Өргөн сумын сурагчид хиймэл оюун ашиглан бүтээжээ.
Говийн сумын намуухан, дулаахан орой. Орон сууцны гаднах тоглоомын талбайд хүүхдүүд бужигнаж, Монцемент-Өргөн үйлдвэрийн инженер залуу тав тухтай байранд гэр бүлээрээ амьдарч буйгаа, хүссэн үедээ зааланд тоглож, фитнес орж, түгжрэлгүй, утаагүй, стрессгүй, аюулгүй орчинд аж төрж, ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдгаа сэтгүүлчдэд ярьж байна.
Хүүхдийн аюулгүй байдлыг бүхий л талаар бодолцож тохижуулсан энэ тоглоомын талбайн томыг, тоглоомынх нь олныг, тоглож буй хүүхдүүдийн хөгжилтэй, жаргалтайг хараад савлуур нь салаад уначихсан намхан төмөр дээгүүр бөмбөг харилцаж тоглодог хажуу байрны хөвгүүд, охидоо санав.
Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагчид “Цахим танхим”-д хичээллэж байна.
Өнөөдөр /2025.09.11/ Өргөн сумын ерөнхий боловсролын сургуульд “Цахим танхим”-ын нээлт болсон. Мэдээлэл зүйн танхимыг шинэчлэн тохижуулж, шинэ зөөврийн компьютер, VR төхөөрөмжөөр хангаж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлсэн энэхүү ажлыг Монполимет групп, Монцемент Билдинг Материалс ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийсэн юм. Мөн тус сургуулийн багш нарт зориулан “Google Gemini AI” сургалтыг зохион байгуулж, Дорноговь аймгийн хэмжээнд “Таблеттай багш” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан эдгээр үйл ажиллагаанд тус компаниас нийт 250 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян Му нар Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн “Цахим танхим”-ын нээлтэд оролцов.
Цахим танхимд хичээлд сууж байсан сэргэлэн нүдтэй бор охин “ангийнхаа хаалгаар ороод ирсэн чинь танигдахын аргагүй гоё болчихсон байсан. Хүүхэд бүр зөөврийн компьютер, чихэвч ашиглаад, интернэтэд холбогдож, хиймэл оюун хүртэл ашиглаад хичээлээ хийж байгаа нь үнэхээр таалагдаж байна” гэж цоглог гэгч нь ярьсан. Харин сурагч М.Учрал “Монцемент болон Unicef-т баярлалаа” сэдэвт зургийг “чатжипити” ашиглан зурж байв.
Суралцах тохь тухтай орчин, уур амьсгалыг бүрдүүлсэн шинэхэн ангид хүүхэд бүр хичээлдээ анхаарч, идэвхийлэхийг хараад багш нарын өрөө, өлгүүрийн умгар хэсгээ хүртэл хичээлийн танхим болгож ашиглаад эрдэм сурахын өмнө сандал суудалдаа тавгүйтэж суугаа нийслэлийн сурагчид бодогдох.
Есдүгээр ангийн сурагч М.Учрал “Монцемент болон Unicef-т баярлалаа” сэдэвт зураг бүтээснээ танилцуулав.
Монцемент-Өргөн үйлдвэрийн төсөл эхэлсэн цагаас өнөөг хүртэл Дорноговь аймгийн Өргөн суманд өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн, ахиж дэвшсэн, өргөжсөн нь олон. Өргөнийхөн азтай. Яагаад гэвэл тэд хариуцлагатай, мэргэжлийн бас Монгол Улс хөгжих ёстой гэж чин сэтгэлээсээ хүсдэг, үүний тулд сэтгэдэг компанитай учирсан.
Тиймдээ ч энэ сумын хүүхэд, багачуудад чанартай боловсрол эзэмшүүлэх, тэдний сурч, хөгжих боломжийг нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах, улс, нийгмийн хөгжлийг дэмнэх ирээдүйн сайн мэргэжилтэн, сайн хүмүүсийг бэлтгэх үйлсийг хийж байна.
Олон улсын стандартад нийцсэн Ерөнхий боловсролын сургууль барих төслийг эхлүүлж буйгаа Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан зарлав. Арван жилийн хугацаанд 82 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн хариуцлагатай татвар төлөгч, 1000 гаруй ажлын байрыг бий болгогч аж ахуйн нэгж байгаад тэдний сэтгэл ханасангүй.
Хүүхдийн боловсрол, хүний хөгжил, гэр бүлийн, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд чиг луужин байсаар иржээ.
Дорноговь аймаг, Өргөн сум, Монцемент үйлдвэр
Угаас энэ цагийн Монголын төр засгийн тогтворгүй байдал, хоёр үзүүртэй зүү мэт ойлгомжгүй шийдвэр, хуулийн алагчлал дунд шударгаар тогтвортой урагшилж улс, хүн, нийгэм, эдийн засаг, орон нутгийн хөгжилд тэгш, үнэ цэнтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэдний үйл ажиллагаа баталдаг.
Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсад бий болсон, монгол хүний бүтээсэн сайн сайхан зүйлсийн нэг нь яахын аргагүй Монцемент үйлдвэр. Олборлогчоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох, монгол хүн эх орондоо үйлдвэр байгуулах, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг монголчууд өөрөө хийхийн төлөө зориглосон Монполимет группийн том амбиц, хүсэл мөрөөдөл, нарийн төлөвлөгөө, судалгаа шинжилгээний үндэс дээр энэ үйлдвэр боссон юм.
Дорноговь аймаг, Өргөн сум, Монцемент үйлдвэр
Үйлдвэрийн гэрэл орчин тойрныг гэрэлтүүлж, говийн буйдхан суманд сүр хүч, хөгжил дэвшил нэмнэ. Энэ талд төслийн багийн анхны 10 хүн очиж, говийн шуурга салхинд хоёр гэрээ босгож ажлаа эхэлснээс урт удаан хугацаа өнгөрч, үйлдвэрээ нээгээд ашиглалтад оруулсан цагаас хойш 10 жил болж байна. Тэд энэ хугацаанд Монгол Улсын аж үйлдвэрийн шинэ эхлэлийг тавьж, хүний хөгжил, нийгэм, эдийн засгийн дэвшил, байгаль орчин, тогтвортой хөгжилд томоохон хувь нэмэр оруулагч үндэсний үйлдвэрлэгч болжээ.
Үйлдвэрийн ажилтнуудын гурван улаан байрны цонхнууд гэрэлтэй. Гэрэлтэй цонхны цаана эзэмшсэн мэргэжил, сурсан зүйлс, хөдөлмөр бүтээлээ үндэсний үйлдвэрлэлдээ, эх орныхоо хөгжилд нэмэрлэж яваа залуус аж төрж байгаа. Амгалан дулаан ахуй, эх орноо үнэн зүрхнээс хайрлах жинхэнэ сэтгэл энд байдаг юм. Хүүгээ тоглуулсан ээж унаа машиныг нь өргөж, өөрийг нь тэврээд орц руугаа орж явна. Хүүхдүүд суварч цувран гэр рүүгээ орсоор, бидний ажил ч дүүрэв.