29-р сургуулийн сургалтын менежер П.Доржпүрэв
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулан сургадаг Монгол улсын ганц сургууль юм. Тус сургуульд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас хүүхдүүд ирж суралцдаг. 2024-2025 оны хичээлийн жилд нийт 254 сурагч, 145 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн сургалтын менежер П.Доржпүрэвтэй ярилцлаа.
- Танай сургуулийн хүүхдүүд сая болсон мөрөөдлөө илэрхийлэх “Миний мөрөөдөл” нийслэлийн сурагчдын уралдаанд амжилттай оролцлоо. Эхлээд бичиж тэмдэглэж, дараа нь хамт олон, шүүгчдэдээ танилцууллаа. Хүүхдүүдийн бичгийн чадвар хэддүгээр ангиасаа ингэж сайжирдаг вэ?
- Ахлах ангийн хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон цогц хөтөлбөр, тусгай хичээлүүдийг нарийн арга зүйгээр зааснаар сурагчдын үгийн баялаг нэмэгдэж уншиж бичих чадвар нь сайжирдаг. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй, танин мэдэхүй болон нийгэмшихүйн тал дээр дутагдалтай байдаг тул хүүхдүүд манай сургуульд ирээд анги хамт олонтой болж, өөрийгөө бусдад нээн илэрхийлж сурдаг.
- Нийт элсэгчийн хэдэн хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байдаг вэ?
- Сургуулийн өмнөх боловсролд нийт элсэн суралцаж байгаа хүүхдүүдийн 10 хүрэхгүй хувь нь хамрагдсан байдаг. СӨБ-д хамрагдсан хүүхдүүд нь дохионы хэл сурч, өөрийгөө илэрхийлэх чадвартай болдог. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд хоцрогдолтой ирдэг. Манай сургуульд 21 аймаг, 9 дүүргээс ирж суралцах бүрэн боломжтой.
Япон улсад болсон сагсан бөмбөгийн 3*3 тэмцээнд амжилттай оролцоод ирлээ
- Танай сургуулийн хүүхдүүд сая Япон улсад болсон сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон байна. Энэ амжилтаасаа хуваалцаач.
- Манай сургуулийн таван сурагч Япон улсад болсон сагсан бөмбөгийн 3*3 тэмцээнд маш амжилттай оролцоод ирлээ. Дөрвөн сурагч нэг багшийнхаа хамт яваад ирсэн. Мөн хоёр сонсголын бэрхшээлтэй багш маань Австрали улсад болсон сонсголгүй иргэдийн сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож багаараа гуравдугаар байрт орлоо. Манай сурагчид гадаад, дотоодын урлаг, спортын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож, тогтмол амжилт гаргадаг.
- Нийт төгсөгчдийн хэдэн хувь нь их дээд сургууль, коллежид элсэн суралцаж, хэд нь ажлын байртай болж байгаа вэ?
- Өнгөрсөн 2023-2024 оны хичээлийн жилд нийт 17 сурагч 12 дугаар ангиа төгсөн. Тэдний долоо нь элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Үүнээс зургаан хүүхэд нь их дээд сургуульд орох болзол хангасан байна. Нэг хүүхэд дахин шалгалт өгөөд их сургуульд орсон. Үлдсэн 10 гаруй хүүхдийн зарим нь шууд ажиллаж байна. Ер нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд тууштай үнэнч байдаг учраас аж ахуйн нэгж, байгууллагууд тэднийг ажиллуулах санал тавьж төгсөгчдийг ажлын байраар хангаж бидэнтэй хамтарч ажилладаг.
- Танай сургууль хуульд зааснаар сургалт арга зүйн зөвлөн туслах үүрэгтэй болсон. Үүнийг хэрхэн зохион байгуулж байна вэ?
- Шинэ Боловсролын тухай хуулиар манай сургууль улсын хэмжээнд сургалт арга зүйн үйлчилгээ үзүүлэх, дэмжин туслах, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургаж байгаа багш нарт онлайн болон танхимаар арга зүйн дэмжлэг үзүүлж эхэлсэн. Одоогоор манай хоёр багш Увс, Орхон, Сүхбаатар аймагт зөвлөн туслах – ментор багшаар ажиллаж байна. Өнгөрсөн жил Орхон, Дархан Уул, Өвөрхангай, Эрдэнэт хотын багш нар ирж туршлага судалж зөвлөгөө авсан.
60 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр
Боловсролын тухай хууль шинэчлэгдсэн. Монгол Улс шинэ үндэсний хөтөлбөрөө боловсруулж байна. Үүнтэй уялдаад дэлхий нийтийн чиг хандлага, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол хэрхэн олгох талаар олон ургалч үзэл дэлхий даяар өрнөж маргаантай байгаа. Бид энэ чиглэлээр суурь судалгаа хийж, үр дүнгээ ашиглаад явж байна. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг сайжруулах тусгай арга зүйг түлхүү хөгжүүлье гэсэн бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг. Хүүхдийн сэтгэн бодох чадвар сайн байхын хэрээр өөрийгөө илэрхийлэх, аливааг гүйцэтгэх чадвар сайн байдаг. Үүнд тулгуурлаад огт сонсголгүй хүүхдүүдэд хос хэлний арга зүйгээр, сонсголтой хүүхдүүдэд аман бичгийн яриаг хөгжүүлэх арга зүйг хэрэглэж байна. Цаашид судалгаа шинжилгээ хийж илүү боловсронгуй болгох, хөгжүүлэх тал дээр анхааран ажиллана.
- 29 дүгээр сургууль гадаад хамтын ажиллагаандаа хэрхэн анхаардаг вэ?
- Энэ хичээлийн жилд Солонгос, Японы их дээд болон дунд сургууль, нийслэлийн Боловсролын газар, БЕГ, БСҮХ-тэй хамтраад сургалтын хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-д багш нараа явуулж туршлага судлуулж байна. Тэгш хамруулах бодлогын хүрээнд хөдөө орон нутгийн багш нар жил бүр тогтмол хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтыг өөрийн нөөц боломж, бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг. Шинэ залуу багш нарт болон эцэг эхчүүдэд дохионы хэлний сургалтыг тогтмол зохион байгуулдаг.
Манай сургуульд Москва хотын багшийн их сургуулийг төгссөн нарийн мэргэжлийн хоёр ч багш ажилладаг. Мөн ахмад багш нарын зөвлөн туслах баг бий. Шинээр орсон болон хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт өөрсдийн туршлагаа түгээн дэлгэрүүлж зааж сургах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг. Өнгөрсөн жил Орхон, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгийн ЕБС-ийн багш нар ирж туршлага судалсан.
Монгол улсад сүүлийн жилүүдэд ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчин дутагдалтай байна. Хэдийгээр ТХБ-ын чиглэлээр багш бэлтгэж байгаа боловч тусгай сургуулиуд дээр ирж ажиллах багш нар ховор байна. Тиймээс бид багшийн сургууль төгссөн боловсон хүчнийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сургаж ажиллуулдаг. Цалингийн тухайд хэдийгээр 30 хувийн нэмэгдэлтэй боловч ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа нөхцөлд тийм ч хангалттай цалин биш юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн хамт олон.
Ялгаатай хэрэгцээтэй нэг хүүхэд ердийн таван хүүхэдтэй тэнцдэг. Ийм хүүхдүүдтэй ажиллах нь багшаас маш их ур чадвар, эв дүй, сэтгэл, тэвчээр шаарддаг. Хүүхдүүддээ боловсрол олгохын төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа сургуулийн нийт багш, ажиллагсдадаа хувиасаа маш их баярлаж байна. Төрөлх сургуулийнхаа үе үеийн багш, ажиллагсад, төгсөгчид, эцэг эхчүүд, сурагчдадаа түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
- Баярлалаа.