Улсын дээд шүүхийн танхимын хурлаар энэ сарын 24-нд буюу ирэх лхагва гарагт яруу найрагч Ц.Хулангийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1060 дугаар магадлалтай, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох /маш нууц/ хэргийн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн танхимын хурлаар хаалттай хянан хэлэлцэх юм байна.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Хуланг үргэлжилсэн үйлдлээр Монгол улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Отгонбаатарыг үргэлжилсэн үйлдлээр Монгол улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хуланд 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарт 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн.
Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөд байгаа юм.