“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын хоёр дахь дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын анхны дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

  • Ирэх наймдугаар сард болох бага хурлын үйл ажиллагаатай уялдуулан, байгаль орчинд суурилсан бодит шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний ногоон лаб” платформын нээлт хоёрдугаар сарын 11-нд Төрийн ордонд болов. “Үндэсний ногоон лаб” нь байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг үр нөлөө үзүүлэх, цаашид цар хүрээгээ тэлэх боломжтой ногоон төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хөгжүүлэн бойжуулж олон улсын санхүүжилт олгох стандартад нийцүүлэн бэлтгэх ажээ. Улмаар бэлтгэгдсэн ногоон төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож санхүүжилт босгоход дэмжих зорилготой байна. Энэхүү платформыг Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн Зөвлөлтэй хамтран хөгжүүлжээ.

“НОГООН” ЯРИА

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад ажиллаж СОР17 бага хурлын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага хийсэн. Мөн уулзалтад Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза оролцсон юм. Уулзалтын үеэр манай редакцын сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг Монгол Улсад ирж COP-д оролцоно гэдэг олон улсын хамтын ажиллагаанд итгэсээр буйн илэрхийлэл ярилцлагаас уншина уу.

“НОГООН” ШИЙДЭЛ

Монгол Улсад ажиллаж буй үйлдвэрүүд жилд 20 мянга тонн орчим хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай. Гэвч одоогоор жилд 10 мянган тонн орчим хуванцар хаягдал боловсруулж буй бөгөөд дахин боловсруулах боломжтой нөөцийн ихээхэн хэсэг бүрэн ашиглагдахгүй байгааг харуулж байна гэжээ. Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт эрэмбэлэгддэг нь хог хаягдлын менежмент, ангилан ялгах тогтолцоо хангалттай бүрдээгүйн дээр иргэдийн оролцоотой ч мөн холбоотойг судлаачид хэлдэг. Тэгвэл хуванцар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх “ногоон” зам нь хог, хаягдлын менежментийг сайжруулж, хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох юм. Ингэснээр хог, хаягдлыг төрлөөр нь нарийн ангилж хэвших, нэг удаагийн хуванцраас татгалзаж, хуванцрын хэрэглээгээ багасгах нөхцөл боломж бүрдэнэ.

“НОГООН” БҮТЭЭЛ

Хүнсний зориулалттай хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийнхний 100 хувь дахин боловсруулсан хуванцраар урласан цэцгийн савыг “Ногоон бүтээл”-дээ онцолж байна. 2021 онд тус компани байгуулагдсанаар 100 хувь импортоор оруулж ирдэг байсан хуванцар савны түүхий эдийг манай улс анх удаа үйлдвэрлэсэн. Тухайн үйлдвэрт түүхий эд буюу PET хуванцрыг цуглуулж нийлүүлдэг SESL /Save earth save life/ компани нэг килограм хуванцрыг 400 төгрөгөөр авдаг бөгөөд нийслэлийн харилцагчдаасаа долоо хоног бүр тодорхой хуваарийн дагуу очиж авдаг бол орон нутагт тээврийн компаниудтай хамтран ажилладаг байна.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon toim2 (1)“Далай ээж”. Монгол Улсын хойд хэсэгт орших “Хөвсгөл” нуур, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэр. Дэлхий ертөнцөд анхлан үүссэн эртний нууруудын нэг, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг агуулсан, монгол орны хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур. Монголчуудын "далай ээж" хэмээн эрхэмлэн хүндэтгэдэг нуурын үзэмжийг шингээсэн гэрэл зургийг таны мэлмийд толилуулъя. 

“НОГООН” ДЭЛХИЙ

Янцзы буюу Хөх мөрнөөс загас агнахыг хориглосноос хойш таван жилийн дараа экосистем сэргэж эхэлжээ. Хөх мөрөн дэх загасны биомасс хоёр дахин нэмэгдэж, устаж үгүй ​​​​болоход хүрсэн зүйлийн загаснууд эргэн ирлээ гэж “Science” сэтгүүлд мэдээлсэн байна. Урсгалын уртаараа Азид нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт ордог Хөх мөрөн 6418 км үргэлжилдэг бөгөөд Хятад улсын үйлдвэрлэл, эдийн засаг, соёлын салбарт асар их нөлөөтэй нутаг юм. Таван жилийн хугацаанд арилжааны загас агнуурыг хориглосноос үүдэн Хөх мөрөнд гарсан энэхүү эерэг үр дүнг харсан зарим судлаач Меконг эсвэл Амазон мөрөнд ижил төстэй бодлогыг зоримог хэрэгжүүлж чадвал экологийн сэргэлтийг хурдасгаж чадна хэмээн үзэж байна.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2026.02.15-02.20/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Хур тунадас: 15-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 16, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 15-наас хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -17...-22 хэм,

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 хэм, өдөртөө -11...-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 хэм хүйтэн, өдөртөө +6...+11 хэм дулаан,

Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -11...-16 хэм хүйтэн, өдөртөө +1...+6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө +1...-4 хэм хүйтэн байна.