Ээлтэй хотын шийдэл: Тэдэнд зориулаад барьчихвал бүгдэд хүртээмжтэй болно
Ээлтэй хотын шийдэл: Тэдэнд зориулаад барьчихвал бүгдэд хүртээмжтэй болно

Явган хүний замын нөхцөл байдал, Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, 2025.12.03

Цуврал -2 

Саарал малгай, цайвар хүрэм, арзгар зузаан ултай гутал өмсөөд цагаан таягийнхаа үзүүрээр мөстөж хөлдсөн цардмал зам тэмтчиж явдаг хар нүдний шилтэй охинтой өглөө бүр таардаг юм. Тэр зүүн гараа агаарт өргөөд зөрж өнгөрөх хүмүүс, явган хүний замын дунд байх төмөр шон, гэнэт тулгардаг зогсоолын хаалт, байшин сав гэх мэт эмх замбараагүй, аюултай юмсыг урьдчилан мэдэрч явдаг. Ингээд алхаж яваа итгэл, зоригийг нь үгүй хийчих вий гэж болгоомжлохдоо гүйж очин туслахгүйгээр, түрүүлж гарч мөр замд нь тээглэхгүйгээр зорьсон замаа туултал ажиглаж яваад түүнийг зүүн тал руу гарсны дараа баруун тийш эргэн ажил руугаа ордог юм. Өчигдөр өдөр нэгэн уулзалтаас ирж явтал өглөө бүр таардаг замын хойд талд нөгөө цайвар хүрэмтэй охин нэг урагш алхаж таягаараа товшиж үзээд явж болохгүй байгаа бололтой буцаж эргээд тэмтрээд эргэцэн зогсоо харагдана. Тэр сургуулиасаа гараад оюутны байр руу явсан ч байнга зорчдог явган хүний замаа ололгүй явсаар очих газраасаа нэлээн зайтай ирчихжээ. Явган хүний хөтөч хавтангууд цас мөсөнд дарагдаж хаана, юу байгаа нь мэдэгдэхээ больсон учраас хөтөч мэдрэгдэж байгаа замыг л дагаад явсан гэнэ.

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр Оюутны гудамж бол нийслэлийн явган хүн зорчиход хүндрэлтэй газруудын нэг. Байрнуудын дундуур тавьсан гялгар эрээн хавтан, халтирдаг чулуун гадаргуутай явган хүний замын цас мөсийг гүйцэт цэвэрлэнэ гэж үгүй, цас орох бүрд мөсний зузаан нэмэгдэж, өдөр өнгөрөх тусам утаа угаарт өнгө нь харласаар гялтайсан хар мөсөн замтай болчихдог билээ. Яг энэ бүсэд хэдэн хүн халтирч унаж бэртэж гэмтэж байгааг, улмаар эрүүл мэнд, сэтгэл зүй, цаг хугацаа, хөрөнгө санхүүгээрээ хохирч буйг гаргасан тоо баримт мэдээж байхгүй. Харин Хүний эрхийн үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд Сүхбаатар дүүрэгт 255 явган замаас 249 буюу 97,6 хувь стандартын шаардлага хангаагүй бөгөөд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлд эрсдэл учруулж байгааг дурдсан байна.

Мөн улсын хэмжээнд 2021-2023 оны хооронд цас, мөсөн дээр халтирч унасан шалтгаанаар 18360 иргэн ГССҮТ-д хандаж эмчлүүлжээ. Байршлыг нь үзвэл, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 15852 иргэн жилийн 11 дүгээр сараас нэгдүгээр сарын хугацаанд хамгийн их гэмтэл, бэртэл авсныг тодорхойлжээ.

Гэхдээ энэхүү дурдагдсан тоон мэдээллээс хэдэн хувь, хэчнээн хүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан, стандартын бус явган хүний замаар зорчиж байгаад халтирч унаж бэртсэнээс болж ямар хор хохирол амссан тухай нарийвчлан судалсан мэдээлэл бас л манай улсад байхгүй. Улаанбаатар хотын төлөвлөлт, зохион байгуулалтын нэгдүгээрт хүн амьдрах орчин бус байшин барилга, зам, машин зэрэг байсаар ирсний зовлон зүдгүүрийг нийслэлийн оршин суугчид бөөндөө үүрч байгаа билээ.

Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн монгол хүн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатар хотод ялангуяа өвлийн улиралд хамгийн их зөрчигддөг гэдэгтэй маргах нэгэн цөөн болов уу. Тэр тусмаа өвөл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн наад захын хэрэгцээ гэрээсээ гарах хөдөлгөөнийг хүртэл хязгаарлаж, цаашлаад олон эрх, боломжийг нь үгүйсгэдэг шийтгэл мэт цаг хугацаа юм. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссын нэгэн судалгаа нотолжээ. Судалгаанд оролцогчдын 83.1 хувь нь Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад огт ээлгүй гэж үзсэн байна.

tsagaan_tayagtai_2 Ийнхүү үзсэний шалтгааныг тодруулахад, 41.2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад шаардлагатай дэд бүтэц байхгүй гэж хариулж. Харин 45.1 хувь нь явган хүний замд, 48 хувь нь явган хүний замын гадаргуугийн материалд, 50.3 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэлд маш их сэтгэл ханамжгүй байдгаа илэрхийлсэн байна. Бодит байдалтай нийцсэн үнэн дүгнэлттэй судалгаа болжээ.

Гэвч судалгаа, стандарт, хууль тогтоомж байгаад ч хэрэгждэггүйн жишээг 2023 онд нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган замуудыг норм, дүрмийн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналтын дүнгээс харж болно. Шалгалтад нийт замын 77,9 хувьд нь буюу 1054 газарт зөрчил дутагдал илэрч стандартад нийцээгүй, зорчигчид аюултай нөхцөл байдал тогтоогдсон байдаг. 

Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 35166 иргэдийн амьдрах орчин, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах шаардлагатайг Хүний эрхийн байгууллагаас тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэднийг нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, нөхцөл боломжийг бүрдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үр дүн гаргаж ажиллах шаардлагатай гэж дүгнэв.

tsagaan_tayagtai_humuus_graf2 Хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар нийслэлийн хэмжээнд харааны хөгжлийн бэрхшээлтэй 3319, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй 6442, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүн 1554, хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй 5983, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй 2845, хавсарсан хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 3477 болон бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй 11546 нийт 35166 иргэний амьдарч буйг дурджээ.

Тэгвэл тэдэнд амьдарч буй хотдоо нийгмийн бүхий л харилцаанд бүрэн оролцох, ая тухтай амьдрах нөхцөл, боломж бий юү? Улаанбаатар хотын хөгжлийн дунд гээгдэж хол хоцорсон бөгөөд эргэж төвхнүүлэх учраа олохгүй байгаа асуудлын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Уг нь тэдний нэрийг барьж гадна, дотноос авсан хандив тусламж, тэдэнд зориулж цаасан дээр баталсан хууль тогтоомж, стандарт Монгол Улсад хангалттай бий.

НИТХ-ын хурлаар батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй дэд бүтэц UCS1001А:2023 удирдамжид

харааны бэрхшээлтэй хүнд зориулсан явган замын хөтөч хавтан буюу хөтөч замын тухай “Харааны бэрхшээлтэй хүн явган хүний замаар зорчихдоо таягаар дамжуулан хүрэлцэх мэдрэхүйгээрээ чиглэлээ баримжаалан явах, тулгарах аюулыг анхаарах, эсхүл дэргэд буй байгууламжуудыг мэдрэхэд туслах зориулалтын товгор хээтэй, үл халтирах зам”

гэж заажээ. Цаашлаад хөтөч замыг хэрхэн хийх, товрууны хэмжээ, өнгөний ялгарал зэрэг бүдгийг нарийн тодорхойлж. Гэвч энэ шаардлага, бусад стандарт зөвхөн цаасан дээр байгаа болохоор харааны бэрхшээлтэй ч сурч мэдэхийн төлөө зорьж буй цагаан таягтай оюутан мөстөж хөлдсөн зам дээр эргэн тойрон аюул, эрсдэл дунд тэмтчиж, тэвдэж, төөрч явна.

tsagaan_tayagtai_3 Явган хүний замын нөхцөл байдал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, 2025.12.04

Бодит байдал дээр явган хүний замын голоор байрлуулсан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан өнгийн хавтанг хамгаас халтирч гулсамтгай материалаар хийдэг нь, эвдэрч хагараад зам тасалдаж алга болсон байдаг нь хоржоонтой. Тогтвортой хөгжлийн 11 дүгээр зорилгыг хэрэгжүүлэх буюу ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжихийн тулд Монгол Улс 2030 он гэхэд хүн бүрийг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй, бүх талын оролцоог хангасан, хүртээмжтэй, ногоон болон нийтийн эзэмшлийн талбайгаар хангана гэж зорьж буй. Биелүүлж барианд ороход дөрөвхөн жил үлджээ. Тэд хэрхэн төлөвлөж байгаа бол? Хоёр шийдэл санал болгоё.

Нэгдүгээрт, ирэх оноос хойш нийслэлд, орон нутагт хийх бүхий л бүтээн байгуулалтдаа дээрх зорилтыг санаж хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчино гэж төлөвлөөд гүйцэтгэчихвэл хүүхэд тэвэрсэн түрсэн эмэгтэйчүүд, бүх насны хүүхэд, таягтай, тэргэнцэртэй ахмад гээд бүгдэд ээлтэй, хүртээмжтэй орчин болж хувирна.
Хоёрдугаарт, явган хүний замын гадаргуу болон харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч хавтанг халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй материалаар хийхийг хориглох. “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009” стандарт, хотын шаардлага зэргийг мөрдөж хэвшүүлэх. Цас орсны дараа явган хүний зам, харааны бэрхшээлтэй хүний хөтөч хавтанг цас цэвэрлэгч шүүртэй машинаар сайтар цэвэрлэх зэрэг энгийн зүйлийг хийхэд л Улаанбаатар хотод асар олон асуудлыг шийдвэрлэж эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж байгаа юм.

“Өвөл л хэцүү. Гэхдээ зам цэвэрхэн байвал гайгүй. Халтираад, заримдаа унаад ч хамаагүй яваад байдаг” гэж цайвар хүрэмтэй охин оюутны байр руу хүргүүлэх замдаа ярьсан. Ердөө 500 метр хүрэхгүй замыг туулах гэж стандартын талд ч хүрэхгүй 50-60 см өргөнтэй мөстсөн хөлдүү замаар бээцгэнэж, бөөрийг нь нааж зогсоосон машинуудыг тойрч авто зам руу орж, гарч пицца хүргэлтийн жолоочид хараалгаж “одоо наашаа, одоо цаашаа” гэж явсаар түүний зорьсон газар ирсэн. Хөтлөх хүнтэй явахад ингэж байгаа юм чинь хөлдүү цардмал зам дээр цагаан таягаас өөр нүдгүй явдаг тэд ямар олон бэрхшээлийг үүрч, аюулыг сөрж явдаг бол гэж бодсоор ажил руугаа эргэв. Иргэн төвтэй хот уриатай Улаанбаатарын иргэдийн эрүүл, аюулгүй байдал иймэрхүү маягаар тойргийн гадна үлдсээр л байна.  

Өмнөх өгүүллийг Зөөлөн ултай гутал, оцон шувуу алхаанаас өөр шийдэл хэлж өгье: стандарт, асфальт холбоос дээр дарж уншина уу.