Ганцаар давдаггүй цугтаа сөрдөг онцгой албаны нэгэн гишүүн
Ганцаар давдаггүй цугтаа сөрдөг онцгой албаны нэгэн гишүүн

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнэ

Эзэлж ноёрхсон, унаж боссон бахдалт, ээдрээт түмэн түүхийг эргэх цагт бүтээсэн улс орны минь нэгэн тэмдэглэлт өдөр Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бид уулзсан юм. Нийтээр амарч буй айвуу тайвуу өглөө “Танай хотод чинь такси олддоггүй юм байна. Автобусдчихлаа. Надаас илүү алба хаагчид зөндөө байхад би одоо юу ярих билээ” гэж даруухан зан цухалзуулж, олон юм асуугаад юу гэх вэ дээ гэдэг санаагаа тойруугаар илэрхийлсээр орж ирэв.

“Танай хот” хэмээн дуудаж орж ирсэн тэрбээр уг нь Улаанбаатар хотод төрж өссөн, зуны амралтаа л Архангайн Батцэнгэлд өвөө, эмээдээ очиж  өнгөрүүлдэг байсныг эс тооцвол энэ хотын унаган хүүхэд юм. Гэхдээ тушаал авч очсон газар нутаг нь, гэр орон нь болдог төрийн цэргийн хүний ажил, амьдралын ёсоор нэгэнт Сэлэнгийн хүн болж. Хууль сахиулахын их сургууль /одоогийн ДХИС/-ийн Онцгой байдлын сургуулийг Онцгой байдлын албаны ажилтан-эрх зүйч мэргэжлээр төгсөж тамгатай тушаал, чемодантай хувцсаа барьсан, гал залуухан дэслэгч Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд суусан цагаас хойш тэр нутагт 11 жилийг үдэж, албандаа “эрхэм хошууч”, амьдралдаа айл гэрийн эзэн, хөвгүүдийн аав болжээ.

Цагдаа-жолооч аавыгаа харж өссөн айлын том хүү, багаас хүссэн мөрөөдлөө биелүүлчхээд томилогдсон газар орноо зорих замын уртад элдвийг бодон явахдаа галт тэрэгний цонхоор үзэгдэх битүү ой, өндөр өндөр ногоон моддыг хараад өвөөгийнхөө хэлсэн “Сэлэнгэ их модтой газар. Тужийн нарс чинь тэнд бий шүү дээ. Ойн түймэрт л олон явах байх даа, миний хүү” гэдэг үгийг санаж явж.

Долоодугаар сарын 16-ны нарлаг өглөө эрт галт тэрэгнээс буугаад л Онцгой байдлын газар руу таксидаж очоод, даргадаа илтгэтэл “Заа, миний хүү ёстой сайн байна, ингээд сургуулиа төгсөөд ирдэг. Одоо хичээгээд ажиллаарай. Шууд ээлждээ гарна шүү дээ” хэмээн угтжээ.

Ингээд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Батхөгжихийн Бат-Эрдэнэ гэж илтгэн анхны ээлжээ хүлээж аваад ажлын гараагаа эхэлсэн байна. Түүнийг хүлээн авч шууд ээлж хүлээлцэж ажилдаа орох үүрэг өгсөн хүн бол тухайн үеийн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр /одоо бригадын генерал/ байжээ. Харин Б.Бат-Эрдэнэ нүүж ирэх, таньж мэдэхгүй газар орон гэрээ төвхнүүлэх 14 хоногийн хугацаа өгөх байх гэж төсөөлж байснаа яриад хувцсаа солиод л ажилдаа гарсан тэр цагийн дэслэгч залууг шоолох мэт хөгжилтэй гэгч нь инээв. 

baterdene_hch2 

Хошууч Б.Бат-Эрдэнэ "Цэргийн гавьяаны одон"-оор шагнуулах үеэр. 2025.11.25

Ингэж эхэлсэн тэрбээр салаан захирагчийн үүргийг дөрвөн жил нэр төртэй гүйцэтгэж, мерит зарчмаар тушаал дэвшин гал түймрийн улсын хяналтын байцаагч болж, 2021 оноос хойш Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ажиллаж буй юм. Энэ албыг эргэлт буцалтгүй сонгож, төр, ард түмнийг гамшиг, ослоос хамгаалах үүргээ чин сэтгэл, үнэн тангаргийн дор биелүүлж буйдаа тэр бахтай явдаг.

Гамшиг, осол, гал түймэр гээд ямар нэгэн томоохон юмны ард гарсны дараах мэдрэмж бол зүйрлэшгүй сайхан. Аварч хамгаалж, аюул осолгүй болгож, давж гарсан бүхнийхээ эцэст хамт олонтойгоо зогсож байх тэрхэн мөчөөс л урам зориг, цаашид зүтгэх, сөрөх эрчим хүч авч огшиж байдаг. Гэхдээ үүнийгээ ил гаргаад байдаггүй. Дотроо л тээж явдаг. Онцгой байдлын албаны түүхийг бүтээлцэж буйдаа баяртай байдаг. 

Хамт олондоо хайртай. Одоо гүйцэтгэж буй ажилдаа дуртай. Б.Бат-Эрдэнэ гэдэг хошуучтай үүрэг гүйцэтгэж байхад сайхан байсан гэдэг яриа, тийм сайхан дурсамж хамт олонд маань бас надад үлдээсэй л гэж хүсдэг. Ингээд л болно. Тэрнээс биш надад заавал том дарга болох ч гэдэг юм уу тиймэрхүү хүсэл сонирхол байдаггүй юм гэж тэр ярьсан.  

Сэлэнгэ аймаг бол ямар ч байгууллагын ажилтан, мэргэжилтэн тэр тусмаа онцгой байдлын алба хаагчдаас илүү ухаан, илүү ур чадвар шаарддаг, ихээхэн ачаалал нэмдэг онцлогтой бүс. Монгол орны ойн сангийн тодорхой хэсэг тэнд ургаж, урсгал усны 55 орчим хувь тэр нутгаар дайран өнгөрч, улсын хил болон тусгай хамгаалалттай газрууд оршиж, аянчин жуулчид зорьж байдаг их хөлийн газар. Үүнийгээ дагаад аюул, осол, эрсдэл, асуудал ч их. Ийм газар онцгой байдлын алба хаагч байна гэдэг амаргүй бөгөөд аварч, хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд олон чадвартай байхыг шаардана. Хошууч Б.Бат-Эрдэнэ манай нутаг сайхан ч газар. Асуудал ч олонтой. Усны осол, ойн түймэр, олон улсын ачаа тээвэр, малын гоц халдварт өвчин, уурхайн осол, самарт яваад төөрөх гээд л нэг удаа амар тайван байна гэсэн юм байхгүй шүү дээ гэсэн. Жилийн дөрвөн улиралд өдөр тутамдаа хийх, гүйцэтгэх, шийдвэрлэх асуудалтай тэд тулгарч, тэр хэмжээгээрээ чадваржиж, туршлагаждаг ажээ.

baterdene_hch5 Онцгой байдлын албаны алба хаагчид ой хээрийн түймэр унтраах ажиллагааны үеэр

Өөрөө ээлжгүй ч дуудлага бүрд очоод бусдыгаа хэрхэн ажиллахыг харж, хамт олноосоо суралцаж, бага багаар ч болов мэдлэг, туршлага цуглуулдаг байсан шинэхэн ажилтан, залуухан дэслэгч түүний уйгагүй зүтгэл, ямагт өөрийгөө хөгжүүлэх ёстой гэсэн чин зорилго өнөөдрийн ахлах байцаагч, ахлах офицерыг бий болгожээ. 

Шинэхэн салаан захирагч барьц алдам хүнд дуудлага ажлаа авсан жилийнх нь намар 10 дугаар сарын 1-ний өдөр ирснийг тэр одоо ч мартдаггүй. 20 гаруй айлын модон орон сууцанд гал гарсан буюу объектын гал түймрийн дуудлагын дагуу очин ажиллаж байхад нь тухайн үеийн газрын орлогч дарга, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ ирж удирдлага, зохион байгуулалтыг хийхийг хараад томоохон хэмжээний гал түймэртэй тэмцэх, унтраах анхны практик мэдэгдэхүүнээ олж авсан гэдэг.

Гал, усны аюулыг сөрөн хамтдаа үүрэг гүйцэтгэж байсан хамт олноосоо, хашир туршлагатай ахлагч нар, одоогийн хошууч тухайн үеийн ахлах дэслэгч н.Нямдорж, ахмад н.Дэлгэрдалай нараас үлгэр дуурайлал авч байснаа, алхам тутамдаа суралцаж ирснээ ярьж, энэ албанд ороогүй бол одоо Б.Бат-Эрдэнэ гэдэг хүн хаана, юу хийж яваа юм билээ бүү мэд. Сайхан албаараа бахархаж явдаг гэдгээ сэтгэл дүүрэн хэлж байсан юм.

Аливаа гамшиг, ослыг удирдан зохион байгуулна гэдэг аюулд өртсөн хүн, газар орон, тухайн бүсэд оршин буй бүхнийг аварч, хамгаалах үүргээ биелүүлэхээс гадна алба хаагчдаа эндэл, эрсдэлээс сэргийлэх давхар хариуцлагатай. Энэ тухай Б.Бат-Эрдэнэ хошууч “Өгсөн тушаалын дагуу оногдсон ажлаа л хийх, урд буй ажил дээр нэмээд цаад талын бүх юмыг бодож ажиллах хоёр их ялгаатай.

Энэ түймрийг алдаад цааш нь тархаавал яах вэ, алба хаагчдын хоол хүнс, техник хэрэгсэл, шатах тослох материалын хүрэлцээ, дайчлагдан ажиллаж буй иргэдийн аюулгүй байдал, хүн, амьтан гэмтэж бэртвэл яах вэ, энэ бүхний цаана үйлдэгдэх эрх зүйн баримт бичгүүд гээд л бүгдийг бодож, зохицуулалт хийнэ гэдэг амархан ажил биш.

Байнга толгой ажиллаж, тактик боловсруулж, бодож сэтгэж явдаг. Тэгэхээр ямар ч гамшиг ослын эсрэг ажиллагааг удирдаж байгаа хүн бол их стресс, ачаалалтай ажилладаг. Гэхдээ үүндээ түүртдэг хүн манай албаны удирдах албан тушаалтанд нэг ч байдаггүй. Түүгээр нь их бахархдаг. Ер удирдлагаа л хардаг юм, тушаал, үүргийг нь хүлээж буй хүмүүс.” гэж удирдагч хүний зовлон жаргалыг хуваалцав.  

zassan_baterdende_hch_3 Хамт олонтойгоо ой хээрийн түймэр унтраах ажиллагааны үеэр 

Улалзаж, дүрэлзсэн гал түймрийг унтраахын тулд сөрж, нүдэж нойргүй долоо, арав хоног ажиллах бол түүнд, тэдэнд хэвийн үзэгдэл. Жаахан амсхийчихвэл, ганц шөнийн нойр авчихвал аюулыг ахин тогтоож чадахгүйгээр алдаж мэднэ. Аранз, багаж, зэвсэг нийлсэн 40-50 кг жинтэй ачааг үүрээд түймэр гарсан уулын орой руу өгсөх тэсвэр тэвчээр, эр зориг, ур чадвар онцгой байдлын алба хаагчид л бий. Тэд бол зарим хүний төсөөлөлд ид шидтэн, баатар боловч үнэн хэрэгтээ үлдэх эсэхийн эцсийн итгэл найдварыг тээсэн махан биетэй, зүрх сэтгэлтэй, ардаа амьдралтай энгийн нэгэн хүн байдаг. 

Түүний ярианаас “Одоогийн нийгэмд олонх хүн зүтгэж явсаар ганц байшин бариад, нэг машинтай болоод л таарч байна. Илүү юм болж чадахгүй байна шүү дээ. Гэтэл хэн нэгний босгосон бүхэн нь нүдэн дээр шатаж байхад манай алба хаагчид дайраад л ордог. Тэр амьдралыг хоёр, гурав дахь удаагаа босгоно гэдэг одоогийн нөхцөлд үнэхээр чанга. Чин үнэнийг хэлэхэд, ганц тавилга ч болтугай бүтэн үлдээхийн төлөө ажилладаг. Ний нуугүй ярихад, нэг орны даавуу ч хүртэл тэр хүний хөрөнгө. Хамаг зүйл нь шатаж байгаа эзэн “новшнууд аа, та нар юу хийдэг юм бэ? Хурдан унтраа л даа” гээд орилж хашхирч байгаа шүү дээ, хөөрхий.” гэдэг үгс хурц тусаж байлаа.

Нийгмийн, хүний амьдралын ямар ч өнгө будаггүй, хэлбэр маяггүй талд нь тэдний алба ажил оршиж, хүнийг хайрлах, бусдыг хамгаалах гэдэг тунгалаг сэтгэлээр үүргээ гүйцэтгэдэг нь илэрхий. Энэ байдлаараа, ийм үйлдлээрээ монголын онцгойнхон бусдаас илүү дулаахан нь анзаарагддаг. Гэвч энэ дулаахан чанар заримдаа өөрсдийгөө гэмтээх, эрсдээх нөхцөл болдог ч байж магадгүй юм.

“Халуун бороо” гэдэг киног үзэв үү, та бүхний амьдралыг л энэ байна гээд гаргаад тавьчихсан мэт санагдсан гэдэг асуултад Б.Бат-Эрдэнэ хошууч “За ер нь бол бид нарын амьдрал яг л тийм л дээ. Би алба хаагч нартаа, тэднийхээ ар гэртэй нэг уулзах боломж олдвол онцгой байдлын байгууллага бол төрийн цэргийн байгууллага. Бид Цэргийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагддаг, цэргийн байнгын алба хаагч хүмүүс. Бид нар ямагт бэлэн байх үүрэгтэй, ямагт эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа. Энэ хүмүүсээ хайрлаарай. Ар гэрт нь янз бүрийн асуудал байх юм бол тухай бүрд удирдлагуудад хэлээд ойлголцоод явж байгаарай гэж хэлдэг. Том, жижиг аюул осол гэж ялгалтгүй. 

Манай Сэлэнгэд усны осол ихээхэн тохиолддог. Үер буугаад гол ус эргээд аймшигтай үерлэчихсэн, том том эргүүлгүүдтэй усанд хүнээ алдчихсан гэр бүлийнхэн эрэг дээр орилж хашхираад л байж байна. Тэр шороо, чулуу, модтой холилдоод урсаж, үерлэж буй ус руу онцгойн алба хаагч л үсрээд орно шүү дээ. Тэр усан дотор нүдэнд харагдахгүй ямар аюул байгааг хэлж үл мэднэ. Гэсэн ч албаны онцлог, тангараг өргөсөн алба хаагчийн итгэл үнэмшил, хуулиар хүлээсэн үүрэг гэж хатуу юм байдаг, бидэнд. Усанд үйгээд удчихсан, гал түймэрт өртөөд буцалтгүй нэрвэгдэгч болчихсон хүний зүс царай, бие махбод ямар байх вэ, тэдгээрийг эрэн хайж, олж, тээж, гаргах бас ямар ажил билээ. Ийм ажил хийдэг хүмүүсийн сэтгэл зүй ямар байх бол. Ер нь чанга шүү. Гэхдээ даван туулаад гарсан үе л хамгийн том хүч болдог доо” гэж хариулсан.

zassan_baterdende_hch_2 Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнэ 

Түүний хэлснээр онцгой байдлын албанд шалгарсан жинхэнэ эрчүүд, тэр эрчүүдээс дутахааргүй хатуужил, хүмүүжилтэй эмэгтэйчүүд ажилладаг. Бас ганц хүний амбицаар, ганц хүний хийж бүтээснээр ажил нь явдаг алба биш. Ганцаараа бүхнийг чаддаг төгсөрсөн хүн байхгүй ч алхам тутамдаа бүгд сайжирч, хөгжөөд явдаг, ерөөс хамтын хүч, багийн ажиллагаагаар зүтгэж ард нь гардаг алба бол онцгой гэж тодорхойлсон. Тэр ч бас энэхүү ганцаар давдаггүй, ганцаараа явдаггүй, хамтдаа тэмцдэг, нэгдэж нягтарч, цугтаа давж гардаг онцгой албаны нэгэн гишүүн нь юм.

baterdene_hch1 Хошууч Б.Бат-Эрдэнэ гэр бүлийн хамт 

Тэмдэглэлт өдөр өрнөсөн бидний яриа тэр зүг чиглэхэд монгол хүн болж төрсөн, онцгой байдлын байгууллагын алба хаагч болсон хувь заяагаа туйлаас хайрлаж, бахархаж, баярлаж явдгаа ярьсан. Өчигдөрхөн “Цэргийн гавьяаны одон”-оор шагнуулсан тэрбээр Ерөнхийлөгчөөс шагнал гардаж байхдаа хамт олондоо талархан зогсож байсан гэнэ. Төрж өссөн хотоос нь ч дотно болж, амьдралаа бүтээсэн Сэлэнгэ нутгаа өнөөдөр зорих түүнийг хайрт гэргий, гурван хүү нь хүлээж суугаа. Арваннэгэн жилийн өмнө томилолтоо хараад “Сэлэнгэ гэдэг чинь хаана байдаг билээ” гэж өөрөөсөө асууж явсан түүнд одоо бол Улаанбаатар-Сүхбаатар хүрэх чиглэл хамгийн сайхан зам болжээ.