09 сарын 24, 2024
29 дүгээр сургууль “шинэ” байрандаа хичээллэж эхэллээ
29 дүгээр сургууль “шинэ” байрандаа хичээллэж эхэллээ

29 дүгээр сургуулийн иж бүрэн засвар дуусаж, өчигдрөөс танхимаар хичээллэж байна.

Олон жил засвар шинэчлэл хийгээгүй 29-р тусгай сургуульд иж бүрэн засвар хийх төсвийг Нийслэлийн Засаг дарга даргын тамгын газар энэ онд бүрэн шийдэж, 4.8 тэрбум төгрөгөөр иж бүрэн засвар хийх шийдвэр гаргасан. Өнгөрсөн 7-р сарын 15-наас ажлаа эхэлсэн засварын ажил өчигдөр дуусч, цахимаар хичээллэж байсан сурагчид танхимдаа цуглалаа.

29-р тусгай сургуулийн хичээлийн болон  дотуур байр 1964 онд ашиглалтад орсноос хойш  60 жилийн хугацаанд  нь бүрэн засварт орж байгаагүй аж.  Үүнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд сургуулийн байр нь халахгүй, хана тааз нь цуурсан, шугам сүлжээ нь элэгдсэн гээд хүүхэд багачуудын сурч хөгжих орчинд нөхцөл хүндрээд байсан. Харин Нийслэлийн Засаг дарга Нямбаатар өнгөрсөн хавар тус сургуульд ажиллах үеэрээ иж бүрэн засвар хийх төсвийг нь нэг мөр шийдэж өгсөн юм.

29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар:302075185_7976393429101084_1488394879135320832_n 

Нийслэлийн инженер техникийн мэргэжилтнүүдийн удирдлага,  хяналт дор иж бүрэн засвар хийж сургууль, дотуур байраа ашиглалтад оруулж байна. Мөн Боловсролын яамны 130 сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүх ангийнхаа ширээ, сандлыг шинэчиллээ. Ая тухтай сурч, ажиллах нөхцөл бүрдсэнд манай хамт олон, сурагчид баяртай байна. Боловсролын ерөнхий хуулиар манай сургууль энэ хичээлийн жилээс арга зүйн төв болж өргөжиж байна.  Нийт 21 аймаг дүүргүүдийн сургуулиудад танхим, цахимаар арга зүйн зөвлөгөө, сургалтаа хүргэнэ. Тиймээс удахгүй цахим танхим ч ашиглалтад орно.

2024-2025 оны хичээлийн жилд тус сургуульд 21 аймаг, 9 дүүргээс тусгай хэрэгцээт 265 хүүхэд 1-12 дугаар ангид элсэн суралцаж байна. Тэдний тал нь буюу 130 гаруй нь аймаг орон нутгаас ирж дотуур байранд амьдарч байгаа юм. Нийт 145 багш, ажилтны 30 хүртэл хувь нь тусгай хэрэгцээт иргэд. Сургууль мэргэжлийн багш нараар 100 хувь хангагдсан” гэж 29 дүгээр сургуулийн сургалтын менежер Д.Доржпүрэв ярилаа.

460114574_1053188102861002_7621392843319978740_n 

461166010_4304393346454042_6294946787575538616_n 

Энэ онд тус сургуулийн 60 жилийн ой тохиож байна. Сурагчид, багш нар, эцэг эхчүүд 60 жилийнхээ ойн босгон дээр иж бүрэн засвар хийсэн "шинэ" сургуульдаа хичээллэх болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байна.