Р.Баяр: Ж.Лхагвасүрэн, С.Равдан, Г.Рэндоо нарыг барих зөвшөөрлийг маршал Дотоод яамныханд өгөөгүй гэдэг    
Р.Баяр: Ж.Лхагвасүрэн, С.Равдан, Г.Рэндоо нарыг барих зөвшөөрлийг маршал Дотоод яамныханд өгөөгүй гэдэг    

Түүх судлаач, орчуулагч Р.Баяр

Эрдэм ном сурахаар холын Ленинградыг зорьсон анхны оюутнууд Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ зориулсан

Гадаад улсад боловсрол эзэмшихээр хилийн дээс алхсан монгол залуусын түүчээ бол 1924 онд Ленинградын Дорно дахины амьд хэлний дээд сургуулийг зорьсон 30 гаруй оюутан байсан юм. Өнгөрсөн 2024 онд монгол залуус эрдэм сурахаар алсыг зорьсны 100 жилийн ой тохиосон билээ. Амьдрал, хувь тавилангаараа монголын түүхийн онцгой хэсэгт холбоотой тэрхүү залуусын туулсан, бүтээсэн намтар, түүхийг судалгааны үндсэн дээр өгүүлсэн “Эрдэмд тэмүүлсэн залуус – 100 жил” сэдэвт уулзалт-хэлэлцүүлгийг түүх судлаач Р.Баяр зохион байгуулсан юм. Тэр бол Ленинградыг зорьсон анхны оюутнуудын нэг, хожмын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн зээ хүү билээ. Түүнтэй 100 гаруй жилийн өмнө эрдэмд тэмүүлж, алсад одсон залуусын болон тэдний нэг болсон аавынх нь тухай ярилцлаа.

 -Таны зохион байгуулсан “Эрдэмд тэмүүлсэн залуус-100 жил” үйл ажиллагаанд очиж судалгааны илтгэлүүдийг, тэдгээр хүний үр удмынх нь яриаг сонссон. Тэдний дунд танай аав байсан нь энэхүү түүхийг сонирхон судлах үндэс болжээ дээ?

 -Манай аав Сандивын Равдан 1924 оны анхны оюутнуудын нэг. Манайд тэр оюутнуудын авахуулсан нэг гэрэл зураг байдаг байсан юм. Яваандаа би 20 гаруй жилийн өмнөөс гэрэл зургийн судалгаа хийдэг болоод энэ хүмүүсийн тухай мэдээллийг бага багаар цуглуулж эхэлсэн. Тэдний нэлээд нь хэлмэгдэж, цаазлагдсан, бас шоронд олон жил хоригдоод гарсан хүмүүс ч байна. Заримынх нь үр удам энэ тэр гэж үлдээгүй шахуу нь эмгэнэлтэй. Би яах вэ, амьд мэнд гарсан хүнийх нь үр садын хувьд тэднийг нь тодруулаад, амьдрал, хувь тавиланг нь хойч үед гаргачихъя гэж бодсон юм.

Аавын бичиж үлдээсэн нэг багахан дурсамж байдаг юм. Тэрэнд бичсэнээр, аав 1907 онд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг Хэрлэн цагаан талбай гэдэг газар мэндэлсэн, аав ээжийнхээ дэргэд хонь хариулж өссөн гэдэг. Нутгийн нэгэн баян Базар зайсангийн хонийг хариулдаг, ухаан сийрэг, сэргэлэн хүү байна гээд нөгөөх нь бичиг үсэг заасанд гайгүй сурсан юмсанж. Ардын хувьсгалтай золгож, 1922 онд зүүн хязгаарт ардын засаг тогтож, эвлэлийн үүр гэдэг юм байгуулагдахад гишүүн болсон байгаа юм.

Тэр үед заншлаараа залуучууд нь урт гэзэгтэй байсныг нэг өдөр найз Намсрай нь хайчаар тайрчихаж л дээ. Ингээд 1923 оны Цагаан сарын өмнө эвлэлийн гишүүн болж, гэзгээ “алдаад” байхад нь нутгийн баячууд “гуйлгачны хүүхдүүд гэзгээ авахуулаад, цөвүүн цаг ирэх нь” гэж ярьж байсан гэнэ лээ.

Улмаар 1924 оны намар тийш Нийслэл Хүрээнд Бошгыг халах залуучуудын эвлэлийн III Их хуралд оролцох төлөөлөгчөөр сонгогдож. өртөөгөөр дамжин давхисаар Хүрээнд иржээ. Өртөөний алба чинь 1949 он хүртэл Монголд байсан, маш хүнд албанд тооцогддог байжээ. Нийслэл Хүрээнд ирээд “ангаахай” Дэндэв гэж нутгийн айлын хашаа дахь хоосон амбаарт байрлаж, ямар ч байсан толгой хорогдох газартай, эвлэлийн хурлын төлөөлөгчийн өдрийн хоолны зардлын 50 мөнгөтэй болж гэнэ.  

-Тэнд бусадтайгаа танилцаж, сургуульд явсан байх нь ээ?

-Тэгжээ. Хурлын ажиллагааны үед Н.Гонжоон, Д.Нацагдорж, Б.Элдэв-Очир нартай танилцаж гэнэ. Тэр үед одоогийн ойлголтоор зочид буудал энэ тэр байгаагүй, ямартай ч хурлын төлөөлөгчид байр орноо өөрөө аргалж байж. Б.Элдэв-Очир аав хоёр хоёул хөдөөнөөс ирсэн юм болохоор хэл амаа ололцож, овоо найзлах болж, орон гэрийн хувьд хэцүүхэн байдалтай байсан түүнийг өртөөний хар гэрт байснаас хамт байя гээд нөгөөх “ангаахай” Дэндэвийн хоосон амбаарт “урьсан” байгаа юм. Нэгийнхээ дээлийг дэвсэж, нөгөөг нь нөмрөөд, өвөртөө орж унтдаг байсан гэж дурссан байдаг.

Тэр хурлын үеэр залуусыг гадаадад сургуульд явуулах асуудал яригдаж, нэлээн хүн явахаар болж, Эвлэлийн төв хороонд очиж асуудлаа шийдэх гэж байтал аав ханиад хүрчихсэн тул бараг хүчээр шахуу  эмнэлэгт хүргэгджээ. Хурлын төлөөлөгч, мөн боловсон эмнэлэг сурталчлах гэж тэгсэн юм байх. Хэвтсэний маргааш өглөө сахалтай, нүдний шилтэй, туранхай өндөр орос эмч орж ирээд чагнаж үзээд, баахан юм ярьсанд мань хүн юу ч ойлгогүй хоцорчээ. Тэгсэн тэр эмч нь П.Н.Шастин байсан гэдэг. Одоо Улсын гуравдугаар төв эмнэлэг түүний нэрэмжит шүү дээ. Цагаан даавуун дээр унтаж сураагүй, бас эм, ариутгах бодис үнэртсэн эмнэлэгт хэдэн өдөр хэвтэж байгаад тэсгэл алдарч тэндээс оргоод, нөгөө амбаартаа очиж шалан дээр бөх гэгч нь сайхан унтаж амарчээ.

Маргааш нь Эвлэлийн төв хороон дээр очиж, Д.Нацагдоржтой уулзаж, үнэн учраа ярьсанд Д.Нацагдорж аавыг яаж байгаа юм бэ гэж зэмлэснээ, манайд бичээчийн орон тоо байна, энд ажилла гээд шууд 40 төгрөгийн цалинтай ажилд томилжээ. Тэр үед чинь нэг хонь 10 төгрөгийн үнэтэй байж. Тэгэхээр аавын цалин чинь жигтэйхэн их мөнгө байхгүй юу. Нөгөө сургуульд явах асуудал нь шийдэгдсэн хүмүүс нь түрүүлээд явчихсан, тэгээд ажилтай, цалинтай болоод байж байтал Улсын Анхдугаар Их хурал болж, хотын бүх бичээч нарыг дайчлан ажиллуулахад тэр дунд оржээ. Энэ үед ч мөн сургуульд явуулах тухай яриа сөхөгдөж, 12 дугаар сарын эхээр Ленинградыг зорьсон 14 хүний тоонд багтжээ. Сургуульд явах гэж байгаа юм гээд 60 төгрөг өгч гэнэ. Захаар явж европ маягийн цамц, костюм, хүйтнийг бодож ямаан дах авсан гэж байгаа юм.

bayar_sudlaach4 Гэрэл зургийн тайлбар: Ленинградын амьд дорно хэлний дээд сургууль (Ленинградский институт живых восточных языков), Н.Г.Толмачевын нэрэмжит Улаан Армийн цэргийн улс төрийн институтэд суралцагсад: Ж.Дамдин, Ш.Шагдар, 2-р эгнээнд: 2. Б.Ринчен, 3. А.Цэрэнжав, 4. М.Гомбожав, 5. Данзан, 3-р эгнээнд: 3. Д.Пагмадулам, 4. Д.Лхагвадулам, 5. О.Намнандорж, 7. Я.Цэвэгжав, 4-р эгнээнд: Г.Эрдэмбилэг, Д.Гончиг, Д.Нацагдорж, Л.Дэндэв, Н.Гонжоон, Б.Мотоо, С.Равдан, С.Сундуй, 1926 он.                                                                                                                                                                                  Гэрэл зургийн эх сурвалж: Судлаач Р.Баяр

-Таны аавын явсан нь бол хоёрдугаар ээлж болж таарах нь. Өмнө нь хэдэн оюутан явсан юм бол. Москвагаас цаашаа бас галт тэргээр Ленинградад очно гэхээр их урт замыг туулж, эрдэм номд зорьж явж дээ?

-Анхны удаа 18 хүн, тэгээд аавын багтаж явсан 14 гээд миний тооцооллоор 1924 онд 32 монгол хүн очсон байгаа юм. 

Тэд Улаанбаатараас Дээд Үд /Улаан-Үд/ хүртэл ид хүйтэнд морин тэргээр таван өдөр, тэндээсээ галт тэргэнд сууж ес хоног явж байж Москваад ирээд 1922 онд нээгдсэн Монголын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар хоёр унтаад, мөн галт тэргээр цааш Ленинградад 12 дугаар сарын дундуур хүрч очиход хагас сарын дотор 6600 гаруй км туулжээ.

Тэнд очоод Агваанлхаарамбын /Гүнзэчойнэй/ хийд хэмээх буддын сүмийн хажуугийн дөрвөн давхар байшинд байрлажээ. Тэр байшин одоо ч байдаг юм байна лээ. Ингээд тэд маань Ленинградын Дорно дахины амьд хэлний дээд сургуулийн оюутан болж, аав О.Намнандорж гуайтай нэг өрөөнд дөрвөн жил хамт амьдарсан байдаг. Дурсамждаа “Амралт, баярын өдрүүд, хичээлийн бус цагаар Намнандорж бид хоёр хотоор сэлгүүцэн, элдвийг үзэж сонирхоно ... 1925 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр би Невийн өргөн чөлөөгөөр явж байтал хөдөлгөөн гэнэт зогсов. Явган зорчигчид, ганц нэгэн машин, тэрэг бүгд байрандаа хөдөлгөөнгүй болж, ... би сандарч, юу болсныг зэргэлдээх хүмүүсээс асуухыг оролдсон боловч, миний хазгай муруй дуудсан ганц нэг үгийг тэд ойлгосонгүй бололтой ... Удалгүй хөдөлгөөн дахин сэргэж, хэвийн байдалдаа оров. Энэ нь Ленинград хотынхон Лениний нас барсны нэг жилийн ойг дурсан тэмдэглэж байсныг би байрандаа ирээд мэдэв ...” гэж бичсэн байдаг.

Тэгээд тэнд суралцагч монгол оюутнуудын олонх комсомол буюу ЗСБНХУ-ын Бүх холбоотын эв хамт залуучуудын эвлэлд гишүүнээр элссэн байгаа юм. Монголчуудтай хамт буриад, халимаг, казах оютнууд сурдаг байж. Хичээлийг нь зөвлөлтийн болон дэлхийн нэртэй монголч эрдэмтэд В.В.Бартольд, Б.Я.Владимирцов, Н.Н.Поппе, С.Ф.Ольденбург, А.В.Бурдуков, Н.Я.Марр, С.А.Козин зэрэг багш заадаг байжээ. Өндөр байшин барилга үзээгүй монгол хүүхэд, залууст Ленинградын гудамжаар явж байхад замын хажуугийн орд харш, аварга барилгууд дээрээс нь уначих гээд байгаа юм шиг эвгүй санагддаг, хагас, бүтэн сайнд гадуур их зугаалж, элдэв юм үздэг байлаа гэх зэргээр дурссан байдаг.

-Монгол залуусын явсан сургууль бол шууд дээд боловсрол олгохоор байгаагүй гэж ойлгодог. Ер нь амралтаараа ч юм уу, Эх орондоо ирэх боломж нь хэр байсан юм бол?

-Боломжоороо эх орондоо ирж байсан байгаа юм. Ирэхээр нь Зөвлөлтийн комсомолын гишүүн ирлээ гээд шууд аймаг, сум зааж өгөөд ухуулга, сурталчилгаа хийлгэхээр томилоод явуулчихдаг байж л дээ. Дээр асуусанчлан ялгаж, салгаж ойлгох ёстой юм байгаа. Оюутан гэсэн боловч, бүгд дээд боловсрол эзэмших биш, дунд сургуулийн ахлах ангийн хэмжээний боловсрол олгож байсан байгаа юм. Тэд чинь энэ сургуулиа төгсчхөөд дараа нь дээд сургуульд орох эрхтэй болсон гэсэн үг. Дорно дахины амьд хэлний дээд сургууль 1920-1938 онуудад ажилласан, олон монгол хүн төгссөн байдгаас хамгийн сүүлд суралцсан нь Цэндийн Дамдинсүрэн гуай юм билээ.

Бас анх явсан 30 гаруй оюутан бүгд төгссөн уу гэвэл бүдэг. Байгаль цаг уур нь монгол нутгаас эрс ялгаатай, чийгтэй орчин нөхцөлөөс шалтгаалан зарим нь ганц хоёр жил сураад буцаж ирсэн, оронд нь өөр хүмүүс нэмэгдэж очсон зэрэг үйл явдал болсон байдаг. Тэгэхээр яг хичнээн хүн очсон, хэн нь буцсан, ямар хүн нэмэгдэж очсон бэ гэдгийг тодруулах асуудал байгаа. Тэр сургуультай холбоотой архивын баримт үзсэн хүмүүс нэлээн монгол хүний нэр байна гэж байсан. Энэхүү сургуульд зорин очиж, эрдэмд суралцсан, төгссөн монгол хүмүүс хожим улс орныхоо хөгжилд өөрийн чадах, чадахаараа зүтгэж, багагүй хувь нэмрээ оруулсан байдаг.

-Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам хоёрын намтартай холбоотойгоор ч юм уу, Ленинград руу явсан оюутны зарим нь эргэж ирээд Герман явсан гэх ойлголт байдаг. Бас Ленинградын оюутнууд, Германыг зорьсон сурагчдын бөөндөө авхуулсан нэг зураг байдаг шүү дээ. Эдгээрийг та тайлбарлаж өгөөч.  

-Д.Нацагдорж Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн даргын хувиар залуусыг сургуульд явах асуудлыг эмхэлж, цэгцэлж байсан бөгөөд 1924 онд хүмүүсээ явуулаад 1925 онд Д.Пагмадулам тэр хоёр араас нь Ленинградад очсон байгаа юм. Тэгтэл 1926 оны тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр Улаанбаатарын үлгэр жишээ дунд сургуулиас шилж сонгосон 35 хүүхдүүд Герман явах замдаа тэнд очсон байхгүй юу. Мөн л тэдний дундаас эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан хүмүүс гарсан шүү дээ. Тухайлбал, “Орхон” үүлдрийн хонь бий болгосон төрийн шагналт Б.Аюурзана, зохиолч, эрдэмтэн Н.Наваан-Юндэн, гавьяат багш С.Бавуу, геологийн Ж.Дүгэрсүрэн, “герман” хэмээх Б.Доржсүрэн, ардын зураач Л.Намхайцэрэн гэдэг ч юм уу. Тэднийг Дээд-Үдээс Москва орох замд явахад нь багш Б.Ишдорж, Далай нар латин үсэг зааж, Ленинградад ирээд том хоттой танилцаж, соелын “шокоо” тайлж явахдаа тэнд байсан ах, эгч нар дээрээ очиж, хамтдаа авахуулсан зургийн тухай та асуулаа. Тэд маань Ленинградад галт онгоцонд сууж, Балтын тэнгисээр хөвсөөр Германы Штеттин хотод очиж, тэндээсээ галт тэргээр Берлин хүрсний дараа ийш тийшээ өөр хотууд руу тарцгаасан. Нэг ёсондоо техник мэргэжлийн сургуульд мэргэжил эзэмшүүлэх гэж явуулсан байдаг. Герман айлд амьдарч, үйлдвэр дээр дадлагажиж, үйлдвэр-сургалтын хэлбэрээр суралцаж байсан. Харин 1926 оны зун Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр эх орондоо ирээд зохих газар  өргөдөл бичгээ өгч, асуудал нь шийдэгдээд тэр намардаа Герман явж, 1929 он хүртэл тэнд байгаад дуудагдаж, эргэж ирцгээсэн.

tamgatai5 Гэрэл зургийн тайлбар: Эрдэм сурахаар Герман улсыг зорьж явсан монгол охид, хөвгүүд Ленинградад суралцаж буй элэг нэгт ахан дүүстэйгээ уулзсан цаг үе гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлджээ. Эх сурвалж: Судлаач Р.Баяр

-Ленинград явсан оюутнуудаас, Германыг зорьсон хүүхдүүдээс ч хэлмэгдсэн, хоригдсон, цаазлуулсан харамсалтай түүхтэй. Тэр цаг үед хэлмэгдэл гэгч аймшигт зүйлийг тойрч гараагүй гэр бүл ч гэж үгүй байх. Танай аавыг барих гээд хавтаст хэрэг бүрдүүлсэн байсан гэж Та ярьсан ...

-Ленинград явсан 32 дотроос чинь “шил” хочит Мэндбаярын Гомбожав, Кино хорооны анхны дарга, БНМАУ-ын анхны уран сайхны кино “Монгол хүү” киноны зураг авалтыг удирдаж байсан Доржийн Гончиг, Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан Балжиннямын Гонгоржав, ШУА-д байсан Эрдэмбилэг гээд олон хүн шоронд орсон. Дорно дахины амьд хэлний дээд сургуулиийн бэлтгэл анги дүүргэж, дараа нь Ленинградын Цэргийн хүн эмнэлгийн академи төгсөөд ирсэн БНМАУ-ын анхны хүний их эмч, Ардын цэргийн эмнэлгийн албаны даргаар ажиллаж байсан бригадын эмч (генерал) Лувсандашийн Дэндэв, цэргийн госпиталийн дарга байсан хурандаа Шархүүгийн Шагдар, Гэгээрлийн яамны сайд байсан Наваанцэрэнгийн Гонжоон, эмч болохоор сурч байсан Б.Өлзийбадрах нар цаазлагдсан.

Хэлмэгдлийн хар шуурганд манай гэр бүл ч өртсөн, аав өөрөө хэлмэгдээгүй боловч аавын том ах Ойдов гэж лам хүн байгаад 1937 онд буудуулсан. Бас аавын бага дүү С.Авирмэд Улс төрийн газрын дарга Лут-Очирын жолоочоор ажиллаж байсан тул даргатайгаа хамт баригдсан, даргыг нь буудан хороогоод, жилийн дараа жолоочийг нь сулласан гэдэг.

Харин 1940 онд Бүх цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэн, Улс төрийн газрын орлогч, Суртлын хэлтсийн дарга С.Равдан, Жанжин штабын даргын орлогч Г.Рэндоо гурвыг баривчлах гээд Дотоод яамныхан хавтаст хэрэг бүрдүүлээд, зөвшөөрөл авахаар маршал дээр орсон гэнэ. Гэтэл маршал тэр хавтаснуудыг нь харж харж байгаад өөдөөс нь чулуудчихаад, “Одоо болоо юм биш үү, ажил хийх хүн олдохоо байлаа” гэсэн гэдэг.

1940 оны 11-р сарын 11-нд МАХЦ-ийн Жанжин штабын дарга Жамсрангийн Цэрэнг баривчилж, хорьж байгаад 1941 оны 10 дугаар сарын 11-д цаазалсан, тэгэхээр ямар ч байсан маршал Х.Чойбалсан энэ гурван хүний аминд орсон, тэгсэн тулдаа өнөөдөр би ингээд өөртэй чинь юм яриад сууж байна даа. Тийм хувь тавилан бас байж. Гэтэл тэгж чадаагүй өчнөөн хүн байна шүү дээ.

Аавын бичиж үлдээсэн багахан дурсамжинд ингэсэн байдаг “Тэр үед цэргийн алба хаагчид байсан бид нарыг Ардын цэргийн офицерын өндөр нэр хүнд, Эх орон, ард түмнээсээ урваж, хувьсгалын эсэргүү, дайсан болохоо хүлээн зөвшөөрөхийг шаардсан тушаал хүртэл гаргаж байсныг санаж байна. Зарим ухамсар мөчид хүмүүс түүнд автах явдал ч байлаа. Энэ мэт балмад ажиллагаа нь бид нарыг байнга түгшүүлж байж билээ. Хэзээ хэзээгүй хувьсгалын эсэргүү хэрэгт тулгагдан баригдахыг хүлээж байсан хүмүүс олон байсан” гэж бичсэн нь өөрийгөө ч гэсэн хамаатуулсан хэрэг. Чухамхүү хэлмэгдсэн найз нөхдийгөө дурсаж, “Балмад этгээдүүдийн жигшүүрт гүтгэлэгт хилсээр өртсөн дайчин нөхдийн маань гэгээн дурсгал үүрд мөнхжиг!” гэж бичиж үлдээсэн болов уу.  

-“Эрдэмд тэмүүлсэн залуус-100 жил” уулзалт-хэлэлцүүлгийн үеэр олж сонссон нэгэн сонирхолтой мэдээлэл бол Б.Өлзийбадрах гэж барга хүний тухай түүх байлаа. Академич С.Чулууны илтгэлд “Сэцэнхан аймагт орж ирээд, хонь хариулж явсан Равдантай танилцаж, найзалжээ” гэж байсан. Тэр хоньчин хүү нь таны аав байсан гэж ойлгосон. Зөв үү?

-Мөн, мөн. Б.Өлзийбадрах гэдэг хүн 1921 онд Хятадын Коммунист намыг байгуулалцаж байсан хүмүүсийн нэг юм билээ. Нутагтаа Гоминьданы намын эсрэг тэмцэж байгаад шоронд ороод, тэндээсээ суллагдсан ч юм уу яасан ч юм бэ, ер нь Хятадад байхад хэцүү болоод зүүн хязгаараар дамжин монгол руу орж ирсэн гэдэг. Тэгээд Хүрээ орохоор явж байгаад аавтай танилцсан бололтой. Тэр хоёр хөдөө хээр танилцаж ярилцахдаа, Нийслэл хүрээнд болох эвлэлийн хурлын тухай мэдэлцэж, улмаар аав тэр хуралд оролцсон байгаа юм. Цаашлаад хамт Ленинградад сургуульд явсан.

Ер нь тэр хүний хувь тавилан их гашуун, ээдрээтэй амьдрал туулсан. Ленинградад сурч байхдаа Юдифь Орлова гэж еврей бүсгүйтэй танилцаж, түүнтэйгээ гэр бүл болсон. 1920-иод оны сүүлчээр түүнийгээ дагуулан Улаанбаатарт ирж, тэгээд аав тэр хэд нэг хэсэг нэг байшинд амьдарсан юм байна л даа. Улаанбаатарт таних мэдэх хүн байхгүй болохоор тэр биз, нийлж хашаа байшин хөлсөлсөн ч юм уу, худалдаж авсан ч юм уу, бүү мэд. Ямартай ч хэсэг хугацаанд  хамт амьдарч байсан байгаа юм. Би сүүлд Орловагийн гар бичмэлүүдийн хуулбарыг харж байхад тэнд Равдан гэж хүн Б.Өлзийбадрахын үнэнч найз, бид нэг хэсэг хамт амьдарсан, тэр байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй, нямбай цэмцгэр залуу байсан энэ тэр гэж бичсэн байна лээ.

Б.Өлзийбадрах ингэж Улаанбаатарт ирснийхээ дараа буцаад нэг цэргийн сургуульд явсан юм шиг байгаа юм. Тэрхүү сургуулиа төгссөн юм уу, үгүй юу мэдэхгүй, эргэж ирээд Улаанбаатар хотын шүүхийн дарга хийж байгаад 1932 онд баригдаж, 1934 он хавьцаа суллагдаж, дахин хөөцөлдсөөр байгаад 1935 онд Ленинградын Цэргийн хүн эмнэлэгийн академид явжээ. Тэнд суралцаж байхад нь 1938 онд төвөөс буюу Улаанбаатараас дуудаж, ирснийх нь дараа тун удалгүй барьж аваад буудчихсан байгаа юм. Орловагийн захидлууд дунд Б.Өлзийбадрахын бичсэн нэг захидал байна лээ, түүнд “Би Улаанбаатарт тодорхой хаяггүй юм чинь чи наддаа захиа бичих бол Цэргийн яам, Улс төрийн газар, Равданд” гэж хаяглаарай гэсэн байсан. Гэхдээ тэр захидал ямар ч байсан Орловагийн гарт яг очсон болоод, магадгүй явуулж амжаагүй, Б.Өлзийбадрахаас олдсон бол ардын дайсны хамсаатан гээд Равданг барьж аваад шоронд хийчих юм уу, эсвэл буудчих ээдрээт явдал үүсэж болох байжээ гэж боддог юм.

-Эхнэр нь түүнийг цаазлуулсан тухай мэдээгүй олон жил болсон, хожим танай аав очиж уулзаад, цагаатгагдсан тухай хэлсэн тухайд?

 -Аав нөхөрлөлдөө үнэнч хүн байсан юм билээ, 1960 онд Ленинградад ажлаар очихдоо Орловатай уулзсан байгаа юм. Дахиад сүүлд 1968 онд эмээ Ж.Цэнд, Москвад сурч байсан эгч Оюун нарын хамт очиж уулзаж, Б.Өлзийбадрах цагаатгагдсан тухай хэл дуулгаж, сэтгэлийг нь тайтгаруулсан юмсанж. Хөөрхий тэр эмэгтэй эр нөхөртөө юу тохиолдсоныг мэдэхгүй олон жил зовж, шаналж, 1940-өөд онд нэгэн орос хүнтэй гэрлэж, нэг охинтой болсон нь өдгөө 80 орчим настай, Санкт-Петербургт оршин суудаг гэсэн.

tamgatai1 Баруун гар талаас bpress.mn сайтын эрхлэгч Г.Батзаяа, судлаач Р.Баяр

-Анх гадаад улсад сурахаар хилийн дээс алхаж, жим гаргасан энэ 32 оюутны туулсан амьдрал, хувь тавилан, Эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг багцлан хэлбэл?

-Ямар ч байсан энэ сургуульд явсан хүмүүс мэдлэг гэдэг юмыг хатаж хуурайшсан газар ус сорж авах мэт нэвт шингээж, хичээнгүйлэн суралцсан байгаа юм. Итгэл найдвар хүлээж, тэнд очсон гэдгээ ухамсарлаж, биеэ сэтгэлээ дайчилж байсан гэдэг. Дөнгөж хөдөөгөөс ирсэн, гэрээсээ ч холдож үзээгүй улсууд тэр холын хол газар явна гэдэг чинь асар их зориг гаргаж байгаа байхгүй юу. Би чадна, би үзнэ гэж тэмүүлээд явсан тэд тодорхой хэмжээгээр боловсрол эзэмшээд, цаашид суралцаж, улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан байна. Тэдний гаргасан жимээр өчнөөн монгол хүн Ленинградад академи, их, дээд, дунд сургуулиуд төгссөн. Анхны замыг нь тавьсан улсууд бол тэд нар маань юм даа.

-Бямбын Ренчин гуайн тухай нэгэн сайхан дурсамж дээрийн уулзалт-хэлэлцүүлгийн үеэр яригдаж байсан. Энд дахин дурсвал?

-Бямбын Ринчен гуай бол тэрхүү 32 оюутны нэг шүү дээ. Дэлхийд нэр хүндтэй эрдэмтэн, зохиолч, судлаач. 1970 онд Румын Улсад дэлхийн зохиолчдын хурал болжээ. Тэр хуралд оролцсон Б.Ринчен гуай ёстой хүмүүсийг араасаа хуйлруулсан, хуралдааны өмнө, дараа, завсарлагааны үеэр түүнтэй гар барих, зургаа авахуулах, гарын үсэг зуруулах гэсэн хүмүүс бүччихдэг байсан гэж тэр үед Бухарестэд суугаа манай Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга-орчуулагч байсан Б.Чимиддорж гуай сүүлд уулзахад хуучилж билээ.

bayar_sudlaach_renchin_guai Гэрэл зургийн тайлбар: Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Б.Ренчин дэлхийн зохиолчдын хурлын үеэр. Эх сурвалж: Судлаач Р.Баяр

-Таны аав хурандаа генерал С.Равдан гуайн үйл хэргийн тухай?

-Аав бол 1928 онд сургуулиа төгсөж ирээд Аж ахуйн яаманд зааварлагч, бичиг үсэгт боловсорсон хүн хэрэгтэй гээд хэвлэх үйлдвэрт хэвлэгчээр томилогдон ажиллаж байгаад 1930 онд цэрэгт явж, 1932 оны иргэний дайнд оролцжээ. Тэр дайны үеэр нийт 5000 гаруй монгол хүн амь үрэгдсэнд их эмзэглэж, хожим хүүхдүүддээ дайн гаргахгүйн төлөө яваарай гэж захидаг байж. Мөн японы түрэмгийлэгчдийн эсрэг 1935, 1936 оны Адагдулаан, Буландэрсний байлдааны ажиллагаа, 1939 оны Халх голын дайн, 1941 оны 07-11 сард Улс төрийн академийн сонсогч байхдаа Москвагийн хамгаалалт, 1944 онд Баруун хязгаарт казахын зэвсэгт дээрэмчдийг хөөн зайлуулах байлдааны ажиллагаа, 1945 оны Японы эсрэг дайн, 1947-1948 оны Баруун хилийн тулгаралтад биеэр оролцож, нэг бус удаа шархдаж, 1950-1953 оны Солонгосын дайны гэрч болж, америкийн бөмбөгдөлтөд өртөж, битүү гэмтэл /контузи/ авч байв.

Өөрийнх нь эрүүл мэндийн хувьд хамгийн хөнөөлтэй үе Солонгосын дайн байсан. Дайны нөхцөл байдал Ардчилсан Солонгосын хувьд хэцүүдээд, элчин сайдаар цэргийн хүн томилж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 1952 онд тэнд очоод хивсэн бөмбөгдөлт, өнчрөл хагацал, орчин үеийн дайны хамаг муу муухайг үзэж, зүрх сэтгэл нь шимширч байсан тухай дурссан байдаг л даа. Тэгээд энэ хүмүүсийн уй гашуу, зовлонг жаахан ч гэсэн нимгэлье гээд Төв хорооны гишүүний хувиар санал тавьж, асрах газрын 200 өнчин хүүхдүүдийг ядуу ч гэсэн амар тайван монголд авчирч өсгөж, хүмүүжүүлэхээр болжээ. Өнчин өрөөсөн, өвдөж зовсон хамгийн хүнд нөхцөлтэй л хүүхдүүд байж таараа шүү дээ. 200 хүүхэд замд гарсны гурав нь замдаа нас бараад 1952 оны зун 197 хүүхэд монголд ирсэн. Тэдэнд зориулж Зайсангийн зүүн талд хоёр байшин гаргаж өгч, Шарга морьтод тусгай зуслангийн байр хүртэл байгуулаад 1959 он хүртэл асарч, тордоод нутаг буцаасан түүх бий. Зарим нь эндээ үлдэж, монгол хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон нь ч бий. Тэр үед чинь БНМАУ бас ядуухан л байлаа шүү дээ, тэгсэн мөртөө ингэж сэтгэл гаргаж хандсан байгаа юм.

Аав маань ийм олон дайн, байлдаан үзсэн учраас эх орноо зэвсэг бариад хамгаалах нэг хэрэг, харин хүн амыг байгалийн гамшиг болон үй олноор хөнөөх зэвсгийн хөнөөлөөс хамгаалах хүмүүнлэгийн байгууллага байх ёстой гэж зүтгэсээр байж 1970 онд Иргэний хамгаалалтын газрыг БХЯ-аас тусгаарлаж, Сайд нарын Зөвлөлийн харьяа газар буюу яам байгуулсан, одоогийн онцгой байдлын байгууллага шүү дээ.

Энхтайван цаг байхад дайн ярьдаг хүн нь би болчихлоо гэж том ахад нэг удаа хэлж байсан гэдэг юм. 1970 онд Иргэний хамгаалалтын тухай хууль гэж баталсан нь 2003 он хүртэл 33 жил мөрдөгдлөө. Өөрөө Ардын Их Хурлын депутат байсан учир асуудлаа оруулаад эрхзүйн орчныг нь бүрдүүлээд өгчихсөн.

tamgatai4 

Гэрэл зургийн тайлбар: Зүүн гар талын зурагт хурандаа генерал С.Равдан 1960 онд албан ажлаар Ленинград явахдаа амьдарч байсан байрныхаа дэргэд, Баруун гар талын зурагт С.Равдан, Шагдар, О.Намнандорж, Ш.Шагдар, 1927 он              Гэрэл зургийн эх сурвалж: Судлаач Г.Баяр

Аав маань алс хол анхлан явж эрдэмд шамдан сурсны, хэлмэгдүүлэлтийн хар сүүдрээс зайтай өнгөрсөн учраас улс эх орондоо ингэж л өөрийн хувь нэмрээ оруулжээ. Энх тайвны үнэ цэнийг амь бие, зүрх сэтгэлээрээ мэдэрдэг байсан учраас “миний хүүхдүүд дайн л битгий гаргуулаарай” гэж захиж байсан гэж том ах маань хэлдэг юм. Би ч бага байж, оройдоо унтахын өмнө аавын нурууг маажих "ажиллагаа" явуулна, тэгэхэд нуруунд дээрх хоёр том сорвийг тойруулж маажина, цээжинд нь байх сорвины нүхэнд хуруугаа хийдэг байж билээ. Одоо бол жадаар сүлбүүлж, нэвт буудуулж байж дээ гэж боддог юм. Солонгост байхдаа америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртөж, хэдэн метр хол шидэгдэж, битүү гэмтэл авснаар нэг чих нь сонсголгүй, мөн зүрхний эмгэгтэй болж, тэрний улмаас 1972 онд бие барсан. Амьдралын бүхий л он цагаа цэргийн байгууллага, дипломат албанд зориулсан. Бас нэг сонин зүйл гэвэл аав генерал цол хүртэгсдийн жагсаалтад тав дахь (Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан ...), дипломат дээд цол Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтнуудын бас тав дахь (Н.Лхамсүрэн, Н.Ядамжав, Б.Жаргалсайхан, Ж.Самбуу, С.Равдан ...) хүн, 1950 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, цэргийнхнээс хамгийн түрүүнд элчин сайдаар томилогдож, 1952-1955 онд Ардчилсан Солонгост, 1956-1959 онд Чехословак, Румын, Болгар, Албанид, 1955-1956 онд ГЯЯ-ны сайдын албыг хашжээ. 1964 онд аавын дипломат албанд ажилласан 10 жилийг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаар авч хэлэлцээд, цэргийн алба хаасанд тооцсугай гэсэн тогтоол гаргасан юм билээ.  

-Нэг ч гэсэн ийм хүнийг хэлмэгдүүлж, буудчихалгүй авч үлджээ.

-Ямар ч байсан буудуулчихаагүй л хувь тавилантай байж. Найз Дэндэв, Шархүү, Гонжоон, Өлзийбадрахаас эхлээд хэдэн найз, нөхөрт нь ямар харамсалтай зүйлс тохиолдов. Өөрөө бол “ямар гавьяа байгуулсан биш, тангараг өргөсөн цэргийн алба хаагчийн хувьд хийх ёстой юмаа л хийж явсан” гэж ах нарт ярьдаг байж. Үр хүүхдийнхээ амьдралд ч олон эерэг нөлөө үзүүлсэн хүн дээ. 1960 онд манай том ах, Л.Лхагваа ах хоёр “дунд сургуулиа төгсчихлөө, бид хоер элсэлтийн шалгалтаа өгчихсөн, одоо цэргийн сургуульд явна аа” гээд ихэд додигор гэрт орж иржээ.

Гэтэл аав, “би та нарын өмнөөс хангалттай дайтсан, одоо энэ сайхан энхтайван цагт иргэний мэргэжил сонго” гэсэнд ах маань Киев хотын политехникийн дээд сургуульд суралцаж, цахилгааны инженер болоод ирсэн, цаашдаа удирдах ажилтан болж, 1992 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг санаачилж, байгуулж, эрхзүйн орчныг бүрдүүлж, анхны нарийн бичгийн даргаар ажилласан бол ах Р.Болд мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Батаа ах цэргийн хүн болсон бол аав шигээ генерал болчихсон байгаа ч юм бил үү гэж хааяа бодогддог юм.

Миний хувьд бол, Будапештын Анагаахын их сургуулийн оюутан ээж минь намайг төрүүлсний дараа “ааваа, би жилийн чөлөө авч, Баярыгаа асармаар байна” гэсэнд “юу яриад байгаа юм, улсын мөнгөөр сурч байж, дайны цагт та нарыг юмаар дутаагаагүй өсгөсөн, энэ сайхан энхтайван цагт бид хоер ганц хүүхэд өсгөчихнө, тэр дадлагадаа яв” гээд “хөөгөөд” явуулсанд би гэдэг хүн өвөө, эмээгийн хүүхэд болсон доо.

-Лхагваа гэж Ж.Лхагвасүрэн жанжны хүү мөн үү?

-Тиймээ. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд анхны генерал болсон 11 хүнээс Ж.Лхагвасүрэн, С.Равдан, Д.Дамдинхүү, Р.Осор, Г.Рэндоо нар найзууд, тэдний эхнэр тавуулаа найзууд, бас таван хүү нь багын найзууд байлаа. Би чинь тэр таван айлын чихрийн таваг “хоосолж” өссөн хүүхэд л дээ. Өнөө манай Батаа ах, Лхагвасүрэн гуайн хүү Лхагваа ах хоёр энх тунх байна даа. 

Ахын надад ярьж байсан нэг юмыг ярьчихъя. Бас л хэлмэгдэл гэдэг юмтай холбоотой. Тэд Улаанбаатарын гудамжаар тоглож, хэсэж явахдаа Дотоод яамны ажилтнуудын том, жижиг гэлтгүй тааралдсан хүүхдүүдийг нийлээд балбачихдаг байж, 1950 онд манайхан Бээжинд суухаар явсан, тэрнээс өмнө, тиймээс долоо, найман настай хөвгүүд шүү дээ. Тэгээд л генералын хүүхдүүд хүүхэд зодсон гээл хэрэг манддаг байж, яагаад тэгдэг байсан юм гэсэнд “эдний аав нь хэзээ ирж манай аавыг барих бол гээд”...

Ахын амнаас үүнийг сонсоод өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж билээ ... Нэг ийм эмгэнэлт гэмээр бодол цэргийнхний хүүхдүүдийн тархи толгой, сэтгэхүйд хүртэл гүн шингэчихсэн байж. Бас нэгэн явдал санаанаас гардаггүй юм. 1971 онд аав ЗХУ-аас Лениний одонгоор шагнагдсан, тэгээд нэгэн орой Ж.Лхагвасүрэн гуай хоёр шил коньяк барьчихсан манайд ирдэг юм байна, эмээ гал тогоонд хоол хийгээд завгүй, Лхагвасүрэн гуай нөгөө одонг эргүүлж тойруулж үзэж байснаа рюмк аваад ир гэлээ, би ч аавын зүрхэнд тустай гэж өдөрт нэг удаа коньяк уудаг жижиг рюмк буфетнээс аваад өгөв, бишээ, арай том юм гээд нэхсэнд бас томоохон юм аваад өгөв, тэгсэн одонг дотор нь хийгээд, архиар дүүргээд, аавд өгдөг юм байна, би ч одон норчихлоо гээд дотор палхийгээл явчлаа, тэгсэн аав архийг нь уучихаад нөгөө одонг шүдээрээ зуугаад гаргаад ирлээ, яагад ингэдэг юм бэ гэсэн асуултад Лхагвасүрэн гуай “цэргийн хүмүүс ингэж одон мялаадаг, угаадаг юмаа” гэж билээ.     

   bayar_sudlaach_oluul Гэрэл зургийн тайлбар: ЗСБНХУ-д албан ёсны айлчлал хийсэн УБХ-ын төлөөлөгчид Ленинградад суралцагч оюутан, сонсогчидтой. Ш.Бат-Очир, П.И.Воробьев (1923-1932 онд Дорнодахины амьд хэлний дээд сургуулийн ДДАХДС) ректор, 1936-1937 онд БНМАУ-ын СБХ-ийн зөвлөх, 1937 онд цаазлагдсан, Г.Гэлэгсэнгээ, Ж.Пунцаг, Ж.Дамдинсүрэн (1927-1928 онд УБХТ-ийн дарга, 1928-1930 онд Ерөнхий сайдын орлогч, 1938 онд цаазлагдсан, 1989 онд цагаатгагдсан), Ш.Гомбожав (1925-1926 онд УБХТ-ийн нбд), Ч.Мэндбаяр, Ш.Хорлоо. Хоёрдугаар эгнээнд Д.Лхагвадулам, Д.Пагамдулам (Д.Нацагдоржийн гэргий), Ц.Цэрмаа. Гуравдугаар эгнээнд Д.Батсүх, Д.Цэдэн-Иш, Д.Нацагдорж, М.Сундуйсүрэн. Дөрөвдүгээр эгнээд 1. О.Бадамнамжил, 2.Б.Өлзийбадрах, 3.Ш.Шагдар (анхны хүний их эмч, 1934-1937 онд Цэргийн эмнэлгийн дарга, хурандаа, 1937 онд цаазлагдсан, 1962 онд цагаатгагдсан), 4. С.Равдан, 5. Б.Ринчен, 8. Ө.Бадрах, 9. З.Шижээ, 10. О.Намнандорж. Тавдугаар эгнээнд 2. Н.Гонжоон, 5. Я.Цэвэгжав, 6. Т.Гомбо (ДХГ-ын комиссар асан, 1929 онд цаазлагдсан), 7. Г.Эрдэмбилиг, 10. Г.Д.Санжеев. Зургаадугаар эгнээнд 2. Д.Гончиг, 4. Данзан, 6. Л.Дэндэв (1936-1937 онд Бүх цэргийн хүн эмнэлгийн дарга, бригадын эмч, 1937.10.21-нд цаазлагдсан, 1962 онд цагаатгагдсан), 7. К.К.Жубанов, 8. Б.Эрдэнэбат (1924-1928 онд АГЯ-ны сайд, ЗХУ-д 1940 онд баригдаж, шоронд нас барсан, 1956 онд цагаатгагдсан), 9. Ж.Дамдин. Гүнзэчойнэй хийдийн өмнө. 1926 он. Эх сурвалж: Судлаач Р.Баяр 

-Ленинградыг зорьсон оюутнууд “Цагаан сар” тэмдэглэсэн тухай хөөрхөн дурсамжийн тухайд?

-Ленинградад очсон даруй оюутнууд маань орос хэл бичиг, заншил мэдэхгүй, дасан зохицох гэж тэрүүхэндээ л мунгинаж, нутаг орон, аав, ээжээ санацгааж, зарим нь бүр сэтгэлээр унасан юмсанж. Тэгсэн эрдэм ухаан төгөлдөр багш нар нь үүнийг гярхай ажиглаж, тэдний сэтгэл санааг засах гэж монголын Цагаан сарыг (1925 оны) оюутны байранд тэмдэглэх шийдвэр гаргаж, монгол ёсоор тэмдэглэхэд юу юу ордгийг бэлтгүүлэх хүмүүс томилж, амьд хонь авчруулжээ. Залуус чинь өв соёл тээгч учир монгол ёсоороо төхөөрч, бүх махыг нь монгол заншлаар эвдэж, сайхан чанаж, боов боорцог хийж идээ засаж, монгол бууз хийснийг нөгөө багш нар нь (захирал П.И.Воробьев, академич Б.Я.Владимирцов,  С.Ф.Ольденбург, Н.Н.Поппе, Г.Е.Грумм-Гржимайло, С.А.Козин г.м.) маш анхааралтай ажиглаж, мөн битүүлэх ёс, битүүлгэн дээр хэлэх үг, ерөөх ерөөл зэргийг нэгд нэгэнгүй тэмдэглэл үйлдэж аваад соёлын нэгэн судалгаагаа газар дээр нь зохион байгуулж л дээ. Харин айраг байхгүй юм чинь гээд оронд нь шар айраг сөгнөж, хивсэн дээр нам ширээ засаж, цөм зэрэгцэн суугаад, багш нартайгаа хамт шөнө болтол Цагаан сарын битүүн тэмдэглэсэн гэж оюутнуудын хамгийн ахмад, 1899 онд мэндэлсэн Ардын хувьсгалын партизан, зохиолч Жүгдэрийн Дамдин гуай дурссан байдаг, бусад оюутнууд 1900-1908 оныхон байж. Ж.Дамдин гуайн бичиж үлдээснээс би жишээ татаж ярилаа шүү дээ. Алс газарт эрдэмд тэмүүлсэн залуус цаашдаа өөр өөрийн зам мөрөө хөөгөөд явсан ч үндэс суурийг нь гайгүй тавиад өгсөн учир илүү сурч, боловсроод улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулцгаажээ.   

-Тэдний дунд алтан ургийн угсааны хэд хэдэн хүн байжээ гэж харсан. Та энэ тухайд нь судалж байна уу?

-Д.Нацагдорж бол батлагдсан, алтан ургийн тайж хүн байсан. Тэдний дунд Данзаны Лувсаннайман гэж байсан, Ардын хувьсгалын нэрт зүтгэлтэн, анхны долоогийн нэг Солийн Данзаны хүү. С.Данзан тайж гаралтай байсан юм уу даа. Ямартай ч хүү нь 1924 оны 11 дүгээр сарын эхээр гадагшаа сургуульд явахад аавыг нь 1924 оны наймдугаар сарын 31-нд буудчихсан байв. Д.Лувсаннайман сүүлд нь Хоршоодын холбоонд ажиллаж байсан гэсэн, ямар ч байсан буудчихаагүй л байж, шоронд орсон эсэхийг мэдэхгүй, тодруулах юм бий. Мөн Хатанбаатар Магсаржавт Богд хаан тайж цол хүртээсэн, тэгэхлээр хамт суралцаж байсан Магсаржавын Сундуйсүрэн тайж гаралтай болж таарна. Энэ мэтчилэн хүмүүсийн хувь тавилан, намтар түүхийн тухай судлах асуудал надад байна аа байна.

Ярилцсанд баярлалаа. Таны судалгааны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Бусад олон хүний тухай ярьж амжсангүй, заримынх нь тухай тодруулах, судлах юм байгаа, тэрний ард гарч ном болгож хэвлүүлэхийг хичээнэ ээ.