09 сарын 19, 2024
“Иргэний нисэх”-ийн либералчлал
“Иргэний нисэх”-ийн либералчлал

Гэрэл зургийн эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газрын цахим хуудас

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Хэн ч хэзээ ч хаашаа ч нисэх тэр боломж нь бүх талаар нээлттэй, чөлөөтэй байвал тухайн улсын иргэний нисэхийн салбарыг либерал гэж хэлж болно. Монгол Улсын иргэний нисэхийн салбар ч мөн ялгаагүй ийм зорилгын төлөө ажилладаг. Бид одоогоор дэлхийн 46 улсын 157 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхтэй. Харин цаашид энэ тоог хэд дахин өсгөж, нислэгийн тоо, байршлыг ямар ч байдлаар нэмэгдүүлэх боломж нь хязгааргүй. Өөрөөр хэлбэл, бидэнд ашиглаж чадахгүй өөр өч төчнөөн боломж, зах зээлийн нөөц бий гэж ойлгож болно.

Гэвч энэ боломжийг ашиглахад дотоодын болон гадаадын олон хүчин зүйл сөргөөр нөлөөлж, иргэний нисэхийн ерөнхий газар өөрсдийн хүсэж, төлөвлөсөн хэмжээний ашиг орлогоо бүрдүүлж чадахгүй санхүүгийн хувьд амаргүй цаг үеийг даван туулж байна. Энэ салбар нь Монгол Улсын агаарын хилээр дамжин өнгөрч буй нислэг буюу агаарын навигацын үйлчилгээнээс үндсэн ашгаа олдог. Нэг нислэгээс дунджаар 900-1000 орчим долларын төлбөр авч өөрсдийн үндсэн үйл ажиллагаа болон улсын төсөвт төвлөрүүлэх мөнгөө бүрдүүлдэг байна. 

Монгол Улс агаарын хилээрээ 1994 онд 200 онгоц, 1996 онд 2000 онгоц дамжин өнгөрүүлж байсан бол одоо 40000 гаруй онгоц болж нэмэгдсэн нь энэ салбарын өсөлт хөгжлийг тод илтгэнэ. 2019 онд л гэхэд өдөрт 366 нислэг өнгөрөөж, тухайн жилдээ 379 тэрбум төгрөгийн орлого олсон нь санхүүгийн хувьд хамгийн оргил үе нь байлаа. Харин энэ үеэс хойш ковид-19 цар тахал болон Орос, Украйнын дайнаас үүдэлтэй Европоос Азийг чиглэсэн нислэгийн тоо эрс цөөрснөөс Иргэний нисэхийн ерөнхий газрын ашиг орлого эрс буурчээ. Тодруулбал, 2022 онд өдөрт дунджаар 100 нислэг өнгөрөөж, 115 тэрбум төгрөг олсон бол 2023 онд өдөрт 119 нислэг өнгөрөөж 165 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Гэхдээ ИНЕГ нь энэ орлогоосоо жил бүр 150 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, үлдсэн мөнгөөр нь үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэх ёстой. 

457364142_529810559744448_4773943992475557893_n  ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар:

Иргэний нисэхийн 15 нисэх буудал, 11 алба салбарт 2200 орчим хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийн цалингаас гадна нийт 2 их наяд төгрөгийн үндсэн хөрөнгөтэй холбоотой татвар, маш олон тоног төхөөрөмж, техник хэрэгслийн урсгал зардалд 150-180 тэрбум төгрөг зарцуулах шаардлага гардаг. Бид улсын төсөвт жилд 150 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой ч бүрэн гүйцэт өгч чадаагүй. 2022 онд 16 тэрбум, 2023 онд 5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ онд  л гэхэд өдөрт 170 орчим нислэг өнгөрөөж, 240 гаруй тэрбум төгрөгийг үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөтэй байна.  Орлого жаахан сэргэж байгаа ч хэмнэлтийн хуулийн дагуу зогссон хөрөнгө оруулалтын ажлууд, засвар шинэчлэл хийгдэхгүй удсанаас хүндрэл бэрхшээл гарч байна. 

Ковидын өмнө өдөрт 366 байсан нислэгийн тоо өнөөдөр 170 болсон. Үүнээс үүдсэн санхүүгийн хүндрэлтэй байдалтай зэрэгцэн боловсон хүчний дутагдал, ногоон түлшний асуудал гээд энэ салбарт тулгамдсан асуудал олон ч агаарын тээврийн либералчлалын бодлогоор орлогоо дахин өсгөж, хөгжлийн шинэ шатанд гарах шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийж эхэлжээ. 

Эхнийх нь “Иргэний нисэхий тухай хууль”-аа шинэчлэн батлуулж, ирэх оноос эхлэн хэрэгжүүлэгч биш тохируулагч агентлаг болж байгууллагын дотоод бүтэц, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх хууль эрхзүйн орчин бүрдсэн явдал. Өмнө нь ИНЕГ нь иргэний нисэхийн хэрэгжүүлэгчийн  үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдал, хяналт энэ салбарын бүх ачааг нуруундаа үүрч ирсэн. Нөгөө талаас нь харвал өөрөө өөрийнхөө үйл ажиллагаа хянаж, зохицуулах ашиг сонирхлын зөрчилтэй ч гэж хэлж болохоор бүтэц, зохион байгуулалттай явж иржээ. Харин олон улсын гэрээ конвенц, зөвлөмж шаардлагын дагуу хуулиа өөрчилснөөр хэд хэдэн өөрчлөлт гарна гэдгийг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа онцолсон юм.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа:333333333333333333

Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэн, нисэхийн аюулгүй байдал сайжирна. Шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдсанаар нислэгийн осол, зөрчил гарах нөхцөлийг бууруулж, нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэх юм. Мөн хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах, нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ. Үүнээс гадна Засгийн газрын агентлагийн үзүүлж байгаа агаарын навигацийн болон нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх төрийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор орон нутгийн өмчийн болон хувийн өмчийн нисэх буудал, аэродром байгуулах, орон нутгийн агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн гарах боломж бүрдэж байна.

Дараагийн гол ажил нь либерал агаарын харилцаа. Манай улс 46 улстай агаарын хэлэлцээртэй. Тухайн улстай агаарын хэлэлцээр байгуулснаар аль ч талаас харилцан нислэг үйлдэх эрхтэй болж, шинээр зах зээлийн боломж нээгдэж байна гэсэн үг. Хувийн, төрийн ямар ч нислэгийн компани байх нь хамаагүй шаардлага хангаж, аюулгүй байдал, эдийн засгийн шалгуураа давж байвал хэдэн ч удаа, ямар ч тоогоор нислэг үйлдэх боломжтой аж. Агаарын орон зайг ашиглах боломж нь зах хязгааргүй зүйл юм гэдгийг ИНЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр хэлсэн юм. 

IMG_3938 ИНЕГ-ын Гадаад  хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр:

Монгол Улс саяхан Катар улс, Бүгд Найрамдах Грек улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Унгар Улс, АНУ-тай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр, Бүгд Найрамдах Сингапур Улстай агаарын харилцааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж, манай улсын иргэд, бизнес аялагчид болон жуулчдад хямд зардлаар богино хугацаанд нисэх боломж бүрдэж, олон улсын зорчигчийн тоо нэмэгдэн агаарын тээврийн салбарын үзүүлэлт нэмэгдэх өндөр ач холбогдолтой.

Либерал агаарын харилцаанд хоёр улс хэлэлцээр байгуулахаас гадна харилцан визгүй зорчих нь мөн чухалд тооцогдоно. Ингэснээр зорчигчдын тоо тэр хэрээр нэмэгдэж, иргэний агаарын тээврийн компаниуд ашигтай ажиллах боломж нь бүрдэнэ гэдгийг онцолж байлаа.

Агаарын харилцаанд хэдэн ч улстай хэлэлцээр байгуулж болно. Харин тухайн хоёр улсын хооронд зорчигчын урсгал тасралтгүй байж, нислэгийн тоо олон байх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг нь тодорхой. Тухайлбал, Монгол Солонгосын хооронд 7 хоногт нийт 75 нислэг буюу өдөрт дунджаар 12 нислэг, Монгол Японы хооронд 7 хоногт 20, Монгол Туркийн хооронд 7 хоногт 8 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, Агаарын харилцааны хэлэлцээрийг тус тус шинэчилсэн нь зорчигч урсгалыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд бодит үр дүнгээ өгчээ. Монгол Улсын хувьд Ази номхон далайд нислэгийн тоогоор доогуур ордог ч сүүлийн жилүүдэд өсөлтийн хувь жилээс жилд нэмэгдэж байна.

IMG_4135 ИНҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв

Иймээс цаашид илүү олон улстай агаарын либерал хэлэлцээ байгуулж, нислэгийн тоогоо нэмэхийн төлөө ажиллах нь гарцаагүй. Гэхдээ тухай улс харилцан бие биенийхээ шалгуур шаардлага, аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шалгалтыг давах ёстой. Мөн тухайн нисэх компани техник технологи, эдийн засгийн шалгуурыг хангаж байж нислэг үйлдэх эрхтэй болно. Жишээ нь өнөөдөр ИНЕГ Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэхдээ Америкийн талаас тавьж буй аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, нисэх компанийн эдийн засгийн үзүүлэлтийн шалгуурт тэнцэх ёстой гэсэн үг. Иймээс бид цаашид нислэгийн тоогоо нэмэхийн тулд олон улсын байгууллагын аудит, шалгалтад тэнцэж, өөрсдийгөө батлан харуулах шаардлага тулгарч байна.

Манай улс энэ жил Олон улсын иргэний нисэхийн байгууллагын USAP-CMA аудит шалгалтад амжилттай хамрагджээ. Энэ аудит шалгалт нь манай улсын иргэний нисэхийн салбар өнөөдрийн хүрсэн түвшнээ үнэлүүлж, цаашид анхаарах асуудлуудаа тогтоож, цаашид илүү аюулгүй болгох зорилтуудаа төлөвлөж, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсноос гадна дараа дараагийн хүлээгдэж байгаа аудит шалгалтад амжилттай хамрагдах үндэс суурь болж байгаа аж.

Олон улсад ийм байна. Харин орон нутагт мөн хуваарь нислэгийг сэргээж, тийзний үнийг тодорхой хэмжээгээр хямдруулсан нь иргэний нисэхийн либералчлалыг дотооддоо хэрэгжүүлэх бас нэгэн үндэс суурь болох юм. Тодруулбал, Өлгий, Ховд, Улиастай, Улаангом, Алтай, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад гэсэн 8 чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээн, онгоцны тийзийг 2-2.5 дахин хямдруулаа. Цаашид орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төслийн хүрээнд “Ховд”, “Гурван сайхан” “Чойбалсан”, “Мөрөн” олон улсын нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагыг хангасан 4С, 4D хяналтын кодтой аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий Олон улсын нисэх буудал болгох төслийн үйл ажиллагаа, менежментийг төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. 

Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр дотоодын агаарын тээвэрлэгчид Boeing 737-800, Airbus 319, Embraer 190 зэрэг том оврын агаарын хөлгүүдээр тогтмол нислэг гүйцэтгэх боломж бүрдэж, орон нутгийн нислэгийн тоо, багтаамж, зорчигч урсгал нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн орон нутгаас олон улс руу нислэг үйлдэж "иргэний нисэх"-ийн либералчлалд бодит хувь нэмрээ оруулах аж. 

IMG_3901 Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдэд салбар, байгууллагынхаа тухай дэлгэрэнгүй танилцууллаа.