“НОГООН” ТОЙМ
“НОГООН” ТОЙМ

“Ногоон тойм”-ын анхны дугаарыг уншигч танд хүргэж байна.

Байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлын “Ногоон тойм”-ын анхны дугаарыг уншигч танд хүргэж байна.

“НОГООН” МЭДЭЭ

  • Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад ажиллаж СОР17 бага хурлын бэлтгэл ажилтай танилцаж зохион байгуулалтад бодлогын болон бусад талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тэрбээр пүрэв гарагт монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй чөлөөт ярилцлага хийсэн юм.
  • “Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” сэдэвт сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны дүн хоёрдугаар сарын 6-ны баасан гарагт гарав. Уралдааныг М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар “Ногоон пресс” сэтгүүлчдийн үндэсний сүлжээ, “Хог хаягдалгүй Монгол” ТББ болон “TML Plastic” үйлдвэр хамтран зохион байгуулсан юм.

Манай редакцын сэтгүүлчийн Савнаас үрэл, үрлээс сав шийдлийн тойрог бүтээлийг холбоосоор нэвтэрч уншина уу. 

“НОГООН” ШИЙДЭЛ

“Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 6-ны баасан гарагт Төрийн ордонд болсон. Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн талаарх олон талт түншлэлийг бэхжүүлэх тухай хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын илтгэлээс хоёр эшлэлийг онцлон хүргэе. 

-Чингэлтэй дүүргийн 92 өрх дулаанаа нарны сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн бөгөөд хоногт дунджаар 3.7 кВт.ц цахилгаан үйлдвэрлэн төвийн сүлжээнд нийлүүлж байна.

-Ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглаж эхэлсэн нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай төсөл болсон. Үүнээс өмнө тус сургууль нэг сарын цахилгаан эрчим хүчний зардалд төлдөг 2.5-5 сая төгрөг төлдөг байжээ.

“НОГООН” БҮТЭЭЛ

Үндэсний үйлдвэрлэгч Монцемент Билдинг Материалс ХХК-ийн хамт олон өөрсдийн үйлдвэрлэсэн “Монцемент ОРС42.5” цементийг ашиглан гар аргаар цэцгийн сав урласныг “Ногоон бүтээл”-дээ онцолж байна. Үйлдвэрлэлээс гарсан хаягдал дулааныг эрчим хүч болгон хувиргадаг байгальд ээлтэй “WHR” үйлдвэрийг Монгол Улсад нэвтрүүлсэн ганц компани бол Монцемент. WHR технологиор 120 сая кВт эрчим хүч үйлдвэрлэж, 100 сая тонн CO₂-ын ялгарлыг бууруулжээ.

“НОГООН” ГЭРЭЛ ЗУРАГ

nogoon toim1 gerel zurag Хулд уул нь Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Монгол Улс болон БНХАУ-ын хилийн заагт оршдог. Дайн байлдааны цөвүүн цагт монголчууд гурван удаа алдаж, гурван удаа эргүүлэн авсан түүхтэй дархан хайрхан гэж нутгийн түмэн сүслэн хүндэтгэдэг уулын өвлийн үзэмжийг шингээсэн гэрэл зургийг таны мэлмийд толилуулж байна. 

“НОГООН” ДЭЛХИЙ

Дэлхийн Цаг уурын байгууллагаас “2025 он түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан жил” хэмээн албан ёсоор баталснаа танилцуулав. Энэхүү шинжилгээг найман өөр өгөгдлийн цуваанд тулгуурлан хийдэг бөгөөд дэлхийн дундаж гадаргын температур 1850–1900 оны /Аж үйлдвэржилтийн өмнөх үе/ дундажтай харьцуулахад 1.44°C-аар дулаарсныг тогтоожээ. Түүнчлэн 2023–2025 оны гурван жилийн дундаж температур нь Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48°C-аар өндөр байгааг тогтоож, эдгээр дулаан жил нь сүүлийн 11 он /2015–2025/ дараалан тооцогдож буйг мэдээллээ.

“НОГООН” АГААР

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног /2026.02.09-02.13/-ийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Хур тунадас: 9-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -19...-24 хэм,

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -13...-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 хэм, өдөртөө +4...-1 хэм,

Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 хэм, өдөртөө -1...-6 хэм, бусад нутгаар шөнөдөө -17...-22 хэм, өдөртөө -4...-9 хэм хүйтэн байна.

Долоо хоног бүрийн ням гарагт "Ногоон" тоймыг имэйлээр хүлээн авах эсхүл хамтран ажиллахыг хүсвэл bpressmongolia@gmail.com имэйл хаягаар холбогдоно уу.