“Сэргээгдэх эрчим хүч” хамтарсан хэлэлцүүлгээс онцолсон 12 эшлэл
“Сэргээгдэх эрчим хүч” хамтарсан хэлэлцүүлгээс онцолсон 12 эшлэл

"Сэргээгдэх эрчим хүч" хамтарсан хэлэлцүүлэг, Гэрэл зургуудыг П.Нарандэлгэр

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клуб болон Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран “Сэргээгдэх эрчим хүч” хамтарсан семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэлцүүлгийг нээхдээ “Монгол Улсын эрчим хүчний ханган нийлүүлэлтийн дутагдалтай байгаа асуудлыг тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд тус байгууллагаас ч энэ тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж буйг онцоллоо. Мөн бага тарифтай холбоотойгоор эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт дутагдаж байгаа тул өртөг шингэсэн тарифыг дэмжих нь чухал. Нүүрснээс салж шинэ эрчим хүчийг эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг ч дурдав.

Хамтарсан хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн талаар зохицуулагч М.Наранбат, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл"-ийг зохицуулагч Б.Сугар, инженер н.Эрдэнэбаатар нар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Хэлэлцүүлгийн “Сошиал медиа ба Сэтгүүл зүй” сэдэвт хэсгийг АХБ-ны үйл ажиллагааны ерөнхий мэргэжилтэн Грэм Двайер удирдаж, Харилцаа холбооны зөвлөх Кер Метаноиа Принсеса, Мария Азел Горне нар илтгэл хэлэлцүүлсэн юм. Филиппин ба Монголын интернэт ландшафт, Сошиал медиа “мэдээлэх” арга барилууд, Сошиал медиа дахь сэтгүүлчдэд зориулсан шилдэг туршлага сэдэвт илтгэл сонсож, чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Энэхүү хэлэлцүүлгээс 12 эшлэлийг онцлон хүргэж байна.

  1. Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур төсөл нь 114.95 сая ам.долларын өртөгтэйгөөр бүтэж байна. Үүнийг задалбал, 100 сая ам.доллар АХБ-ны хөнгөлөлттэй зээл, 3.0 сая ам.доллар АХБ-ны тусламж, 11.95 сая ам.доллар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэжээ.

adb_1 “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн зохицуулагч М.Наранбат

2. 80 МВт/200 МВт.ц суурилагдсан чадалтай эрчим хүчний хуримтлуурын системийг суурилуулах, ашиглах “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн байршил нь нийслэлийн СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр. 2023 оны 12 дугаар сараас ажиллаж эрчим хүч үйлдвэрлэн Сонгино дэд станцад нийлүүлж эхэлсэн бөгөөд ирэх сард бүрэн ашиглалтад орно.

3. “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төсөл оргил ачааллын үед богино хугацаанд 80 МВт хүртэлх чадлыг нэгдсэн сүлжээнд нийлүүлснээр 20 мянган орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчний хязгаарлалтаас сэргийлж байна. Эл төсөл хэрэгжиж эхэлснээр 12 ажлын байрыг шинээр бий болгожээ.

4. “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төсөл төвийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллаж эхэлснээс хойш буюу өнгөрсөн оны 12 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд нийт 51,1 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг системд нийлүүлсэн байна.

5. “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Баруун бүсийн эрчим хүчний систем, “Алтай Улиастайн Эрчим Хүчний Систем”-д 40.5 МВ.т хүчин чадалтай нарны болсон салхин цахилгаан станцуудыг холбох, цэнэг хураагуурын станцуудыг барьж байгуулан ашиглалтад оруулах ажлыг хийж байна.

adb_4 “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл"-ийг зохицуулагч Б.Сугар, инженер н.Эрдэнэбаатар

6. Завхан аймгийн Улиастай суманд байгуулсан 5 МВт нарны станц хоёр дахь жилдээ ажиллаж буй бөгөөд өчигдрийн /2024.10.23/ байдлаар 18 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эрчим хүчний системд нийлүүлжээ.

7. Говь-Алтайн Есөнбулагт 10 МВт нарны станц, Алтай суманд 0.5 МВт хосолмол систем, Хөвсгөлийн Мөрөнд 10 МВт хүчин чадалтай нарны станц ажиллаж тогтмол эрчим хүч үйлдвэрлэж байна.

8. Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хангамжийг 135 кВт-ын хөрсний дулааны насосын систем суурилуулж шийдсэн. Энэ нь нүүрсний хэрэглээ, нүүрс төрөгчийн ялгарлыг багасгасан байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл юм.

adb_2 “Сошиал медиа ба Сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлэг, АХБ-ны үйл ажиллагааны ерөнхий мэргэжилтэн Грэм Двайер, АХБ-ны Харилцаа холбооны зөвлөх Мария Азел Горне, Кер Метаноиа Принсеса. 

9. 1980-аад оноос хойш хэвлэл мэдээллийн дүр төрх маш их өөрчлөгдөж байна. Сүүлийн 15-17 жилийн хугацаанд энэ салбарт сошиал медиа хүч түрэн орж ирлээ. Мэдээлэл хүлээн авагч, хэрэглэгчид өөрчлөгдсөн. Тэр хэмжээгээрээ оролцоотой болж “иргэний сурвалжилга” бий боллоо.

10. Сошиал медиа анх найз нөхдийн хэв маягаар үүсэж байсан бол одоо маш өөр болсон. Эндээс мөнгө олдог байгууллага, хүмүүс бий болсон. 15 жилийн өмнө энэ төрлийн бизнес байгаагүй.

11. Бид сошиал медиаг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. Зарим талдаа сөрөг нөлөө гарч байгаа. Бидний дайсан уу эсвэл түнш үү гээд харах юм бол аюулууд байна. Давуу талууд ч олон бий. 

12. Сүүлийн үед сэтгүүл зүй болон сошиал медиагийн уялдаа холбоо улам нэмэгдэж байна. Тэр хэмжээгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн мэдээ түгээх байдалдаа, гадна талын өнгө, үсгийн фонтоос эхлээд бүхий л талаар брэндингээ анхаарал хандуулж эхэлсэн. Энэ нь уншигчийн татах, мэдээ мэдээллээ нийтэд илүү хүргэхэд нөлөө үзүүлж байна.