11 сарын 07, 2024
“Өвөрхангайд ид шид бүтээе”
“Өвөрхангайд ид шид бүтээе”

Өвөрхангай аймагт “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв байгуулах ажил үргэлжилж байна.

Өвөрхангай аймагт “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв байгуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Лантуун дохио ТББ-ын “Ид шидийн орон” төслийн жишиг загвар одоогоор Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай аймагт амжилттай хэрэгжээд байгаа билээ.

Өвөрхангайд тус төслийг “Амьдралын томилгоо” ТББ болон тухайн аймгийн уугуул залуусын сайн дурын нэгдэл хэрэгжүүлж байна. “Ид шидийн орон -Өвөрхангай” төсөл үйл ажиллагаагаа эрхлэх газрыг орон нутгийн засаг захиргаанаас шийдвэрлэж өгсөн бөгөөд барилгын суурийн ажлыг гүйцэтгэж дуусжээ. Мөн “Өвөрхангай – 98” төгсөгчдийн нэгдлээс ногоон байгууламжийг шийдвэрлэж 1000 гаруй мод тарьж, ургуулж буй юм байна.

Хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжилд чиглэсэн энэхүү төсөл нь олон нийтийн идэвх оролцоо, эд материалын болон мөнгөн хандиваар бүтэх юм. Өвөрхангай аймаг 117 мянга гаруй хүн амтай буюу  улсын хэмжээнд хоёрдугаарт ордог. Тэр хэмжээгээр хүүхдэд тулгардаг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байдаг бөгөөд эл төслийн ажлыг түргэн хугацаанд амжилттай хэрэгжүүлэх нь зарим асуудалд томоохон гарц болно гэдгийг “Ид шидийн орон - Өвөрхангай” төслийн залуус ярилаа. Мөн хүүхдэд хэрэгтэй, ээлтэй үйлсэд хөрөнгө оруулж, сэтгэл, зүтгэлээ зориулж “Өвөрхангайд ид шид бүтээе” хэмээн уриалж байна. 

Хандив хүлээн авах данс: 5564406638 -Амьдралын Томилгоо ТББ.