Гэрэл зургийг П.Батням
Холдох тусам хайрлана
Хүн хамгийн ойрхон зүйлээсээ зугтаж, холдох тусмаа санаж, санах тусмаа хайрлаж, хайрлах тусмаа үнэ цэнийг нь илүү ихээр мэдэрдэг мэт. Зүрх сэтгэлд минь хамгийн ойрхон зүг Төгрөг нутгаа зорьж явна. Уулс уруудаж давхисаар толгод намсаж, зам цэлийж, харганын бут олшроод ирвэл нутгийн зах руу орж буй нь тэр. Баяр догдлолыг дэврээх, хүндхэн бодлыг цэлмээх ид шид салхинд нь, үнэрт нь байдаг тал минь.
Энэ жил нутгийнхны яриагаар “Тэнгэр хангай ивээж” сайхан зун болж, ойрын онд тохиогоогүйгээр цаг ногоо дэлгэрчээ. Ийм зун Төгрөгийн говьд үндэстэй бүхэн дэлгэрч, үзэсгэлэн төгсөө дэлгэдэг тул бид нутгийн гүн рүү зорьж яваа билээ. Улаанбаатар – Лүн – Эрдэнэсант – Рашаант – Арвайхээр – Төгрөг сум. Аян замын суурин газрын маршрут. Сумын төвийн дэлгүүрээс ус, хүнсээ сэлбэж, бензин тосоо базаалаа. Хэдэн өдөр дараалан бороо орсны улмаас сумын төвийг тойрсон хоолойнууд үерлэж аль ч талаасаа унаатай хүн нэвтрэхэд тун төвөгтэй болжээ.
Энэ нь нутгийнхны хувьд бол гайхалтай сайн явдал бөгөөд алиа хошин зарим нь “Манай сум усан хилтэй болсон хэмээн хошигнож, ай даа сайхан зун болж байна. Тэнгэр хангай ивээж байна аа” гэлцэх ажээ. Бороо их байх, олон удаа орох, өдөржин, шөнөжин зүсрэх тусмаа говийнхон, малчдын хувьд магнай хагарам баяр билээ.
Тал газрын ус ёроол нь харагдаж гүехэн мэт нэлийх боловч тийм ч амархан туулчихгүй тул урд хоолойн үерийг гаталж үл чадна хэмээн сэрэмжилж зорьж яваа газарт нутаглаж буй малчдын хамт зам ташин хөдөллөө. Таана, хөмүүл, харгана, бударгана холилдон хамар цоргих говийн үнэр. Буржгар ягаан цэцгээ дааж ядан салхи налах цэнхэр хөмүүл, цас цавцайтал дарсан мэт таана бүрхсэн тал, харганаас ч өндөр ургасан бударганын бутнууд замын хажуугаар үргэлжилнэ. Сэгсгэр том хамхуул ямар үзэсгэлэнтэй ургадгийг, шивээн сиймэн толгой салхины аясаар хийсэх нь хүртэл үзүүштэйг говиос л олж харна.
Гэрэл зургийг П.Батням
Бид 70 орчим километр замыг туулаад Эрдэнэ хайрхны энгэр бэлд ирж “Эрдэнийн дэвсэг” хэмээх ариун дагшин газарт буудаллалаа. Хажууханд үзэсгэлэн төгсийн орон, байгалийн гайхамшигт тогтоц, шим ертөнцийн түүхийг өгүүлэх палеонтологийн дурсгалт газар Өөшийн нуруу сүндэрлэнэ. Нутгийнхан Өөш шахлага хэмээн газар зүйн тогтцоор нь нэрлэж эрхэмлэн хүндэтгэдэг өвөрмөц бүтэц, тогтоцтой энэ газар Төгрөг, Богд сумын нутгийг дамнан үргэлжилнэ. Одоогоос 102 жилийн өмнө Өөшийн нуруунаас АНУ-ын экспедицийнхэн үлэг гүрвэлийн арга яс олж илрүүлж байсан бөгөөд энэ төрлийн олдвор олдсон монголын анхны газар нутаг гэдгийг эрдэмтэн судлаачид баталдаг билээ. Энэ нутгаас олдсон өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн олдвор өдгөө АНУ-ын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй юм.
Улбар, ногоовтор, цайвар, шаргал өнгөөр алаглах шаварлаг шахлага, хэрмүүдийн дунд алмайрч хэсэх бид хэдэн зуун сая жилийн өмнө энд үлэг гүрвэлүүд давхилддаг байсан гээд төсөөл дөө гэцгээж элдэв янзын таамаг дэвшүүлж, ямар нэгэн үл мэдэгдэх, учир битүүлэг зүйлийг тайлах гэж байгаа мэт яриа өрнүүлнэ. “Марко Поло” монголд хөл тавихдаа, “Рой Эндрюс” монголын говийг судлахдаа ийм сониуч бодол, оньсого шиг уулсын нууцыг олж тайлах зорилготой байсан болов уу гэж хүртэл бодогдох.
Өөш шахлага, адуун сүрэг
... Үлэг гүрвэлийн аварга биеийг
Гараг ертөнц даагаагүй юм болов уу
Өндөг нь хүртэл тахианаас том
Хагарч дэгдээхэй гардаг юм болов уу ... гэдэг үгтэй Шөнийн галт тэрэг хамтлагийн “Үлэг гүрвэл” дуу шиг л таавар, мэтгэлцээн өрнөж ярианы сэдэв танин мэдэхүйн шинжтэй болж ирнэ. Харин зарим нь эндээс чулуужсан дун, хясаа олддог учраас далайн ёроол байсан гэх сонирхолтой өнцөг гаргаж мэтгэлцсээр бидний аялал адал явдал, шинэ мэдлэг дүүрэн үргэлжилж байлаа.
Өөрийн нутагт тааваар зорчиж говийн зэрэглээн дундаас бараантан тодрох Шаа хайрхан, Зараа хайрхан, Хуцын уулыг харж, энүүхэнд ойрхон үзэгдэх Улаан чих, Цагаан чих, Хөх үзүүрийг саравчилж зогсох аз жаргал, сэтгэлийн тэнүүнийг юутай зүйрлэх вэ. Эдгээр газар бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутгийн зааг буюу өөрийн аймгийн Баянгол, Богд, Гучин-Ус, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговийн Мандал-Овоо сумтай хил залгаж буй хэсэг юм.
Өөшийн нурууны эхээс буусан үер өргөн гол мэт урссаар уруудна. Арга эв, бяр хүчээ дайчлан шаварт суусан машинаа гаргаж “адал явдалгүй аялал гэж юу байх вэ” хэмээн хөхрөлдөж, нутгийн сайхныг бишрэн амар амгаланг мэдэрч, таанын айргийн амтыг шагшин, хүмүүсийн сайхан сэтгэлд талархаж нутгийн гүнд хүрсэн аялал, говио зорьсон зам бидэнд дулаахан дурсамж болж үлдлээ.
Нутгийн гүнд аялсан багийнхан
Цаасан торонд аагтай хөмүүл түүж, дөрвөн настай Тунгаа дүүгийнхээ хайрын тухай ярихыг өхөөрдөн чагнаархаж, хүүхдүүддээ нутгаа үзүүлнэ гээд зорьж яваа аав ээжүүдээр бахархаж цаг өнгөрөхөд эргүүлэн санах, эргэцүүлэн хайрлах хугацааг хэлхлээ.
Бидний аялал Төгрөгчүүдийн шүтээн Хонгорхайрханд ирээд өндөрлөв. Сэтгэлийн дотор хамгийн дөт ууландаа залбираад холдох тусмаа санадаг, санах тусмаа хайрладаг, хайрлах тусмаа үнэ цэнийг мэдэрдэг орон зайнаасаа хөдөллөө. Үнэ цэнийг нь мэдэрч, чин сэтгэлээсээ хайрладаг учраас өгч чадах л зүйл байвал бүгдийг нь өгөхийг хүсэж аав ээжээ энэрэх сэтгэлээр эрхэмлэн хүндэлж явдаг билээ. Хол явах тусам ард үлдсэн бүхнээ улам хайрладаг нь хүний сэтгэлийн янз биз ээ.