СОР17 хуралдааны албан ёсны лого
Монгол Улс ирэх оны наймдугаар сард Улаанбаатар хотноо СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Дэлхийн 100 гаруй орны 8000 гаруй төлөөлөгчид ирж оролцон цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилтын тухай хуралдаж тэдгээрийг шийдвэрлэх, давж гарах арга зам, шийдлүүдийг хамтран хэлэлцэх юм.
Тэгвэл СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан Монгол Улсад, монголчуудад хэрхэн хамааралтай болоод ямар ач холбогдол, боломжийг бий болгох вэ?
1. Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломж. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.
2. Олон улсын түвшинд Монгол Улсын байгаль орчин хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломж.
3. Цөлжилттэй тэмцэх, газар, бэлчээрийн зохистой ашиглалт зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүд олон улсын хараанд өртөж шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломж.
4. Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, шинжлэх ухаан, дэлхийн шинэ инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж.
5. Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломж.
6. Гадаадын олон мянган зочин, төлөөлөгч Монгол Улсад ирэх тул аялал жуулчлал, үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөх бодит боломж.
7. Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох, түр ажлын байр нэмэгдэх боломж.
8. Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.