Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болов.
Монгол Улсад хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхагласан ганц хууль бий. Одоогоос 26 жилийн өмнө батлагдсан, дөрвөн зүйлтэй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль.
Тэгвэл энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа Хүний эрхийн багц хуулиуд дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтжээ. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын удирдлагууд, сэтгүүлчдийн дунд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, санаа, санал авах зорилготой хоёр дахь хэлэлцүүлэг өчигдөр ХЗДХЯ-д болов.
Эхний хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцсон бол өчигдрийн үйл явдалд 20 гаруй төлөөлөл ирж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл болон хуулийн төслийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Алтантуяа нараас асуулт асууж, тодорхой санал хэллээ.
Эдгээр хэлэлцүүлэгт оролцсон төлөөллийг манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын тоотой харьцуулахад хэтэрхий цөөн байгаа юм.
Хэдийгээр редакцын ажил өдөр, цаг тутамд идэвхтэй өрнөж байдаг завгүй хэмнэлтэй, өвөрмөц онцлогтой боловч эрхлэгч, редактор, сэтгүүлчид маань түр амсхийж өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагаатай шууд хамааралтай энэхүү хуулийн төсөлд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зургаан бүлэг, 18 зүйлтэйгээр боловсруулжээ. Харин улам боловсронгуй болгох, мэргэжлийн үйл ажиллагааны гол субъект буюу редакц, сэтгүүлчийг хамгаалах, оновчтой зохицуулалттай байлгахын тулд өдөр тутамдаа сэтгүүл зүйн “тогоонд буцалж” буй мэргэжилтнүүдийн санал, санаачилга чухал байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй учраас аль болох олон редакц, сэтгүүлч энэхүү төсөлтэй танилцах нь бидэнд хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр тогтмол ухарч, сэтгүүлчийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, шүүх, яллах тохиолдол гарах боллоо. Шинэчилсэн найруулгын төсөлд ололттой зүйл, заалтууд байгаа боловч анхаарууштай, магадгүй хэвлэл мэдээллийн байгууллагын редакцад л ажиллаж буй хүний олж харах, санал, дүгнэлт оруулах шаардлагатай нь ч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байсан юм. Иймд өөрсдийн ажил, мэргэжил, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулахад олноороо оролцох хэрэгцээ, шаардлага бий болж байна.
Манай bpress.mn мэдээллийн сайт редакцын зарчимдаа “Монгол Улсад бүрэн эрх чөлөөт, мэргэжлийн сэтгүүл зүйг бий болгох, эрх зүйн орчныг сайжруулах бүхий л үйлдэл, үйл ажиллагаанд идэвхийлэн оролцоно” гэж тусгасан. Тиймдээ ч Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, хэлэлцүүлэгт оролцож, редакц, сэтгүүлчид хуулийн хамгаалалт болох хэсгүүдийг дэмжиж, харин анхаарууштай заалтуудыг дахин боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, мэргэжил нэгт сэтгүүлчдэдээ шинэчилсэн найруулгын төслийг үсэг, үг, зүйл, заалт, бүлэг бүрээр нь уншиж, ухаж, санал, шүүмж, дүгнэлтээ илэрхийлэхийг уриалж байна.