Цас орж, хүйтэрнэ
Цас орж, хүйтэрнэ

Уулархаг нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног буюу 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Ойрын хоногуудад уулархаг нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг мэргэжлийн байгууллагаас малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.

Хур тунадас:

11 дүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи:

Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -4...-9 хэм,

Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Халх, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 хэм хүйтэн, өдөртөө -4...+1 хэм дулаан,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...+1 хэм, өдөртөө +6…+11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 хэм хүйтэн, өдөртөө 0…+5 хэм дулаан байна.