“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 18-нд болно.
Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Эл ойг тохиолдуулан найрагчийн нэрэмжит “Дорно” сангаас санаачлан “Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 18-ны баасан гарагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулахаар болжээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд СГЗ, доктор, профессор Л.Дашням, СГЗ Г.Мэнд-Ооёо, СГЗ До.Цэнджав болон судлаач, доктор Д.Нямдорж, судлаач Х.Чойдогжамц, Г.Лхагвадорж нар яруу найрагч Н.Нямдоржийн уран бүтээлийг судалж илтгэл хэлэлцүүлэх юм байна. Нямдорж судлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн “Дорно” сангаас утга зохиолын салбарын залуу судлаач, оюутнуудыг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөсөн бөгөөд Н.Нямдорж найрагчийн бүтээлийг яруу найраг, шүүмж, судлал, дурсамж, тэмдэглэл гэсэн гурван ботиор хэвлэхээр бэлтгэж байгаа аж.
Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж 1934 оны 10 дугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл гэдэг газар мэндэлсэн. 1957-1962 онд тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн. “Хөдөлмөр” сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь аймагт мэргэжлийн зохиолч, Ардын боловсролын яамны хэвлэлийн хэлтэст хэвлэлийн редактор, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо суманд багш, Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонинд сурвалжлагч, Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт мастер зэрэг албыг хашиж байжээ.