Цаг ашиглалтын 2023 оны түүвэр судалгааны үр дүнг өчигдөр танилцууллаа.
Цаг ашиглалтын 2023 оны түүвэр судалгааны үр дүнг өчигдөр танилцууллаа. Энэхүү судалгаагаар монголчуудын өдөр тутмын амьдралын хэвшил, цаг зохион байгуулалт, чөлөөт цаг, ажиллах болон амрах цагийн тэнцвэр, өрх бүрийн чөлөөт цагаа өнгөрүүлж буй хэлбэрийг тодорхойлсон байна.
Цаг ашиглалтыг хүйсийн ялгаагаар авч үзсэнийг онцоллоо. Хөдөлмөр эрхлэлтийг хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийн нийлбэр дүнгээр тооцвол эрэгтэйчүүд долоо хоногийн нэг өдөрт дунджаар 7 цаг 59 минутыг зарцуулж байгаа бол эмэгтэйчүүд дунджаар 8 цаг 13 минутыг зарцуулдаг гэсэн дүн гарчээ. Харин эрэгтэйчүүдийн өдрийн дундаж хөдөлмөр эрхэлсэн цагийн 71.6 хувь нь хөлстэй бол эмэгтэйчүүдийн цагийн 44.6 хувь нь л хөлстэй хөдөлмөрт зарцуулагддаг аж. Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт дэх хүйсийн ялгаа төвөөс алслагдах тусам улам гүнзгийрдэг буюу хөдөөгийн эмэгтэйчүүд илүү цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг дүн гарчээ.
2023 оны байдлаар эрэгтэйчүүд нэг өдрийн 24 цагийнхаа 9.0 хувийг хөлсгүй буюу гэрийн болон асрах ажилд зарцуулдаг бол эмэгтэйчүүд 18.5 хувийг зарцуулж байгааг цаг ашиглалтын судалгаагаар тогтоосон байна. Энэ үзүүлэлтийг 2019 оныхтой харьцуулахад эрэгтэйчүүдийн цалин хөлсгүй гэрийн болон асрах ажилд зарцуулсан цаг 23 минутаар нэмэгдэж, эмэгтэйчүүдийнх долоон минутаар буурчээ. Хэдийгээр хүйсийн ялгаа буурч байгаа ч хөлсгүй хөдөлмөрийг үнэлэх, гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийн үүргийг гэр бүлийн гишүүд тэгш хуваалцах хандлага бий болоход хугацаа шаардлагатай хэвээр байна гэж судлаачид дүгнэсэн байна.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Энэ удаагийн судалгаа бүтэн жилийн хугацаанд бүх аймаг, дүүргээр хийгдсэн нь урьд өмнө хийгдэж байсан бүсийн судалгаанаас онцлог” гэлээ. Харин Жендерийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Энэхүү судалгаагаар манай улс дэлхий нийтийн өмнө хаана байгаагаа харах боломжийг олгодог, монгол хүний амьдралын чанарт шууд нөлөөлөл бүхий суурь судалгаа” гэж онцлов.
М.Солонго, Т.Мичидмаа