“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын дөрөв дэх дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын дөрөв дэх дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

“COP17-Залуучуудын загвар хуралдаан” гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд боллоо. Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 60 оролцогч цөлжилт, газрын доройтлын талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэл хүлээн авч, багаар ажиллан, судалгаа шинжилгээ хийж, олон улсын дипломат харилцаа болон хэлэлцээрийн нарийн үйл явцыг таньж, мэдэрч, илтгэл хэлэлцүүлж, мэтгэлцээн өрнүүлэн, санал санаачилга гаргажээ.

Хуралдаанаас ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо болох СОР17 хуралдаанд “Монголын залуучуудын хүргэх уриалга”-ыг батлан гаргасан байна. Загвар хуралдааныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр МУИС зохион байгуулжээ.

“НОГООН” ӨДӨР

Мягмар гараг буюу гуравдугаар сарын 3-нд Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиосон. Тодруулбал, 2013 оны 12 дугаар сарын 20-нд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганаар энэ өдрийг Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр болгон албан ёсоор тунхагласан байдаг.    

Энэ удаа Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдрийг “Эмийн болон анхилуун ургамлууд: эрүүл мэнд, үнэт өв, амьдралын эх үүсвэрийг хамгаалах” уриа дор тэмдэглэсэн. Ингэснээр хүний эрүүл мэнд болон экологийн тэнцвэрт байдалд чухал ач холбогдолтой эмийн ургамлууд, анхилуун буюу үнэрийг нь ашигладаг ургамлын өнөөгийн нөхцөл байдлыг харуулах, хэлэлцэх, хамгаалах, судлах зэргээр цаашид хэрхэн анхаарал хандуулах тухай олон улсад хэлэлцсэн.

Энэ өдөрт зориулан wildlifeday.org-т гаргасан мэдээллийг манай сэтгүүлч орчуулан уншигчдад хүргэснийг “Байгалийн гаралтай” гэдэг тодорхойлолтод дуртай хүн бүрд хамаатай өдөр холбоос дээр дарж уншаарай.  

“НОГООН” БҮТЭЭЛ

Монгол Улс нь НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенц (CBD)-д 1993 онд нэгдэж биологийн олон янз байдлыг судлах, хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд амьтан, ургамал, мөөг, бичил биетний зүйлийг хамгаалахад зүйлүүдийн популяцын эрсдэлийг үнэлж, зэрэглэл тогтоох үйл ажиллагаа буюу “Улаан данс”-ыг боловсруулах нь чухал байдаг.

Тэгвэл манай эрдэмтэн, судлаачид Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн улаан данс ба хамгаалал, Монгол орны загасны улаан данс ба хамгаалал, Монгол орны хөхтөн амьтны улаан данс ба хамгаалал нэртэй гурван цуврал бүтээл гаргажээ. Эдгээр бүтээлд монгол орны 77 зүйл загас, долоон зүйл хоёр нутагтан, 25 зүйл мөлхөгч, 140 зүйл хөхтөн амьтны ховордлын зэрэглэлийг Олон улсын шалгуурын дагуу дахин үнэлж, тогтоосон үр дүнгээ нийтэлсэн байна.

“Улаан данс”-ыг БОУАӨЯ-ны захиалгаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр ШУА, МУИС, МУБИС, ХААИС болон төрийн бус байгууллагын төлөөлөл эрдэмтэн, судлаачид бүтээжээ. Өмнө нь Монгол Улс нугаламт амьтдын Улаан дансны үнэлгээг 2006, 2011 онд хийж байсан юм.

“НОГООН” САНААЧИЛГА

“Хуванцаргүй СОР17” санаачилгыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо СОР17 бага хуралд оролцох олон улсын зочид, төлөөлөгчдөд Монгол Улсын байгаль орчны хариуцлагыг харуулах бодит ажил болно гэж зохион байгуулагчид тодорхойлж байна.  

“Хуванцаргүй COP17” санаачилгаар хогоо ангилж хэвших, нэг удаагийн хуванцраас татгалзах, хуванцрын хэрэглээг багасгах энгийн шийдлийг нийтэд санал болгож, уриалж байгаа юм. БОУАӨЯ, СОР17 зохион байгуулах үндэсний хороо, ХХААХҮЯ, ЭМЯ, Эко сум ТББ, Хог хаягдалгүй Монгол, Монголын Байгалийн Өв Сан, МҮХАҮТ хамтран санаачилгыг хэрэгжүүлж байгаа ажээ.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon_toim4-2 “Мөнх ногоон харгай”. Ховд аймгийн Булган сум.

Монгол Улсын баруун өмнөд хязгаарт орших Байтаг богд уулаас эх авч урсах Бүдүүн харгайт голын эрэг дагуу ургасан харгай модны намрын үзэмжийг та харж байна. Харгай нь эрс тэс уур амьсгалтай монгол орны сэрүүн уур амьсгалтай, чийглэг бүсэд ургадаг бат бөх, чийрэг ястай, мөнх ногоон шилмүүст мод бөгөөд нарсныхан овогт хамаардаг. Өтгөн ногоон шилмүүсээ гээдэггүй, 200 орчим жил насалдаг хэмээн тэмдэглэжээ. Тэгэхээр “Бүдүүн харгайт” голыг даган ургасан энэ том модод магадгүй 78 жилийн өмнөх “Байтаг Богдын тулалдаан”-ы “гэрч” байж мэднэ. Монголчууд энэ модыг харгай гэхээс гадна жодоо хэмээн нэрлэдэг юм.

“НОГООН” ДЭЛХИЙ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй тул энэ хэсэгт байгаль орчин, нийгэм, улс төрийн идэвхтэн, Кени улсын иргэн, Нобелийн энхтайвны шагнал хүртсэн анхны африк эмэгтэй Вангари Маатаи /1940-2011/-н тухай товч мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр мод тарих, байгаль орчныг хамгаалах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн байгаль орчны төрийн бус байгууллага “Ногоон бүсийн хөдөлгөөн”-ийг 1977 онд үүсгэн байгуулсан. Олон нийт, тэр дундаа эмэгтэйчүүдийн хүчин чармайлтыг нэгтгэн эхлүүлсэн энэхүү хөдөлгөөнөөрөө дамжуулан ой модыг устгахыг эсэргүүцэж, байгаль хамгаалах, цөлжилтийг бууруулах үйлсийг түүчээлэн Кени болон Африкийн орнуудад 30 гаруй сая мод тарьжээ. Зөвхөн мод тарьж, ургуулаад зогсохгүй эмэгтэйчүүдийг ойн аж ахуйн болон бусад мэргэжлээр сургаж,чадавхжуулж амьдралд нь томоохон хувь нэмэр оруулж, эерэг өөрчлөлтүүдийг хийж байсан гэдэг.

Түүний энэхүү үйл болон нийгэм, улс төрд өрнүүлсэн тэгш эрхийн төлөөх тэмцэл нь байгаль орчин, энхтайван хоёр нь салшгүй холбоотой бөгөөд байгаль хамгаалах үйлс болон даян дэлхийн энхтайвныг салгаж боломжгүй гэдгийг харуулж чадсан юм.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 хоног /2026.03.06-03.15/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Анхааруулга: Гуравдугаар сарын 10-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарах боловч 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 9, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,

14-нд Халх голын сав газар, Алтайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: 6-10-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -10...-15 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -4...-9 хэм,

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 хэм хүйтэн, өдөртөө +10...+15 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө +5...+10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -12...-17 хэм хүйтэн, өдөртөө 0...+5 хэм дулаан байна.

11-нд баруун аймгуудын нутгаар, 12-15-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 хэм, өдөртөө -22...-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -17...-22 хэм,

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 хэм, өдөртөө 0...-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -16...-21 хэм, өдөртөө -4...-9 хэм, бусад нутгаар шөнөдөө -21...-26 хэм, өдөртөө -10...-15 хэм хүйтэн байна.