Хотын зурвас: Намар дуусахаас өмнө аав ээждээ очоорой
Хотын зурвас: Намар дуусахаас өмнө аав ээждээ очоорой

Намрын сар дундаа ороод налгар цаг дуусна гэхээс ямар нэгэн зүйлд адгаж, хаашаа ч юм бэ явмаар санагдаж, юуг ч юм бэ амжуулмаар бодогдож, сэтгэл дотроо үймрэн бужигнаж явна уу? 

Тийм бол ижий, аавдаа нэг очоод ирээрэй. Гадаа дулаан ч хаяа хатавчаар сэвэлзсэн зэврүүн өдрүүдэд өвс, тэжээл, хашаа саравчны тухай ярьж, өвлийн талаар хөөрөлдөж өнтэй л байгаасай гэж залбираад бүлтэй сэн бол гэсээр хоёулхнаа зүтгэж байгаа, тэд. Ногоо, нуурыг дундалж айлсан багшралдаж байсан хүн, мал өвөлжөөнийхөө зүг буудал буудлаар дөхөж хонь нийлэх айдас алсарсан ч толгодын дунд ганц цагаан гэр үлдэж хоёулхнаа л торойгоод хоцорч байгаа.    

Саалийн сүү багасан өтгөрч, өрөм зузааран өнгө нь улам шар болно. Ээзгий, ааруул нэмээд хүүхдэдээ өгье, өглөө эртхэн амжуулж боорцог, гамбир хайраад явуулна аа гээд бэлдэж буй. Нэг л өглөө зүсээ хувиргачихсан намрын шаргал тал дундуур хонио ус руу тууж мөд ирэхгүйг чинь мэдсээр ч хоног тоолчихсон л яваа. Хот явах унаа сурагласаар амттай гэснийг сорчлон илгээчхээд ажлаа л сайн хий бид яах вэ гэж тайтгаруулаад хоёулхнаа зүтгэж байгаа, тэд. 

Намар дуусахаас өмнө аав ээждээ нэг очоорой. Магнайг нь тэнийлгэчхээд сэтгэлээ дүүргээд ирээрэй. 

Сэтгүүлч Б.Будхүү