09 сарын 24, 2024
Хувийн үзэл бодлоороо хэнийг ч “яллаж” болохгүй
Хувийн үзэл бодлоороо хэнийг ч “яллаж” болохгүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2024 оны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 12-ны өдөр болж нэг гомдол хэлэлцлээ.

Уншигчийн зүгээс Sonin.mn сайтад 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр нийтлэгдсэн “А.Баатархуяг: Х.Нямбаатар шийдэмгий байсны үр дүнд “хотын бүлэглэл” задарч байна” гэх гарчигтай бүтээлд хамаатуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлснийг ёс зүйн хороогоор хэлэлцээд зөрчил гаргасан гэж гэж үзлээ.

Гомдол гаргагчийн зүгээс “...Хотын өмчийн газрын материалуудыг татан авч далд түрээсүүдийг нь шалгаад жишээ болгож “Элэгний” Хатанбаатарын нэр дээр байсан объектуудыг ил гаргаж зарлажээ. Тэр бол дүүжлүүрт савлах учиртай хүн, энэ бол дохио бөгөөд одоо “далд” санхүүжигч, санхүүжүүлэгчид Х.Нямбаатарын гутлыг үнсэх ёстой…” гэж бичсэн нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Мөн “Тэр бол дүүжлүүрт савлах учиртай хүн” гэсэн нь Хатанбаатар гэх хүнийг шүүхээс өмнө ялласан, заналхийлсэн зүй бус үг хэрэглэсэн, буруутгагдсан этгээд болох Хатанбаатар гэх хүнээс тайлбар, тодруулга авалгүй олон нийтэд түгээсэн нь ёс зүйн зөрчилтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд сэтгүүлч мэргэжлийн давуу байдлаа ашиглан бүтээлдээ өөрийн үзэл бодлоо шингээх нь зохисгүй бөгөөд “дүүжлүүрт савлах учиртай хүн” хэмээн тухайн хүнийг шууд буруутган дүгнэсэн нь ёс зүйн алдаа гэж үзсэн тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 4.2 дахь заалтыг зөрчсэн гэж үзэв.

Харин тус бүтээлийн сэдэв болон өнцөг нь зөвхөн Хатанбаатар гэх хүний тухай бус газрын асуудлыг хөндсөн ерөнхий агуулгатай байсан тул заавал тайлбар авах шаардлагагүй гэж үзэн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.8 дахь заалтыг зөрчөөгүй  хэмээн шийдвэрлэлээ.

Түүнчлэн Ёс зүйн хорооноос редакцын бүтээл биш гэрээт нийтлэгч, зохиогчийн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх тохиолдолд тухайн бүтээлийг редакцын агуулгаас ялган тэмдэглэх, мэргэжлийн ёс зүйгээ баримталсан эсэхэд хяналт тавих ёстойг нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад зөвлөх нь зүйтэй гэж үзэв.

Дээр мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”,

4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”.