Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн түүхт 60 жилийн ой тохиож байна.
Сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн түүхт 60 жилийн ойн баярын хурал, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр Улаанбаатар театрын их танхимд боллоо. Улсын хэмжээнд ганцхан байдаг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой энэ сургуулийн үе үеийн төгсөгчид, ахмад багш нар, эцэг эх асран хамгаалагчид, сурагчид хамтдаа цугласан Улаанбаатар театрын үүдний танхим, хурлын заал хөл гишгэх зайгүй шахам, ирсэн зочдын инээд хөөр, хоорондоо тэврэлдэн мэндчилэх дотно үгс, дохионы хэлээрээ ярилцах, хамтдаа зургаа татуулах халуун дулаан уур амьсгал дунд баярын хурлын үйл ажиллагаа эхэлсэн юм.
Улаанбаатар театр - 2024.10.31
Анх 1963 онд Гэгээрлийн сайд Г.Хоовой тусгай сургууль байгуулах санал, санаачилга гаргаж, Болгар улсад айлчлахдаа хэлэлцээр хийн Батхүү, Мижиддорж нарыг сургахаар илгээж байсан түүхтэй. Ингээд 1964 онд улсын хэмжээнд сонсголгүй, хараагүй хүүхдүүдийг эрж хайн эрдэм ном заах гэгээн үйлсэд хөтөлж байсан тусгай сургууль өнөөдөр нэгэн жарныг туулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог өөрийн гэсэн өнгө төрхтэй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллага болон өргөжин тэлсэн гэдгийг баярын хурлыг нээж үг хэлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захирал С.Батмягмар онцолсон юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захирал С.Батмягмар:
1964 онд Монгол Улсын боловсролын түүхнээ иргэд өсвөр үедээ тусгай хэрэгцээт боловсролыг олгох эрхэм зорилгоор үүсгэн байгуулагдсан манай сургуулийн хамт олон цаг цагийн урсгал давалгаанд сургах хүмүүжүүлэх үүргээ идэвх, зүтгэлээр түүчээлэн гүйцэтгэж ажиллаж хөдөлмөрсөөр ирсэн. Төгсөгчид маань улс эх орныхоо өнцөг булан бүрт амьдарч буйд бид бүхэн бахархал дүүрэн байна. Манай сургуулийн бүтээлч хамт олон шинжлэх ухаан, мэдээлэл технологи, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах шинэ зууны иргэнийг сурган хүмүүжүүлэх эх орондоо элэгтэй бие хүнийг төлөвшүүлэх, тэдний оюун чадвар, авяъас билгийг нээн илрүүлж хөгжүүлэх, суралцагчдийн эрүүл аюулгүй таатай суралцах бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажилласаар ирсэн. Өнөөгийн 29-р сургууль гэх том айлын дэвших, дээшлэх түүхэн гайхалтай хором мөч бүхэнд нэгэн зорилгын төлөө багш шавийн дотно барилдлагад хамтдаа байсан шавь нар, эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.
Тэртээ 60 жилийн өмнө тусгай сургууль байгуулах санал санаачилга гаргасны дараа Болгар улсад суралцахаар явсан анхны хоёр багшийн нэг нь Батхүү. Өдгөө 93 настай, 29-р сургуульдаа 60 жилийг хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Монгол Улсын Гавьяат багш Батхүү ирсэн зочдод хандаж үгээ хэлсэн нь утга учир, ерөөл билиг дүүрэн мөч байлаа. Батхүү багшийн хувьд сургууль анх нэг танхимд хичээллэхээс эхлээд яаж өөрийн гэсэн орон байртай болсон, барилга эхлүүлэх газраа хэрхэн сонгосон гээд хэн бүхний мэдэхгүй, олон түүхэн үйл явдлыг гэрчлэн ярьсан юм.
Монгол Улсын Гавьяат багш Батхүү:
Одоогоос 60 жилийн өмнө эзгүй шахуу атар газар хүүхдийн 2-р эмнэлэг, Зоос чимэглэлийн газрын дунд бид энэ сургуулийнхаа үндсийг тавьж, орон байртай болсон юм. Манай багш нар хичээлийнхээ дараа тоосго өрөх, буулгах ажилд оролцдог байлаа. Төвийн шугамд холбогдоогүй, халуун хүйтэн усгүй болохоор их хүнд нөхцөлд ажиллаж байсан. Гурван байгууллагын дунд ганц уурын пийшин ажилладаг байсан. Уурын пийшин өвөл хөлдөх тохиолдол гарна. Тэр бүрт багш нар өөрсдөө ажиллаж, бөглөөг нь гаргана. Заримдаа тог тасарч, цахилгаангүй болох үед мод хөрөөдөж хүүхдийнхээ хоолын бэлдэж өгдөг байсан. Ийм хүнд үед манай багш ажилчид хоёргүй сайхан сэтгэлээр зүтгэж байсан юм шүү.
Ийнхүү анх нэг танхимд хичээл, сургалтаа эхлүүлж байсан 29-р сургууль өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгож байна. 2023-2024 оны хичээлийн жилд л гэхэд бага ангийн 11 бүлэгт 93, дунд ангийн 12 бүлэгт 110, ахлах ангийн 8 бүлэгт 59 нийт 262 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулжээ. Харин энэ хичээлийн жилд нийт 254 сурагчийн ялгаатай хэрэгцээг хангаж, хөгжлийг дэмжсэн, сургалт-арга зүйн үндэсний цогц загварыг бий болгож, нийгэмд бие даан амьдрах чадвартай иргэнийг бэлтгэхийн төлөө 145 багш, ажилтан сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллаж байна.
29-р сургууль нь 60 жилийн түүхтэй ч сургуулийн барилгаа иж бүрэн шинэчилж, сургалтын орчин нөхцөлөө дорвитой сайжруулж чадалгүй энэ онтой золгосон. Харин нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тус сургуулийн бодит нөхцөл байдалтай танилцаж, иж бүрэн засвар, үйлчилгээ хийх 4,8 тэрбум төгрөгний төсөв хөрөнгийг шийдвэрлэснээр сургуулийн хамт олон хүүхдийнхээ онцлог хэрэгцээ, стандартад нийцсэн шинэ орчинд 60 жилийн ойгоо угтаж байна. Баярын хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагууд үүнийг онцолж байв.
Улаанбаатар театр - 2024.10.31
Тус сургуулийн хамт олон сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг дүйцүүлэн 12 жилийн боловсролыг олгож байна. Мөн хавсарсан бэрхшээлтэй сурагчдад сурагчдын ялгаатай хэрэгцээнд тулгуурлан ахуйн болон нийгэмшихүйн боловсрол, танин мэдэхүйн хөгжлийг дэмжсэн хичээлүүдээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүний үр дүнд нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажилд орохын зэрэгцээ коллеж, МСҮТ, их дээд сургуульд элсэн суралцаж, ажил амьдралын замд хөл тавьж байна. Гэхдээ тэдний хувьд энэ бүхэн амар байдаггүй. Өөрийн ялгаатай хэрэгцээ, бэрхшээлийг даван туулж, нийгэмд бусадтай ижил эн зэрэгцэн хөдөлмөрлөж, дохионы хэлээр нийгмийн харилцаанд орж, ажиллаж амьдарна гэдэг амаргүй.
Иймээс баярын хурлын нээлтийн үеэр цахимаар холбогдсон Боловсролын сайд П.Наранбаяр мэндчилгээний эхлэл хэсгээ дохионы хэлээр хүргэсэн нь ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж, тэдний ялгаатай хэрэгцээг ойлгож, хүндэтгэж буйгаа илэрхийлсэн үйлдэл байлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр:
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Боловсролын шинэчлэлийн багц хуулийн дагуу тусгай сургуулиудын чиг үүрэгт өөрчлөлт орж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгохын зэрэгцээ эдгээр хүүхдийг ердийн сургалттай сургуульд тэгш хамруулж буй сургууль багш нарт арга зүйн дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй түшиц сургууль болсон. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ боловсролд тэгш хамруулах арга зүйг түгээх багш эцэг эхчүүдэд зөвлөн туслах түшиц газар бол 29-р сургууль юм.
Баярын хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одон хүртсэн Насандэлгэрийн Амаржаргал, мөн Засгийн газрын шагнал болох Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн Б.Мөнхзул, Б.Туяагэрэл, О.Баянжалбуу нарын төрийн дээд одон медаль, боловсролын салбарын цол, тэмдэг, баяр талархал хүртсэн эрхэм хүмүүсээ шагнасны дараа багш сурагчдын хамтарсан хүндэтгэлийн тоглолт, сургуулийн түүхт 60 жилийн ойд зориулсан “Итгэл сэтгэлийн жаран” баримтат киног үзэж сонирхлоо.
Ийнхүү түүхт 60 жилийн баярын арга хэмжээ хөшгөө хааж, 29-р сургууль хөгжлийн шинэ хуудсаа нээлээ.