“Дулаахан бороо” номоос онцолсон 16 эшлэл
“Дулаахан бороо” номоос онцолсон 16 эшлэл

“Дулаахан бороо” номоос онцолсон 16 эшлэл

Манай сайтын редактор Б.Будхүү сэтгүүлчийн тэмдэглэлийн “Дулаахан бороо” номоо гаргаад удаагүй байгаа билээ. Түүний ном 16 тэмдэглэлээс бүтсэн бөгөөд кирилл болон монгол бичгээр хэвлүүлсэн юм. Шинэхэн номоос 16 эшлэлийг онцлон уншигч танд хүргэе.  

1. “Шүхэр дэрвэлзүүлсэн хүчтэй салхитай бороо орж байна. Сайхан дурсамж гэдэг алхаж яваад гэнэт инээх оч, гуньж суухад сэргэх сэхээ, унаж явахад босох тэнхээ, алдаж явахад ухаарах мөч ер нь амьд явахын нэгэн учир юм даа.”

2. “Таны хайртай нэгэн алсад суугаа бол залгаад яриарай, дуудлагыг нь төвөгшөөлгүй аваарай. “Сайн уу?” гэдэг үгээр дутах үе хүний сэтгэлд тохиолддог юм шүү. Ганцхан үг сонсчихвол аньчих гээд байдаг шарх ч хүний сэтгэлд байдаг. Залгаарай.”

3. “Амархан юм, ганцхан хийгээд сурчихдаг зүйл гэж үгүй. Харин ганц оролдоод шантрах сэтгэл зүй байнга л хүний дотор бэлэн явдаг байх. Гэвч зорилгодоо үнэнч бол хүртлээ бууж өгөхгүй.”

4. “... Битгий тоо, тэр харанхуйг

Бид тэндээс гарах замыг олж чадна

Учир нь мөнх үргэлжилдэг юу ч байхгүй

Урсан орж буй арваннэгдүгээр сарын хүйтэн бороо ч адил…”

5. “Өнөөдрийн эринд хүмүүс холдоход, хүн хувирахад, биесээ танихаа болиход, нэгнээ мартахад, үзэн ядахад улам л амархан болжээ. Гэхдээ сэтгэл нь ч бас ийм хялбархан өвддөг, эдгэрдэг болчихсон гэж үү.”

6. “Зүгээр л байсан, байна, байх болно гэдэгт итгэхийг хүсэж, түүнд нь туслах ямар нэгэн үнэмшлийг хайж итгэлийг бий болгон түүгээрээ сэтгэл зүрх, оюун санаагаа тэжээж явдаг юм биш үү дээ, хүн гэгч амьтан чинь..”

7. “Харин хорвоо дээр хүн л ийм хэврэг гэж үү? Урагдах сэтгэлтэй, өмрөх зүрхтэй болохоороо тэр үү…”

8. “Хол явна гэдэг чинь явах замдаа буцах тухайгаа бодохын нэр юм байна. Хол явах тусам ард үлдсэн бүхнээ улам хайрладаг нь хүний сэтгэлийн янз юм байна.”

dulaahan boroo “Дулаахан бороо” номоос онцолсон 16 эшлэл

9. “Хэзээ нэгэн өдөр манай их зохиолч Д.Нацагдоржийн музей биелэлээ олон байгуулагдаад эсвэл Монголын зохиолчдын музей бий болж тэнд нь түмний хайрыг татсан түүний булан нээгдээд хорвоогийн хаанаас ч юм бэ ирсэн хэн нэгэн үнэнч уншигч тийшээ очихыг хүсээд, бүтээлийг нь тэврэн догдлоосой..”

10. “Үндэс язгуур, удам угсаа, ёс заншил, соёл уламжлал, хүмүүжил суртахуун, аж төрөл, амьдрал, оюун сэтгэлгээ бүгдээрээ хэл гэдэг зүйл дээр л нэгдэж оршин тогтнож байдаг ажээ.”

11. “Мэдлэгтэй бол хууртахгүй, тоглоом, бамбай болохгүй. Мэдлэгийг суралцахаас, уншихаас, боловсрохоос олж авна.”

12. “Тэр бидний олон шүдийг сайхан өөх гэж андууран залгисан. Холын өвөөгийнхөөс таван литрийн бидон дотор суугаад мотоциклоор ирсэн тэр 13 жилийн турш манай гэрийн гишүүн, бидний баатар, хамгаалагч байсан юм.”

13. “Ухааны сайн хүмүүс утгын сайхан зүйлстэй учрах зүрх сэтгэлийг баясгах юм. Илчтэй үгэнд дулаацаж, ирэх жаргалд итгэж, сайхан өдрүүдийг угтаж, үдэж явна”

14. “Сайхан сэтгэлээ үржиж, хувааж надад зориулсан хэн бүхнийг гэгээнээр зурж, дулаахан дурсамждаа хадгалан, бүлээцэж явна.”

15. “Ямар олон хүн ийм тунгалаг агаарыг, ийм дулаан үдшийг, энэ л хотынхоо уур амьсгалыг, найз нөхдийнхөө инээд хөөрийг дурсаж бөөрөнхий дэлхийн аль нэгэн өнцөгт алхаж яваа бол.”

16. “Цоргих халуун, хайрах хүйтэн, зөөг бүлээн гээд олон өнгө дундаас даарсан гартаа ноосон бээлий өмсөх шиг, дутаж явсан үгээ сонсоод дотор баясах шиг дулаахан амьдралд хайртай.”