сод хүмүүн
Дарьгангын сод хүмүүн
БНМАУ-ын АИХ-ын депутат, монгол хэл, уран зохиолын багш, сургуулийн захирал, яруу найрагч, ая зохиогч, хөгжимчин, гэрэл зурагчин, ардын аман зохиол судлаач Ш.Содномдашийн уран бүтээлийн соён гэгээрүүлэх тэнхим

“... Өндөр гэгээн Занабазар Ногоон дарь эх бүтээсэн шиг Содномдаш багш маань “Шавь нараа урлан туурвина”, “Тэднийхээ сэтгэлийг бүтээнэ”, Сайн эр, сайхан хүн болох сон гэх хүсэлд эзэмдүүлнэ. Яахин муу юм хийнэ. Багш өөрөө дуу зохионо. Багш өөрөө аяыг нь хийнэ. Бид гайхна. Содномдаш багш шигээ болох сон гэж хүснэ. ...” Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч, сод хүмүүн О.Дашбалбар 32 жилийн өмнө өөрийн багшаа ийнхүү дурсан бичсэн нь номын хуудаснаа үлджээ.

Тод хүмүүсийн сэтгэл, хүсэл мөрөөдлийг “урлан туурвисан”, нэгэн биенээ арван эрдэм, авьяас чадал цогцлоож агсан Ш.Содномдаш хэмээх ховорхон хүмүүний тухай энд өгүүлэхийг хүслээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвд түүний ажил, амьдралаараа холбоотой намхан, хүрэн дүнзэн байшинг БНМАУ-ын АИХ-ын депутат, монгол хэл, уран зохиолын багш, сургуулийн захирал, яруу найрагч, ая зохиогч, хөгжимчин, гэрэл зурагчин, ардын аман зохиол судлаач Ш.Содномдашийн уран бүтээлийн соён гэгээрүүлэх тэнхим хэмээн нэрлэн, түүний бүтээлүүдээр тохижуулжээ.

Нэгэн хүнд ийм олон эрдэм зэрэг цогцолж болно гэж үү? хэмээн эл өргөөг сонирхож үзэх аваас нэг бүрчлэн танилцах гэвэл нэлээн хэдэн өдрийг энд барах хэрэг гарах ажээ. Ширээнээ дэлгэсэн зүйлсээс цоолбороор “Сэдэвт сүлжээ 1987” гэж бичиж, мөн хоёр талд нь монгол хээ цоолборлон зурсан ном анхаарал татна. Тэрбээр үгийн сүлжээг ашиглаж чадвал ямар ч хичээлээр сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх боломжтой гэж эл номын оршлын оронд өгүүлээд олон төрлийн сэдэвт үгийн сүлжээг зохиож, хариутай нь нийтэлжээ. Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр бичгийн машинаар цохиж, даавуун цагаан утсаар оёж үдсэн зузаавтар номын хуудсыг эргүүлэх бүрд хүүхдэд эх хэлийг нь сонирхолтойгоор мэдүүлэх, ном уншуулж сургах гэсэн монгол хэл уран зохиолын багш хүний чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр мэдрэгдэж байлаа.

ugiin_suljee 

Чанх дээд талын номыг харваас Гэрэл зураг сонирхогчдод, Овоот 1969 гэжээ. Хавтасны зургийг мөн л зохиогч өөрөө зурж, бичиж чимэглэж. Монгол Улсад гэрэл зургийн газар байгуулагдаад 12-хон жил өнгөрч байхад сумын сургуулийн багш, гэрэл зурагчин Д.Содномдаш дугуйлангийн сурагчдад зориулан гэрэл зургийн анхны мэдэгдэхүүний хичээлүүдийг бичгийн машинаар цохиж бэлтгээд, Дарьганга сумын төв Овоот багтаа хэвлүүлж байсныг 54 жилийн дараах номын шарласан хуудас гэрчилж байна.   

Монгол хэл уран зохиолын багш Ш.Содномдаш 30 гаруй жил сурган хүмүүжүүлэх, сургууль удирдах үйлсийнхээ сацуу нэг ч төгрөгийн цалингүй, ганц ч гавьяаны тэмдэггүйгээр соёлын салбарт тушаал авсан цэрэг мэт үнэнч зүтгэснийг хүрэн дүнзэн байшингийн ханаар дүүрэн өлгөсөн аяыг нь зохиож нотлосон дууны шүлгүүд, Дарьганга нутгийн соёлын биет болон биет бус өвийн судалгаа, судалбар гэрэл зургууд нотолно.

Алтан-Овооны тахилгын зочид энэхүү тэнхимээр зочлохдоо “Миний өвөө, гөеө, аав, ээж, авга, нагацын зураг байна уу?” гэж сурагласаар хатуу цаасан хүрээн дээр нь монгол хээ жаазлан зурж, тайлбарыг нямбайлан бичсэн гэрэл зургуудын дундаас эрлээ олж, магнайдаа адислан, талархсаар гарч байлаа. Хэзээ нэгэн өдөр ийм явдал болно гэснийг мэдсэн мэт тун чамбай архив үлдээжээ. Тэрээр төрсөн нутгийнхаа үүх түүх, амьдрал ахуйг өгүүлэх 2000 гэрэл зураг авч үзэсгэлэн дэглэж байсан нь энэ цагт эздэдээ хүрч байгаа аж. Удам залгасан дарьганга уран дарханы хүү тэрээр монгол даяар алдартай дарьганга алт, мөнгөн хийц, уран дархны сэдэвт 1000 гаруй гэрэл зургийг авч үзэсгэлэн гаргаж байсан нь өдгөө цагийн хүмүүст үнэ цэнтэй архив.

zurag4 

Сурган хүмүүжүүлэх, удирдах ажил, халамжит хань, зургаан хүүхдийн сайн аав байх амьдралаа алийг нь ч алгуурлаж, цалгардуулахгүйгээр уйгагүй хөдөлмөрлөж, бусдад даруухан үлгэрлэж, чөлөө гарвал баян хуураа тоглон биднийг баясгаж байдаг цуцашгүй эрч хүчтэй, гайхамшигтай хүн байлаа, аав минь гэж охид нь орсон, гарсан хүн бүрд бахархал дүүрэн дурсаж байсан юм.

Түүний эмхэтгэсэн “Дарьганга нутгийн домог” номд алдарт “Жаахан шарга” уртын дууны домог бий. Харин шавь О.Дашбалбар нь багшийгаа хэрхэн дуулдаг байсныг “... Дарьгангын ардын дуу цуглуулагч түүнийг яахин мартана. Өндөр туранхай тэрбээр үдэш орой цагаар ганцаар үлдэж, хөдөөгийн сургуулийн хоёр давхар цагаан байшинг баянхуур, бадралт бишгүүр хөгжмийн эгшгээр чимэх бөлгөө.

Дэвээд байдаг дээврийг

Дээсний үзүүрээр дардаг даа хө

Дэнгэлзэж байгаа сэтгэлийг

Одоо юугаар тогтооно вэ? ... ардын дууны гайхамшигт аялгуу, гайхамшигт үг өрөө тасалгаа бүхэнд нэвчин нусгай жаалууд бид байшингийн цонх, булан, хаалга бүхний дэргэд булталзана.” гэж дурсжээ.

zurag1 

Энэ байшинд дэлгэсэн бүтээлүүд Ш.Содномдаш хэмээх хүмүүний бүтээж туурвисны зөвхөн багахан хэсэг гэдгийг хүүхдүүд нь хэлж байв. Ийм ихийг хийсэн хүн их урт насалсан болов уу хэмээвэл үгүй. Монгол оронд дайны хөл үймээнтэй цаг 1936 онд хорвоод эснэсэн тэрээр 58 наслахдаа эгэх хугацаагаа мэдсэн мэт хором ч алмайрах чөлөөгүй, энгүүн боловч эгэлгүй хөдөлмөрлөжээ. Сод авьяаст аавынхаа шүлэг, аялгууг нь зохиосон “Аав ээж хоёр минь” дууг

... Сүмбэр мөнгөн уул нь болбол хө

Сүүн заадас сүвлэнхэн байна аа

Саруул ухаант аав ээж минь хө

Сургаал эрдмийн далай юм аа хө... хоолой хоршуулан дуулах чимээ цангинасаар алсарч үлдэх нь Ш.Содномдаш багшийн санаачилсан “Гангын долгио” хүүхдийн радио станц Дарьганга сумын төвд ингэж л цуурайтдаг байсан болов уу гэдэг бодол мэдрэмж төрүүлэх.