Монгол Улсад ирж COP-д оролцоно гэдэг олон улсын хамтын ажиллагаанд итгэсээр буйн илэрхийлэл
Монгол Улсад ирж COP-д оролцоно гэдэг олон улсын хамтын ажиллагаанд итгэсээр буйн илэрхийлэл

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага хийх үеэр

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад ажиллаж СОР17 бага хурлын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ хоёрдугаар сарын 5-ны өдөр манай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага хийсэн. Мөн уулзалтад Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза оролцсон юм. Уулзалтын үеэр манай редакцын сэтгүүлчийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

Асуулт

- Монгол Улс ирэх наймдугаар СОР17 бага хурлыг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар, энэ томоохон арга хэмжээнд улс орны бэлтгэл ажил хэр сайн хангагдсан гэж та харж байна вэ?

- Хатагтай Ясмин, таны туршлагад үндэслэн асууя. Та өмнө нь НҮБ-ын конвенцын талуудын бага хурал зохион байгуулж байсан туршлагуудтай. Тухайлбал, НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын бага хурал буюу COP14-д та чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсад, бидэнд ямар санаа, зөвлөгөө хуваалцах вэ?

- Мөн та СОР17 хуралд оролцох улс орнууд, тэдгээрийн төлөөлөгчдөд хандан ямар мессеж илгээхийг хүсэж байна вэ?

МОНГОЛ УЛСЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ СОР17 ДАРААГИЙН ХОЁР БАГА ХУРЛЫН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛНО

Андреа Меза: Юуны өмнө биднийг хүлээн авч уулзаж буйд баярлалаа. Та бүхэн өнөөдөр энд ирсэн нь энэ асуудалд үнэхээр анхаарал хандуулж байгаагийн илрэл бөгөөд энэ нь COP17-г амжилттай зохион байгуулахад маш чухал хүчин зүйл юм. COP17 бага хурлыг амжилттай болгохын тулд бид хамтдаа ажиллах шаардлагатай. Үүнийг сонирхол татахуйц, олон улсын анхаарлыг татсан арга хэмжээ болгоход сэтгүүлчдийн үүрэг онцгой шүү дээ. 

Ер нь энэ бол зөвхөн нэг хурлыг амжилттай зохион байгуулах тухай асуудал биш. Дэлхийн хэмжээний сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа ажиллаж буй мессежийг олон нийтэд хүргэх тухай юм. Бид бүхэн 2030 он гэхэд 1.4 тэрбум га газрыг сэргээх зорилготой. Тиймээс бидний ярьж буй санхүүжилтийн зорилт нь үүнтэй салшгүй холбоотой. Энэ нь хүнс, усны аюулгүй байдлыг хангах үндэс суурь болно.

unccd_darga_nar_2  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага хийх үеэр

Өнөөдөр ган гачиг, усны хомсдол зэрэг асуудал дэлхийн бүх бүс нутагт тулгарч байна. Урьд нь ийм эрсдэлтэй нүүр тулна гэж төсөөлөөгүй байсан улс орнууд хүртэл асуудлыг мэдэрч эхэллээ. Газрын доройтол, цөлжилт, ган гачиг нь мөргөлдөөн, тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөнийг улам хурцатгадаг. Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд бид шийдэл гаргах, нийтийн болон хувийн эх үүсвэрээс хөрөнгө татах шаардлагатай. Монгол Улс өнөөдөр маш шаргуу ажиллаж байгааг харлаа. Олон дэд хороо байгуулагдсан нь урам өгч байна. COP зохион байгуулах нь зөвхөн нэг яамны асуудал биш бөгөөд Засгийн газрын хамтын ажиллагаа шаарддаг. Мэдээж хийх ажил их байгаа ч Засгийн газрын хүчтэй хараа, та бүхний хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн оролцоо байвал COP17 бага хурал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн Риогийн гурван конвенцын бага хурал 2026 онд болно. Үүний эхнийх нь Монгол Улсад болох COP-17 бага хурал тул олон талт хамтын ажиллагаа үр дүн гаргаж чадна гэдгийг харуулах ёстой. Ингэснээр дараа нь болох Уур амьсгалын өөрчлөлтийн болон болон Биологийн олон янз байдлын COP-уудын өнгийг тодорхойлно. Манай талаас UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга болон бүх баг Монголд ирж Засгийн газрыг бүрэн дэмжин ажиллах болно.

ХҮЧЭЭ НЭГТГЭВЭЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ, ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ АМЖИЛТАД ХҮРЧ ЧАДНА ГЭЖ ИТГЭЖ БУЙ ХҮЧТЭЙ ИЛЭРХИЙЛЭЛ БОЛ "СОР" ЮМ

Ясмин Фуад: Ер нь хариулахад төвөгтэй асуулт байна. Би Андреагийн хэлсэн санаа дээр нэмээд өөрийн байр суурийг илэрхийлье. Өнөөдрийн дэлхий ертөнц 2024 оныхоос эрс өөр болсон. Манай COP бага хурал хоёр жил тутам нэг болдог. Геополитикийн нөхцөл хурцадсан, олон талт хамтын ажиллагаа эрсдэлд орсон цаг үед бид COP17-г зохион байгуулж байна. Ийм үед Монгол Улсад ирж COP-д оролцоно гэдэг нь олон улсын хамтын ажиллагаанд одоо ч итгэсээр байна гэсэн маш хүчтэй "мессеж" юм. Хүүхдүүд, ирээдүй хойч үеийнхээ төлөө “Ирээдүйд илүү сайхан байж болно, тийм байх ёстой” гэж хэлэх шаардлагатай болсон ийм ертөнцөд бид амьдарч байна. Энэ бол улс орон бүрийн хариуцлага юм. Мөн та бидний төрж өссөн газар нутаг хамгаалагдах ёстой. 

Түүнчлэн олон нарийн төвөгтэй сорилттой, олон талт болсон энэ дэлхийд бид хамтдаа хүчээ нэгтгэвэл хүн төрөлхтний төлөө, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амжилтад хүрч чадна гэж итгэж буй хүчтэй илэрхийлэл юм. Энэ бол монголын хэвлэл мэдээлэл онцлон тэмдэглэх ёстой маш чухал "мессеж" гэж үзэж байна.

Манай улс Риогийн гурван конвенцын хоёрынх нь COP хурлыг зохион байгуулж байсан. Миний бодлоор, хамгийн чухал сургамжийн нэг нь зөвхөн газар, зөвхөн биологийн олон янз байдал эсвэл зөвхөн уур амьсгал дээр төвлөрөх бус энэхүү гурван конвенцыг хэрхэн уялдаа холбоотойгоор нэгтгэн хэлэлцэх вэ гэдэг асуудал юм. Учир нь энэ гурван чиглэл хоорондоо өрсөлдөх биш харин бие биеэ дэмжиж, бэхжүүлдэг. Тэд анхнаасаа л хамтдаа үүссэн, нэг эх сурвалжтай асуудлууд юм. Египет улс COP14-г зохион байгуулах үед анх удаа “Рио конвенцуудын уялдаа холбоо, нэгдсэн үр нөлөө”-ийн санаачилга гарч байсан. Египетийн Ерөнхийлөгч энэ талаар зарлаж, улмаар цааш үргэлжилсэн. Тиймээс монголын хувьд нэг чухал туршлага бол шинэ санаачилга гаргаж нэгдсэн, цогц хандлагыг бий болгох явдал юм.

unccd_darga_nar_1   Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, орлогч Андреа Меза Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага хийх үеэр

Монгол Улсад өвөрмөц боломж байна. Учир нь 2026 онд НҮБ-ын гурван конвенцын COP бүгд болох гэж байгаа бөгөөд Монголд болох COP17 нөгөө хоёроосоо өмнө болно. Энэ бол маш онцгой нөхцөл юм.  

Бас нэгэн зүйлийг хэлэхийг хүсэж байна. Би онгоцны буудалд буусан мөчөөсөө эхлээд л уулзсан хүн бүр, залуу манлайлагч бүрд хэлж байгаа нэг зүйл бол 

“Та ийм мөчийг үнэхээр мэдэрнэ. Ялангуяа төр, засгийн тэргүүнүүд Монголд ирэх үед та улс орноороо маш их бахархах болно. Та маш их ажиллана, зарим үед будилна, би үүнийг хийх хэрэгтэй, түүнийг амжуулах шаардлагатай гэж санаа зовно. Гэхдээ итгээрэй. Хэдэн жилийн дараа эргээд харахад бид COP-д оролцож байсан шүү дээ хэмээн бахархалтайгаар хэлнэ”

гэдэг яриа юм. Би хоёр хүүтэй. Том нь одоо 17 настай. Тэр есөн настай байхдаа анх удаа COP14-т оролцож байсан. Дараагийн COP-д тэр 14–15 настайдаа мөн ирж байсан л даа. Одоо тэр “Би Биологийн олон янз байдлын тухай конвенцын анхны COP-д оролцож байсан” гэж хэлдэг.

Гэхдээ анх ирэхдээ тэр дэндүү жаахан байсан учраас COP гэж юу болох, дэлхийн улс орнууд нэг дор цуглаж хэлэлцэнэ гэдэг ямар утгатайг ойлгоогүй. Олон хүнд хэлэлцүүлэг хийж, хуралдаж байх үед “ирээдүй хойч, бидний төлөө хийж байгаа юм бол битгий ингээд шийдвэрээ гаргахгүй удаад байгаач ээ, алхаа /хуралдааны эцэст шийдвэр гаргаж алх цохидог/ цохь, цохь” гээд байсан /инээв.сур/. Тэр мөчид би нэг зүйл мэдэрсэн. Бид тэдний ирээдүйн төлөө хэлэлцээр хийдэг. Гэхдээ тэд өөрсдөө ч мөн ирээдүй ямар байхыг шийдэхэд оролцох эрхтэй гэж бодсон.

Тиймээс Монголд болох COP17 нь хэрэгжилтийн COP болж чадна гэж бодож байна. Хэрэв монголын хүн бүр ялангуяа залуу манлайлагчид өөрсдийн ирээдүйн төлөө хэрхэн тэмцэхээ харуулж чадвал энэ COP үнэхээр бодит үр дүн авчирна.  

Гэрэл зургийг П.Нарандэлгэр