4 Цагийн өмнө.
Хууль зүй, дотоод хэргийн салбарын жендэрийн тэгш байдлыг хангах тухай хэлэлцэв
Хууль зүй, дотоод хэргийн салбарын жендэрийн тэгш байдлыг хангах тухай хэлэлцэв

Эх сурвалж: ХЗДХЯ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагууд чухал үүрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-2021 онд жендэрийн бодлогыг салбартаа амжилттай нэвтрүүлсэн бол дараагийн алхам нь тэрхүү ахиц дэвшлээ бататгаж, нэгдсэн арга зүй, удирдамжтай бодлогоор шат ахиулах зорилтыг дэвшүүлжээ.

Тус яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газраас өчигдөр /2025.10.22/ “Хууль зүй, дотоод хэргийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл байдал, бодлогын төслийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж, салбарын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулан, шинэ бодлогын төслийг хэлэлцсэн байна.

Мөн жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг салбарын бодлого, хөтөлбөр, төсөвлөлтөд нэвтрүүлэх, байгууллагын түвшинд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт болон оролцоонд суурилсан жендэрийн аудитын арга зүйг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг оролцогчид онцлон хэлэлцэв.

Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх нь нийгмийн бүх хүрээ, түвшинд төлөвлөгдсөн үйл ажиллагаа, түүний дотор хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн эмэгтэй, эрэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлөх байдлыг анхаарч тооцох, тэдний ялгаатай хэрэгцээ болон мэдлэг туршлага, оролцоог тэнцвэртэй үнэлэх үйл явц бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэлхий нийтийн гол стратеги юм.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагын жендэрийн асуудал хариуцсан нэгжийн дарга, ажилтан, албан хаагчид, яамны дэргэдэх Жендэрийн салбар зөвлөл, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба Хүйсийн тэгш эрх төв ТББ-ын төлөөлөл оролцов.