Ленинградыг зорьсон оюутнууд Цагаан сар тэмдэглэсэн нь
Ленинградыг зорьсон оюутнууд Цагаан сар тэмдэглэсэн нь

Гэрэл зургийн тайлбар: ЗСБНХУ-д албан ёсны айлчлал хийсэн УБХ-ын төлөөлөгчид Ленинградад суралцагч оюутан, сонсогчидтой. Ш.Бат-Очир, П.И.Воробьев (1923-1932 онд Дорнодахины амьд хэлний дээд сургуулийн ДДАХДС) ректор, 1936-1937 онд БНМАУ-ын СБХ-ийн зө

Уншигч танд монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын мэнд дэвшүүлье. 

Түүх судлаач Р.Баяртай 2025 оны хоёрдугаар сарын 25-нд хийж байсан "Ж.Лхагвасүрэн, С.Равдан, Г.Рэндоо нарыг барих зөвшөөрлийг маршал Дотоод яамныханд өгөөгүй гэдэг" ярилцлагаас Ленинград хотод суралцаж оюутнууд Цагаан сарын баяраа тэмдэглэж байсан тухай мэдээллийг онцлон хүргэж байна. 

-Ленинградыг зорьсон оюутнууд “Цагаан сар” тэмдэглэсэн тухай хөөрхөн дурсамжийн тухайд?

-Ленинградад очсон даруй оюутнууд маань орос хэл бичиг, заншил мэдэхгүй, дасан зохицох гэж тэрүүхэндээ л мунгинаж, нутаг орон, аав, ээжээ санацгааж, зарим нь бүр сэтгэлээр унасан юмсанж. Тэгсэн эрдэм ухаан төгөлдөр багш нар нь үүнийг гярхай ажиглаж, тэдний сэтгэл санааг засах гэж монголын Цагаан сарыг (1925 оны) оюутны байранд тэмдэглэх шийдвэр гаргаж, монгол ёсоор тэмдэглэхэд юу юу ордгийг бэлтгүүлэх хүмүүс томилж, амьд хонь авчруулжээ. Залуус чинь өв соёл тээгч учир монгол ёсоороо төхөөрч, бүх махыг нь монгол заншлаар эвдэж, сайхан чанаж, боов боорцог хийж идээ засаж, монгол бууз хийснийг нөгөө багш нар нь (захирал П.И.Воробьев, академич Б.Я.Владимирцов,  С.Ф.Ольденбург, Н.Н.Поппе, Г.Е.Грумм-Гржимайло, С.А.Козин г.м.) маш анхааралтай ажиглаж, мөн битүүлэх ёс, битүүлгэн дээр хэлэх үг, ерөөх ерөөл зэргийг нэгд нэгэнгүй тэмдэглэл үйлдэж аваад соёлын нэгэн судалгаагаа газар дээр нь зохион байгуулж л дээ. Харин айраг байхгүй юм чинь гээд оронд нь шар айраг сөгнөж, хивсэн дээр нам ширээ засаж, цөм зэрэгцэн суугаад, багш нартайгаа хамт шөнө болтол Цагаан сарын битүүн тэмдэглэсэн гэж оюутнуудын хамгийн ахмад, 1899 онд мэндэлсэн Ардын хувьсгалын партизан, зохиолч Жүгдэрийн Дамдин гуай дурссан байдаг, бусад оюутнууд 1900-1908 оныхон байж. Ж.Дамдин гуайн бичиж үлдээснээс би жишээ татаж ярилаа шүү дээ. Алс газарт эрдэмд тэмүүлсэн залуус цаашдаа өөр өөрийн зам мөрөө хөөгөөд явсан ч үндэс суурийг нь гайгүй тавиад өгсөн учир илүү сурч, боловсроод улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаажээ.   

Ярилцлагыг бүтэн унших холбоос: https://bpress.mn/content/1257