Явган хүний замын нөхцөл байдал, Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр. 2025.12.02
Манай дэлхий хоёр туйлтай. Бөмбөрцгийн умард хэсгийн их усан ай жилийн хагас хайлмагтан гэссэн ч өвөл эргээд тэс хөлддөг Хойд мөсөн далай орчимд цас мөснөөсөө үл ялгарах зүстэй үлэмж биет цагаан баавгай амьдардаг. Харин цас, мөсөөр хучигдсан хөлдүү эх газар өвлийн цагт нар манддаггүй өмнөд туйл Антарктид тивд оцон шувууд амар амгалан оршино.
Тэгвэл Ази тивийн өндөрлөгт дэлхийн улсуудын хамгийн хүйтэн нийслэлийн нэг Улаанбаатарын оршин суугчид туйлын амьдралаас ч бэрх өвөлтэй нүүр тулдаг. Цөхрөл, шантралын харцтай, бухимдалтай царайтай хүмүүс хар бараан өнгийн хувцас өмсөөд яарч сандран явна. Агаарын бохирдол, халтиргаа гулгаа зэрэг жил бүр өвөлтэй хамт ирдэг боловч одоог хүртэл шийдлийг олоогүй асуудлууд Улаанбаатарын иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, мөнгө санхүү, амьдрал ахуйг туйлд нь хүргэдэг. Бүр зарим хүний амийг авч одох нь туйлын харамсалтай.
Өвлийг дагаж ирдэг олон бэрхшээлийн нэг боловч хамгийн хялбар бөгөөд хурдан шийдэж болох асуудлыг хөндөн бичиж байна. Энэ бол явган хүний зам. Машинаас байшин руу, байшингаас машин руу маршруттай хүмүүс, нэн ялангуяа дарга нарт хамааралгүй шахуу сэдэв. Гэвч нийслэлд хөдөлгөөнд оролцож буй явган хүн бүрд хамааралтай юм.
Арваннэгдүгээр сарын дундуур цас орсны маргааш 45 настай иргэн Н ажил руугаа алхаж явах замдаа халтирч унаад баруун гараа хугалж түр хөдөлмөрийн чадвараа алдаад гэртээ суусан ч одоо хүртэл эдгэрээгүй байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн явган замаар зорчиж байсан бөгөөд цасыг нь цэвэрлэсэн байсан ч гулсамтгай эрээн хавтан дээр халтирч унаж гэмтжээ. Эмнэлгийн актын хугацаа дууссан. Үйлдвэрт ажилладаг болохоор гараа эдгэртэл ажиллах боломжгүй болсон болохоор хэсэг хугацаанд орлогогүй суух нь зээлээ яаж төлнө өө гэдэгт л санаа зовж байна гэж ярив.
Тэр бол өнгөрсөн 11 дүгээр сарын 1-24-ний өдрүүдэд зөвхөн халтирч унаж гэмтэж бэртсэний улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 1433 хүний нэг. Гэмтлийн эмчийн хэлж буйгаар халтиргаа гулгаанаас үүдсэн бэртлийн олонхыг гар, сарвуу, дунд чөмөг зэрэг мөчдийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байгаа бол гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл зэрэг хүнд хэлбэрийн гэмтэл ч оношлогддог байна.
Ардчилсан засаглалтай, амар тайван улс оронд амьдарч буй иргэд хотынхоо гудамжаар алхаж яваад л мянга мянгаараа бэртэж, гэмтэн эрүүл мэнд, эд хөрөнгө, мөнгө санхүү, сэтгэл зүй, цаг хугацаагаар хохирч үлдэнэ гэдэг зүйрлэшгүй харамсалтай явдал юм.
Халтирч унаж гэмтсэн иргэд толгой, хүзүү, цээж, хэвлий, дээд болон доод мөч, хавсарсан гэмтэл авснаас 13200 хүн доод мөчний гэмтэл авчээ. Халтирч унасан байршлуудыг тодорхойлоход нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 15852 иргэн жилийн 11 дүгээр сараас нэгдүгээр сарын хугацаанд хамгийн их гэмтэл, бэртэл авсныг тодорхойлсон байна.
Гэмтсэн иргэдийн төлөөлөлтэй хийсэн ярилцлагаас үзэхэд халтирч унаж байгаа шалтгаан нөхцөлд явган замын гадаргуу хэсэг гулсамтгай материалаар хийгдсэн, нийтийн эзэмшлийн талбайн цас, мөсийг цэвэрлээгүй, өөрийн болгоомжгүй байдал, бусдын буруутай үйлдлээс хамааралтай гэх шалтгааныг дурджээ.
Дээрх тайланд дурдсан тоог хүйтний улирлын халтиргаа гулгааны саруудтай харьцуулан үзвэл өдөрт ойролцоогоор 200 гаруй явган хүн халтирч унасны улмаас гэмтэж, бэртэж хохирч байгааг харуулах аж. Явган зорчигчид ээлгүй гэдэг нь судалгаагаар нотлогдсон Улаанбаатар хотод явганаар замын хөдөлгөөнд оролцож буй хүмүүсийн дийлэнх хувийг өөр сонголт байхгүй учраас явган явдаг буюу автомашин, нийтийн тээврээр зорчих шаардлагагүй иргэд эзэлнэ. Үргэлж түгжрэлийг бууруулна гэж ярьдаг хотын захиргаа болон бусад төрийн байгууллага нийслэлд өдөрт хэдэн машин замын хөдөлгөөнд оролцдогийг судалж гаргасан боловч явган зорчигчийн судалгаа, мэдээллийг хангалттай хийсэнгүй иржээ. Угтаа сайн хотыг бүтээхийн үндэс нь тээврийн хэрэгсэлд бус иргэдэд, хүмүүст, явган зорчигчид зориулж төлөвлөх билээ.
Тэгвэл Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд 2023 оны байдлаар нийслэлийн зургаан дүүрэг дэх явган хүнд зориулсан замын аюулгүй байдлыг норм, дүрмийн шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхэд 77,9 хувь нь стандартад нийцээгүй гарчээ. Тодруулбал, хавтан хагарч эвдэрсэн, стандартын шаардлага хангаагүй эрсдэлтэй нийт 1054 газарт зөрчил дутагдал илрүүлж.
Баянзүрх дүүрэгт 319 явган замаас 302 буюу 94,6 хувь, Баянгол дүүрэгт 159 явган замаас 73 буюу 45,9 хувь, Хан-Уул дүүрэгт 82 явган замаас 82 буюу 100 хувь, Сүхбаатар дүүрэгт 255 явган замаас 249 буюу 97,6 хувь, Чингэлтэй дүүрэгт 24 явган замаас 24 буюу 100 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 513 явган замаас 324 буюу 53,1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байгаа нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлд эрсдэл учруулж байна.
Хот суурин газрын явган хүний зам хамгийн багадаа 1500 мм буюу 1,5 метрийн өргөнтэй, жигд тогтвортой, халтиргаанаас хамгаалсан гадаргуутай, гэрэлтүүлэг сайтай, явган зорчигчдын аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлсэн байна гэх мэт олон хэрэгцээг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, шаардлагад заажээ. Гэвч стандарт, шаардлага цаасан дээр л хүчинтэйг, явган хүн өвлийн хүйтэн, цас, мөстэй сарууд, зуны бороотой өдрүүдэд биеэ хурааж, газар ширтэж, чүүчгэнэсээр туулдаг элдэв төрлийн эрээн хавтан, эв зүйгүй дөрвөлжин чулуу, янз бүрийн чулуун гулдмайгаар эв хавгүй “хулдсан” явган замууд чанар, стандартад нийцээгүй аюул, эрсдэл дагуулсан бүтээн байгуулалт гэдгийг эл тайлангийн баримтууд нотлоод өгч байна.
Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтнүүд манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн актад “явган хүний зам”-ыг хамруулан шинжлэхэд гурван давхардал, хоёр зөрчил, таван хийдэл нийт 10 зүйлийг сайжруулах хэрэгтэйг онцолжээ. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Газрын тухай, Хот байгуулалтын тухай хуулиуд, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд явган хүний замын тухай баталгаажуулжээ. Үүнээс гадна улсын болон хотын стандартад тодорхойлж заасан бий. Нэг бүрчлэн тоолж гаргавал магадгүй чанар, аюулгүйн шаардлага хангасан явган хүний замаасаа олон хууль, дүрэм, стандарт, шаардлагыг баталж чаджээ. Гэвч үүнийг биелүүлэхэд, Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай эдлүүлэхэд хотын захиргаа, салбарын яам, Засгийн газраас үйлдэл хийх, анхаарал хандуулах явсаар өдийг хүрчээ.
Татвар төлөгчдийн бүрдүүлсэн төсвийн шатахуунтай унаагаар зорчдог албан тушаалтнуудад явган хүний замын гадаргуу ямар байх, явган хүн халтирч унаад бэртэх эсэх санаа зовоох асуудал биш байж болох юм.
Огт эвдэрч муудаагүй явган замын гадаргууг жил бүр сольдог “бизнесийн бүлэглэл” ч бий гэдэг. Гэхдээ энд тэр тухай бичихгүй. Улаанбаатар хотод явган хүн аль ч улиралд аюулгүй, айдасгүй алхах боломжтой замыг барих хоёрхон шийдэл санал болгож байгаа юм.
Явган хүний замын нөхцөл байдал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр. 2025.11.30
Тэгэхээр эхлээд хөгжингүй орнуудын хотын явган хүний замыг санацгаая. Тэдгээр хотод аливаа зүйлийг хийхдээ хамгийн түрүүнд “хүн амьдарна” гэдгийг боддог ёсоор явган замаа “хүн явна” гэж тооцоолж, цаг уурын онцлог, хүний ялгаатай байдал, аюулгүй нөхцөл зэргийг харгалзан өртөг, эдэлгээг ч мартахгүй хамгийн чанартайгаар бүтээдэг. Энэ жишээ харин манай хотод эсрэг урсгалаар оршдог.
Тиймээс нэгдүгээрт, өмнө өгүүлсэн хууль, дүрэм, шаардлага болон Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага MNS6808:2019, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009, Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага UCS0901B:2022 зэрэг батлагдаж гарсан стандартыг бүх шатанд хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд таниулж эрхээ хамгаалахад нь туслах хэрэгтэйг өнөөдрийн нөхцөл харуулж байна.
Хоёрдугаарт, өнгөрсөн зун хотын зарим хэсэгхэн газар унадаг дугуйн замтай хослуулан асфальтаар сольсон явган хүний зам хөлдүү цас, мөсгүй тохиолдолд халтирахгүй байгааг явган зорчигчид хэлж байгаа юм. “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009” стандартад “Явган хүний замын хучлагыг цемент бетон эсвэл асфальт зэрэг материалаар гол төлөв хийдэг бөгөөд эдгээрийг ашигласан явган хүний зам бат бэх, тогтвортой, хуурай нөхцөлд халтиргаа, гулгааг эсэргүүцэх чадвартай байдаг” гэж заасан бий. Иймээс цаашид Улаанбаатарт явган хүний зам барих, хуучныг сольж сайжруулах тохиолдолд асфальтан материалаар ашиглаж аюул, эрсдэлийг бага ч болов багасгахыг санал болгож байна. Монголын дарга нарын бөөн бөөнөөрөө очиж туршлага “судалдаг” Европын улсын хотууд, Азийн манай оронтой төстэй цаг ууртай хотууд ч энэ шийдлийг сонгосон байдаг юм.
Эцэст нь уншигч танд инээх уйлахын завсрын нэгэн бяцхан түүх ярья. Төрийн байгууллагуудаас нийслэлийн явган зорчигчдыг халтирч унаж бэртэхгүйн тулд таяг тулж, зөөлөн ултай гутал өмсөөд, газар шагайж, гараа халааснаасаа авч, оцон шувуу шиг алх гэдэг зөвлөгөө өгч байгаа.
Гэтэл саяхан хамгийн сайн чанарын резинэн ултай гутал багагүй үнээр авч өмсөөд, ЭМЯ-ныхаа зөвлөгөөг даган оцон шувуу мэт явж байсан нэгэн найз маань халтирч уначхаад утсаар гомдоллож, бухимдав. Харин түүнд “ТҮК-ийн ажилтнууд элэгээ доргитол хүрз, төмөр хангинуулан өдөржин нүдэж цас мөсийг нь арилгасан ч манай хотын хөлдүү эрэн хавтан, гялгар чулуун зам дээр оцон шувуу ирээд нүцгэн хөлөөрөө алхсан ч халтирна, бүр чиний гутлыг өмсөөд явсан ч халтирч унаад бэртэнэ. Магадгүй малын эмч хэрэг болох биз” гэж хэлээд бухимдлыг нь инээд болгов.
Гэхдээ л гунигтай инээд. Халтирч унаснаас хойш толгой нь өвдөөд байгаа тул эмнэлэгт цаг авсан ч тав хоногийн дараах дугаар байна. Хувийн эмнэлэг орохоос гээд утас тасарлаа. Яаж өвлийг давж, явган замыг туулж харина аа.
Үргэлжлэл бий...