ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн профессор, доктор, хурандаа Б.Энхтүвшин
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдаан тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Эл уралдааныг алгасалгүй оролцож шинэ бүтээл, судалгаа танилцуулж ирсэн ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн профессор, доктор, хурандаа Б.Энхтүвшинтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний анхны уралдаанд шавь нараа бэлтгэж оролцсон тухай яриагаа эхэлье?
-Сайн байна уу. Уралдаан анх зохион байгуулагдсан 2021 оноос л оролцож эхэлсэн. Анхны жил сонсогчдоо бэлтгээд “Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах арга зам” сэдвээр амжилттай оролцож, тусгай байрын шагнал хүртсэн. Тухайн үед суралцаж байсан н.Хонгорзул, н.Энхцолмон, н.Нандин-Эрдэнэ гэдэг сонсогчид маань оролцсон юм. Сэдвийг нарийвчилбал Дархан хотын эрсдэлтэй бүс нутаг дахь газар хөдлөлтийг тооцоолох арга замын тухай байсан.
-Дараа жил нь та өөрөө судлаачийн хувиар оролцож байсан?
-Эхний жил маш амжилттай оролцсон учраас түүндээ урамшаад бид 2022 онд хоёр дахь удаагаа оролцсон. Тэгээд хавсарга судалгааны төрөлд нэгдүгээр байрт шалгарч, шилдэг бүтээлийн төрөлд гуравдугаар байр эзэлсэн. Хавсарга судалгааны төрөлд тэргүүлсэн судалгааны ажил маань Гэмт хэргийн эрсдэлийг бууруулах арга зам математик загвар гэдэг сэдэвтэй байсан. Олон салбарт ашиглах бүрэн боломжтой судалгааны арга байгаа. Мөн ондоо Монгол Улсын патентын эрхийг авсан. Шилдэг бүтээл төрөлд тухайн үед ажиллаж байсан н.Баттөмөр хурандаа болон н.Булганхангай хошууч бид гурав хамтран гаргасан “Гал түймэр унтраах үйл ажиллагааны удирдлага” гэдэг номоороо гуравдугаар байрын шагнал хүртсэн. Практик ач холбогдол ихтэй ном л доо. Удирдагч нарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, гал унтраах үед учрах хүндрэл тактикийн тооцоолол гэх гэх мэт олон одоо зүйлийг хамарсан сурах бичиг.
-Та энэ жилийн уралдаанд оролцох гэж байгаа юу. Ер нь уралдааны тухай сэтгэгдлээ хуваалцвал?
-Энэ жил оролцоно оо. Өмнөх жилүүдэд ч алгасалгүй оролцож ирсэн. Энэ удаа шилдэг бүтээлийн төрөлд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит энэ уралдаан жилээс жилд өргөжиж байна. Бусад салбарт танигдсан байна. Судлаач, оюутнуудын эрдэм мэдлэгийг шалгасан, сорьсон цаашлаад амжилт үзүүлж шалгарах юм бол судалгааны ажлыг дэмжих хөшүүрэг болдгоороо давуу талтай уралдаан.