Савнаас үрэл, үрлээс сав шийдлийн тойрог
Савнаас үрэл, үрлээс сав шийдлийн тойрог

Намайг дахин боловсруул, эргэн уулзахдаа таатай байна

Намайг дахин боловсруул, эргэн уулзахдаа таатай байна

Тоног төхөөрөмжийн дуу ихтэй үйлдвэрийн байранд цэнхэр дүрэмт хувцастай, хөдөлмөр хамгааллын чихэвч зүүсэн залуухан эмэгтэй ажилтан “Шигшиж савлах дамжлага”-ын бүдүүн хоолойноос том цагаан уут руу шаргин унах нэгэн хэмжээгээр хэрчсэн үй түмэн бичил хуванцрыг бээлийнийхээ алган дээр тогтоон хараад, дахин самарч үзнэ. Түүнээс “Энэ одоо ингээд л ундааны сав болчих юм уу?” гэж хашхиран асуувал инээмсэглэн толгой дохиод цааш эргэн ямар нэгэн зүйл тэмдэглэж байлаа.

tml_uildver14

Алганд бөмбөрөх жижигхэн хуванцар үрлүүд ус, ундааны сав болно. Ус, ундааны савнууд эргээд ийм үрэл болж энэ тойрог үргэлжилнэ. Үр дүнд нь хотын гудамжинд, хөдөөгийн замд хөсөр хэвтэх эсвэл төвлөрсөн цэгт булшлагдах хүнсний зориулалттай PET хуванцар дахин боловсруулалтад орж бидний байгаль дэлхийдээ үлдээх гэм хорын ул мөрөөс нэг алхмыг баллуурдана.

tml_uildver_13

Өнөөдөр хэрэглээд хаясан ганцхан хуванцар сав байгальд уусан шингэхэд материалын төрлөөсөө шалтгаалан 100-450 жил шаардлагатайг шинжлэх ухаан нотолсон. Лео Бакеланд анхны хувилбарыг бүтээгээд 119, өргөн хүрээнд ашиглаад 70 гаруйхан жил болж буй ч эмнэлгийн тусламж авч хүн болж мэндэлсэн цагаасаа эхлэн хуванцраар бүтээгдсэн эд зүйлсийг хэрэглэж, хуванцраас бүтсэн хувцас өмсөж, хуванцраар амьсгалж, “идэж” бүхий л амьдралынхаа туршид түүний хараат болжээ.

Энэ охор хугацаанд зохион бүтээж, хэрэглэж хаясан хуванцар сав хүн төрөлхтний 4-5 дугаар үе, магадгүй түүнээс дээш үеийн удам угсаа дэлхий ертөнцөд ирэхэд ч бүрэн шингэж алга болоогүй байгаль орчин, эко системийг доройтуулсаар л байх нь.

tml_uildver_2

Монгол Улсын иргэд жилд 18 мянган тонн хуванцар хог хаягдал гаргадаг бөгөөд нэг хүнд 137.58 кг хуванцар хаягдал ноогдож үүгээрээ дэлхийд есдүгээрт жагсдаг. Өмнө өгүүлсэнчлэн бидний дэлхийд хортой мөрөөс арилгаж, соёлтой, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлж, тойрог эдийн засаг, цаашлаад Тогтвортой хөгжлийн зорилгод хувь нэмрээ оруулахад туслах “Ти Эм Эл Пластик” хуванцар дахин боловсруулах үйлдвэрийг “МCS Coca-Cola” компанийн санаачилгаар Улаанбаатар хотод байгуулжээ.

tml_uildver_8

Энэхүү үйлдвэр жилд 20 мянган тонн хүнсний зориулалтын хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангахуйц ажээ. 2021 онд тус компани байгуулагдсанаар 100 хувь импортоор оруулж ирдэг байсан хуванцар савны түүхий эдийг манай улс анх удаа үйлдвэрлэсэн. Дахин боловсруулах боломжтой хуванцар хаягдлыг улсын хэмжээнд тээвэрлэх логистикийн сүлжээг үүсгэсэн. Хуванцар дахин боловсруулах чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн техник технологийг ашиглаж олон улсын болон Монгол Улсын хэмжээнд мөрддөг шаардлага, стандартыг баримтлан үйл ажиллагаа явуулдаг гэдгийг “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн менежер Г.Хулан онцолсон юм.

“Дахин боловсруулчихна гэж бодохоор сэтгэлд өег байна”

Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн орнууд булшлахаас шатаах, шатаахаас дахин боловсруулах зэрэг янз бүрийн арга хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн. 

Монгол Улс ч шийдэл хайсаар боловч оновчтой гарц олоогүй, иргэд хог хаягдлаа ангилан ялгах анхан шатны мэдэгдэхүүн, дадалгүй өөрөөр хэлбэл хог хаягдлын ямар ч менежментгүй яваа.

Ийм зохицуулалт, зохион байгуулалтгүй хэсэгт ажиллахаар орж ирсэн  “Ти Эм Эл Пластик” үйлдвэрт түүхий эд буюу PET хуванцрыг цуглуулж нийлүүлдэг SESL /Save earth save life/ компанийг байгуулжээ. Тус компанийн ахлах менежер О.Өнөржаргал “Өмнө нь хогийн цэгүүд дээрээс дахин боловсруулах бүтээгдэхүүнээ авдаг байсан. Харин одоо бол нийслэлд 1500 гаруй, хоёрдогч түүхий эдийн цэг дээр 20, орон нутагт 50 харилцагчтай болоод байна. Бүтээгдэхүүний 47 хувийг СӨХ-өөс авсан” гэлээ.

tml_uildver_1 2021 онд тус компани байгуулагдсанаар 100 хувь импортоор оруулж ирдэг байсан хуванцар савны түүхий эдийг манай улс анх удаа үйлдвэрлэсэн. 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо анхны харилцагчдын нэг бөгөөд “Хуванцрын хаягдалгүй жишиг хороо болно” гэдэг зорилго дэвшүүлжээ. Мөн дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б.Ням “Манай СӨХ Ти Эм Эл Пластик компанитай хамтран ажилладаг болсноос хойш ус, ундааны саваа урамтай ялгадаг болсон. Савны бөглөө, шошгыг нь салгаж өөр төрлийн хог руу хийгээд угааж, цэвэрлэж, хатаагаад овор хэмжээг нь багасгасан савнуудаа уутанд хийгээд тусад нь гаргадаг болсон. Өмнө нь хуванцар ус, ундааны саваа бусад хогтой цуг хаяхдаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэртэй байсан болоосой гэж боддог байлаа. Одоо бол дахин боловсруулчихна гэж бодохоор сэтгэлд өег байна” гэж ярив.

tml_uildver_4

SESL компани нэг килограм хуванцрыг 400 төгрөгөөр авдаг бөгөөд энэ үнэ улсын хэмжээнд үйлчилдэг байна. “Нийслэлийн харилцагчдаасаа долоо хоног бүр тодорхой хуваарийн дагуу очиж хуванцар хаягдлыг авна. 

Мөн хотоос 150 км дотор зайд бид өөрсдөө очоод авчихдаг юм. Ингэхдээ хуванцар сав шахаж овор хэмжээг нь багасгах зориулалттай машинаар явж ачдаг. 21 аймгаас хуванцар татах ажлыг тээврийн компаниудтай хамтран хийдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөлттэй үнээр тээвэрлэж ирдэг байгууллага ч бий” гэж гүйцэтгэх захирал Л.Даваа танилцуулсан.

Монгол Улсад мөрдөгдөж буй Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлын менежментийн талаарх үндсэн үзэл санаа тусгагдсан боловч хэрэгжүүлэх механизм сул. Зөвхөн цуглуулах, тээвэрлэх, булшлахад л анхаарал хандуулж байгааг МУИС-ийн багш, дэд профессор Т.Энхдөл онцолсон. Хог хаягдлын менежментийг сайжруулж тойрог эдийн засагтай холбоход нэн тэргүүнд санхүүгийн механизмыг боловсронгуй болгох, дахин боловсруулалтыг дэмжих тусгай бодлого шаардлагатайг судлаач тайлбарлаж байсан юм.

tml_uildver_6

Өнөөдөр баримталж буй төвлөрсөн хогийн цэгт ачиж очсон хог хаягдлын хүндийн хэмжээгээр урамшуулал олгож үнэлдэг этгээд явдлыг халж урвуугаар нь буюу хамгийн сайн ангилж, хамгийн бага хогийг булшлах цэгт тээвэрлэж очсон компанийг үнэлдэг болох нь хог хаягдлын зөв менежментийн хамгийн эхний алхам юм.

Хог гэж юу вэ? Хуванцар ба монголчуудын дадал

Хог, хаягдал гэж юу вэ? гэдэгт хариулт хайя.

Монгол хэлний их тайлбар тольд “Хог гэж новш, хаягдал, хэрэгцээгүй болсон юм. Хаягдал гэж хаягдмал, хэрэггүй гэж үзэн хаясан юм” хэмээн тайлбарлажээ.

Харин судлаачийн тодорхойлолтод “Хүн болон амьтны үйл ажиллагаанаас үүдэлтэй хэрэггүй болж хаях гэж байгаа эсвэл хэрэгцээгээ хангасан материалыг хог хаягдал гэнэ. Нэг хүнд хаягдал гэж үзэгдэх ч нөгөө хүнд өөр зорилгоор хэрэглэх материалын эх үүсвэр болох боломжтой. Хаягдал нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд аюул учруулах эх үүсвэр болж байдаг” гэсэн байна.

tml_uildver_10

Хог бол хэрэггүй, бохир зүйл, нэгэнт хэрэгцээгүй болсон тул хаана ч хаяж болно. Нэгэнт хог гэж үзээд хаяж буй учраас цэвэрлэх, угаах зэргээр өөд татах шаардлагагүй шуудхан хаях нь зүй гэдэг нийгмийн гажууд сэтгэлгээ өнөөгийн монгол хүмүүсийн дунд байгааг хаана ч явсан алхам тутамдаа анзаарч болно.

Ийм үзэлтэй хүмүүст хог хаягдлын менежмент, эерэг, сөрөг нөлөө, давуу, сул тал, дахин боловсруулалтын утга учрыг ойлгуулах, дадал хэвшил суулгах, мэдлэг олгохын тулд “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийнхэн “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг явуулж буй ажээ.

Аливаа үйлдвэрлэгчдийн хариуцлагын тогтолцоо нь хог хаягдлыг үүсэхээс сэргийлэх, бууруулах, дахин боловсруулах тойрог эдийн засгийн цогц шийдэл байдаг. Тиймээс ердөө дөрвөн жилийн дараа буюу 2030 он гэхэд “МCS Coca-Cola” компани борлуулсан ундааны саваа бүгдийг нь дахин боловсруулахаар зорьж буй ажилд хэрэглэгчийн дадал хэвшил, энэ талын ойлголт чухал болно. Дахин боловсруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлснээр Монгол Улсад нөөцийн хэмнэлттэй, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэг дүгнэлтийг “Хог хаягдалгүй Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Франк Шеперс өгсөн.

tml_uildver_5

Одоогийн байдлаар дэлхийн хүмүүс найман төрлийн хуванцар материал хэрэглэж байна. Үүнээс хамгийн бага буюу хагас жилийн хугацаанд хүний хэрэгцээг хангаад хаягддаг нь хуванцар сав, баглаа боодол. Энэ утгаараа хамгийн их хаягддаг нь мөн л хуванцар сав, баглаа боодол бөгөөд ганцхан жилд 141 сая тонн үйлдвэрлэгддэг. Дэлхий дээр үйлдвэрлэгдэж, ашиглагдаж буй нийт хуванцар хаягдлын 20-30 хувийг л дахин боловсруулж, үлдсэн нь хог чигээр үлддэг гэж судалгаанд тэмдэглэжээ.

Энэ тухай ШУТИС-ийн багш, дэд профессор Ц.Сонинхишиг “Хуванцрын хог хаягдал эцэст нь далай тэнгист очиж цутгадаг юм байна. Ингэснээр зэрлэг байгаль, далай тэнгис, хүнсний сүлжээ хуванцарт хамгийн их өртдөг. Хуванцар дотор болон гадна орчноос хүний амьсгалаар, амаар буюу хүнсээр, тэр тусмаа далайн гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүний биед шингэж байна. Гялгар ууттай, хуванцар савтай бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд халаах нь хуванцарт өртөх эрсдэлийг хамгийн ихээр нэмдэг” гэж ярьсан. Харин ус, ундааны саваар дамжин хуванцар хүний биед шингэх магадлал хамгийн бага байдаг гэнэ.    

tml_uildver_7

Дахин боловсруулалтын хязгааргүй тойрог

Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах нь байгаль дэлхийд ээлтэй, эдийн засагт тустай, тогтвортой хөгжилд нэмэртэй зэрэг давуу тал олон. Тэгвэл хүний бие эрүүл мэндэд нөлөөтэй юу гэдэг асуулт ургана.  

Энэ асуултад “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн чанарын менежер Ш.Оюундарь “Түүхий эд буюу хуванцар сав байхаас эхлээд rPET үрэл болох хүртэл үйлдвэрлэлийн 22 шат дамжлагыг дамждаг. Хуванцар дахин боловсруулалтын үйлдвэрлэлд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн SOREMA технологи, EREMA дахин боловсруулах процессыг зөвшөөрөл, стандартын дагуу ашиглаж, олон улсын олон Монгол Улсад мөрдөх ёстой стандарт, шаардлагыг баримталж ажилладаг. Угаах, ариутгах, бутлах гээд бүх үйл явц лабораторийн хяналтад байдаг тул дахин боловсруулсан бүтээгдэхүүнээс айх зүйлгүй” гэж тайлбарласан юм.

tml_uildver_3

Өдөр тутамдаа анзаардаггүйгээс биш дахин боловсруулсан хуванцар савтай импортын ундаа, усыг монголчууд хэрэглээд багагүй хугацаа өнгөрч байна.

Харин ирэх гуравдугаар сараас “Bonaqua” цэвэр усаа өөрийн улсын үйлдвэрт дахин боловсруулсан хуванцар савтайгаар хэрэглэж эхлэх нь.

Ийнхүү дахин боловсруулсан савтай ус ууж хэрэглэснээр үйлдвэрлэлээс гарах нүүрс хүчлийн хийг бууруулахад, усны нөөц, эрчим хүчийг хэмнэхэд хувь нэмрээ оруулж, дахин боловсруулалтын тойрогт нэгдэх юм.

tml_uildver_9

Мөн хэрэглэсэн ус, ундааны хаягдал хуванцрыг ангилж ялгаад “Ти Эм Эл Пластик”-ийн харилцагч болох боломж хэнд ч нээлттэй. Хаягдал сав шингэн зүйлгүй, овор хэмжээг нь багасгасан байхад л болно. Тус компани дахин боловсруулсан хуванцар савны түүхий эд rPET үрлийг үйлдвэрлээд зогсохгүй БНХАУ болон Узбекстан улс руу импортолдог. Үйлдвэрлэгч орнууд дахин боловсруулагдсан полиэтилен терефталат буюу rPET үрлээр сав, баглаа боодлоос гадна нэхмэлийн утас үйлдвэрлэж эдийн засгийн тойрогт оруулна.

Хогийг хаях, булах, зугтах бус мэдлэг ойлголт, ухаалаг хэрэглээ, иргэд, нийтийн оролцоонд тулгуурлан гарц шийдлийн тойрогт оруулсан нь хожно, хөгжинө гэдгийг монголчууд, шийдвэр гаргагчид ойлгох цаг иржээ.

Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.