“Арван сарын тэнгэр дор”-оос мэдэрсэн 16 эшлэл
Уншсан боловч гаргаж ярилгүй дотроо нандигнаж, эргэцүүлсээр явдаг ном, уулзсан боловч бусдад илтгэмгүй учрал гэж байдаг даа. Ингээд уншигч таны эргэцүүлэлд “Арван сарын тэнгэр дор”-оос мэдэрсэн 16 эшлэлийг үлдээж байна. 

- Ном уншмаар санагдаж байна уу, ямар ном уншихаа мэдэхгүй байна уу? 

- Тэгвэл “Арван сарын тэнгэр дор” номыг уншаарай. 

Аравдугаар сарын гэгэлгэн, дулаахан шар өдрүүд налайж байдаг шиг, гэнэт л тэнгэр хуйсганаж зөөлөн цагаан цас эргэлдэн будардаг шиг, усны эргээр хөвсгөр цасан бамбарлаад тунгалаг урсгал мяралзаж байдаг шиг амьдралын танил дотно мэдрэмжийг энэ номоос авна. Үнэхээр та уншдаг хүн бол зүгээр л унших учиртай ном гэж үүнийг хэлэх болов уу. 

Уншсан боловч гаргаж ярилгүй дотроо нандигнаж, эргэцүүлсээр явдаг ном, уулзсан боловч бусдад илтгэмгүй учрал гэж байдаг даа. Ингээд уншигч таны эргэцүүлэлд “Арван сарын тэнгэр дор”-оос мэдэрсэн 16 эшлэлийг үлдээж байна. 

1. Судалгаа гэдэг нь урлаг шиг өнгөрснийг амилуулж, ирээдүйг зөгнөж, шинэ амьдрал, шинэ ертөнцийг бүтээхийн бус харин баримт сэлтийг цуглуулж, харьцуулж, тоочих, сайндаа л тэдгээрийг тайлбарлаж, цэгцлэхийн нэр ажээ.  

2. Ай даа, багачууд минь, та нар үгээ олж хэлмээр юм даа. “Овоо амттай”, “наадахыг чинь” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тавагтай идээгээ, тэр тусмаа цагаан идээг монголчууд эрхэмлэн дээдэлдэг, баргийн үгээр хэлдэггүй юм. Энэ цай, энэ өрөм хачирласан бяслагийг магтан хэлье гэхэд надад үг дутаад байна. Европ зүгийн бид мал аж ахуйн талаар гэхэд тэртээ тэргүй мах, сүү гэсхийж, үлгэрлэвэл зангахын арай л наагуур ярьдаг билээ. Монголчууд тэгэхэд малаас гардаг бүхнийг эд эсээр нь салгаж ялгах шахам таньдаг ч, нэрлэдэг ч, даанч бид тэр бүгдийг нь мэдэхгүй юм даа. 

3. Охин чинь мөдхөн өлмий өлмийгөө дэрлэсээр цувран ирэх дүү нартайгаа эсэн мэнд торниж, аав, ээж шигээ сайн хүн болоод аз жаргалтай аж төрөх болтугай!

4. Үнэхээр чи хөх тэнгэрийн дор нар хүлээж, сар бараадаж явсан бол үнэхээр чи хөрст газрын дээр эмээлд нухлуулж, жолоонд дугтруулж өссөн бол одоо чи хэн ч боллоо гэсэн аргалын утаа, айраг цагаагаа санасан, морио унасаар, гэрээ барьсаар, дээлээ өмссөөр яваа малчин хүн өглөө юу бодсоор босдогийг, үдэш юу бодсоор унтдагийг мартаагүй байгаа.

5. Хэн нэг нь надаас хөндийн нэрийг асуухад би “Энхийн хөндий” гэж хэллээ. Магадгүй үнэхээр тийм нэртэй ч юм билүү. Ямар ч байсан сонсголонтой, бэлгэдэл шингэсэн нэртэй гэдэгт эс эргэлзнэм. 

6. Эрин бүхэн өөрийнхөө хувийг л нэмээ биз. Чулууны эрин өнгөрч, төмөр, ширэм, шил, хуванцрын эрин эхэлчхээд явж байна. Үүнээс илүү шинэ эд гараад ирэхийн цагт өнөөдөр бидний нүдэнд хог новш болон харагдаж байгаа энэ зүйлс бидний ач гуч нарын нүдэнд байгалийн цэвэр бүтээгдэхүүн болж харагдахыг хэн байг гэх вэ. 

7. Мянган жил! Чи бид хоёр, одоо энэ хорвоогийн шороог хөдөлгөж яваа бүхэн цөм алга болж, цаана нь бас хэдэн арван үеийнхэн өнгөрөх юм даа.

8. Хуримын өргөөний хойморт морилогч хосууд бөгж зүүлцэж, үнсэлцэж байхдаа эхэлж байгаа амьдрал, хайр сэтгэлийнхээ охь дээжийг амсаж эдлэхээсээ өмнө, тэрчлэн ойр дотнынхоо нэгнийг үхүүлээд уйлан хайлагч талийгаачийн төлөө харамсан гашуудахын наана хавь ойрынхоо хүмүүсийн нүдэнд яаж харагдахаа л боддог биш үү?

9. “Тэмээ яахаараа тийм сайхан нүдтэй байдаг юм бол” гэж ээжийн минь асуусан нь чихэнд дуулдах шиг боллоо. “Зовлонтой амьтан учраас тэр биз ээ” гэж аав минь хэлж байлаа. 

10. Чулуунд амилж болсон тэрээр хөгжимд амилж яагаад болдоггүй юм, болох ёстой, болго чи!

11. Ингэтэл хяслангаар дүүрэн хорвоод аж төрөх хувь ногдсонд хүмүүс бид магадгүй баярлах ч учиртай биз дотор нь онгойсон хүний тайван дуугаар хэллээ. Түүнд юу гэж хариулахаа би бодоод бодоод олсонгүй. Харин сэтгэл тайвширлаа. 

12. Энэ олон амьтан бужигнасан хорвоод чи бид хоёр хэзээ ч уулзахгүй байж болох л байсан, гэтэл учирлаа.

13. Үнэн итгэл хоёр дээр амьдрал тогтдог гэж би боддог. Үнэн, итгэл, хайр гурав дээр.

14. Эрдэмтэн болохыг хүссэн арван хүний ес нь болдог юм. Уран бүтээлч болохыг түмэн хүний есөн мянга есөн зуун ерэн ес нь болдоггүй юм. 

15. Би, бид хоёр, бид хэд байтугай хүн төрөлхтний хүрэх зүг өмнө минь байгаа бололтой. Хотоос зайлах арга, хотоос буцах хувь хүнд үлдсэнгүй. Тэрээр түүний орон гэр болжээ. Нийтийн тэр орон гэрийн ёс горим хатуу билээ.  

16. Урсан урссаар хүрэх газраа заавал хүрээрэй амьд ус минь!

10_sariin_tenger_dor 

Зохиолчийн тухай: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зохиолч, яруу найрагч Чинагийн Галсан. Арван сарын тэнгэр дор туужаа 1972 онд бичиж, 1981 онд герман хэлээр нийтэлж, 1988 онд монгол хэлээр орчуулж байжээ. 

Зохиолч Ч.Галсан бол өдгөө 80 нас сүүдэр зооглож буй, үндэсний соёл, уран зохиол, эх хэл, өв соёлоо хамгаалах, олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. 

Түүний зохиол бүтээлийн уншигчид нь монголчуудаас илүү өрнөдийнхөн тэр тусмаа герман хэлт хүмүүс байдаг билээ. Сүүлийн үед монгол уншигч залуус түүний Аянгат цагийн тууж, Арван сарын тэнгэр дор тэргүүтэй бүтээлүүдтэй нь танилцаж, шимтэн уншиж байгаа нь сайшаалтай юм. 

Тэрбээр монгол хэлээр “Эр хар сур”, “Аянгат цагийн тууж”, “Тэнгэрийн зүүд”, “Ноомой эрийн мөрөөр”, “Арван сарын тэнгэр дор”, “Алаг хорвоогийн гэрэл сүүдэр” зэрэг бүтээлүүд хэвлүүлсэн бол англи хэл дээр 10 орчим бүтээл, герман хэлээр 20 гаруй зохиол, бүтээлээ хэвлүүлжээ. 

Ч.Галсан 1992 онд герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал, жил бүр герман хэлээр гарсан уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг 1995 онд Дуу амрах цагаар туужийн номоороо, 2001 онд герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х.Додрерийн шагнал, 2002 онд улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавьяаны загалмайн одон зэрэг шагналыг хүртжээ. 

Уран бүтээл туурвихаас гадна гэр бүлийн хамт өөрийн хөрөнгөөрөө нэг сая мод тарьж, ургуулан байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах үйлсэд үлэмж хувь нэмэр оруулсан гайхалтай хөдөлмөрч хүн. Тэрбээр “Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина. Манай гэр бүлийн хувьд нэг сая мод тарьж чадлаа, одоо бид хоёр дахь сая модоо тарих ажилдаа орно” хэмээн ярьж байсан юм.