Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит сонгууль баасан гарагт болно.
Орон нутгийн сонгуультай шинэ долоо хоног эхэлж байна. Их хурлын сонгуультай харьцуулахад их нам гүм үргэлжилж буй сонгуулийн сурталчилгааны ажил дуусахад хэдхэн хоног үлдлээ. Энэ долоо хоногийн баасан гарагт Монголчууд орон нутгийн эрх барих дээд байгууллага болох иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдээ сонгоно. Ирц хамаарахгүй ч гэлээ энэ сонгуульд идэвхтэй оролцох нь иргэн бүрийн эрх, “үүрэг” байх ёстой. Гэвч улс төр, сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигч гэхээр үстэй толгой нь өрвийдөг, үл тоомсорлодог хэсэг бүлэг аль хэдийн бий болжээ.
Саяхан нэг жижиг намын хоёр нэр дэвшигч замын хажууд машинаа тавьчихаад сурталчилгааны самбараа машинаас буулган зөөж байхтай таарсан юм. Гэтэл хажуугаар нь зөрж явсан нэг жолооч “Наад хогнуудаа замаас зайлуулаач” гэж хашгирчихаад яваад өглөө. Хоёр нэр дэвшигч бие бие рүүгээ харсан ч хариу үйлдэл гаргасангүй, самбараа зөөсөөр хоцорсон юм. Яагаад ч юм тэр хоёр ямар ч гэмгүй хэрнээ гэмтэй юм шиг, нөгөө жолооч нь хүн рүү дайрч хашгирчихаад нэг их баатарлаг үйлс бүтээсэн юм шиг тийм дүр зураг үлдсэн юм.
Яг үнэндээ энэ зураглал эсрэгээрээ байх ёстой. Бидний сонгосон хүмүүнлэг, иргэний Ардчилсан нийгмийн үнэ цэн нь иргэн бүрийн оролцоо, бие биенийхээ эрх, сонголтыг хүндэтгэхээс эхэлдэг. Харин бид улс төр гэхээр жигшин зэвүүцдэг хэрнээ өөрсдөө юунд оролцдоггүй зөвхөн шүүмжилж, доромжилж явдаг хэсэг бүлгийг соён гэгээрүүлэх хэрэгтэй болжээ. Үгүй бол энэ нийгмийнхээ үнэ цэнийг ойлгож, би оролцож байж л өөрчилнө гэдгээ ухамсарласан үе үеийн төлөөлөл нэр дэвшигчдийнхээ “ууцыг” нь хугалаад байвал хэн оролцож, хэзээ бид өөрчлөгдөх вэ?
Нэр дэвшигчдээ хүндэлье. Бас сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё.