Хотын зурвас: Стресс бухимдлаас ангижрахын тулд эрүүл бус аргыг ашиглаж байна
Хотын зурвас: Стресс бухимдлаас ангижрахын тулд эрүүл бус аргыг ашиглаж байна

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Байгаль дэлхий өнгөө хувиргаж, намар цаг хэдийнээ иржээ. Зуны амралт зугаалгын цаг дуусаж, хүмүүс ажил, хичээл сургуульдаа жигдэрчээ. Гэвч гудамжаар яаран зөрөлдөх хүмүүсийн царайд инээмсэглэсэн төрх төдийлөн харагдахгүй юм, манай хотод. Хөмсгөө зангидсан хүмүүс хаашаа ч юм бэ яарцгаах.

Ажил, хичээл тарж буй хөл хөдөлгөөний цаг. Автобусны буудал дээр багталцахгүй олон хүн чиглэлийн автобусаа хүлээн зогсоно. “Ч:2 Шар хадны эцэс-3,4-р хорооллын эцэс” гэсэн автобус ирэхэд бөөнөөрөө пирхийн гүйлдэж, бие биеэсээ түрүүлж суух гэж зүтгэсээр орлоо. Сурагчийн дүрэмт хувцастай хоёр, гурван хүүхэд “Багтахгүй юм байна. Дараагийнхыг нь ирэхээр сууя” гээд үлдэв. Энэ бол өдөр бүрийн ид ачааллын үеэр өрнөдөг нийслэлийн иргэдийн амьдрал, дүр төрх.

Автобус удаан хүлээснээс, хэн нэгний бүдүүлэг авираас, гудамжинд хөглөрөх хог хаягдлаас, замын түгжрэлээс гэхчлэн бухимдах шалтгаан мундахгүй олон. Цалингаас цалингийн хооронд хоолтой, хоолгүй явдаг түгээмэл үзэгдлийн сүүдэр монголчуудыг туйлдуулж, түүнээс болж сэтгэцийн эмгэгтэй болж байгаа жишээ олон байна. Хүмүүсийн дунд “Ажилтай тулдаа л өртэй байна” гэх хошигнол хүртэл яригдсаар. Улсын эдийн засаг, ажлын байр, инфляц, үнийн өсөлт, ядуурал зэрэг олон хүчин зүйлээс болж иргэд бухимдалтай амьдарч байна.

Их засаг олон их сургуулийн оюутан Б.Сондор “Замын түгжрэл, автобусны хэт их хүнтэй байгаа нь стрессийн шалтгаан болдог. Бас бусад хүн харилцаа хандлага маш муутай. Автобусны буудал дээр зүгээр л зогсож байхад хажуугаар зөрөхдөө түлхэх, элдэв үгээр доромжлох гэх мэт үйлдлүүд их гаргадаг. Өөрийн стресс бухимдлаа бусдад буруу хандлагаар гаргаж байгаа мэт санагддаг. Тийм үйлдэл өөр дээрээ мэдэрчихсэн болохоор өнөөх стресс нь надад халдаад би ч гэсэн уур бухимдлаа хариад гэрийнхэндээ гаргаж байгаагаа хэд хэдэн удаа анзаарч байсан. Гэсэн хэдий ч аль болох стрессгүй байхыг хичээдэг. Оюутан болохоор хичээл хийх цагаа зөв хуваарилж чадаагүйгээс бухимдах үе гардаг” гэлээ.

Иргэдийн бие биедээ хандах хандлага, гаргаж буй үйлдэл бусад хүмүүст давхар нөлөөлж байдгийг Б.Сондорын ярианаас харж болно. Тэгвэл хүмүүсийн энэ их уур бухимдал юунаас болж үүсэж байгаа талаар иргэн Ж.Болд-Эрдэнэ 

“Би сард 800 мянган төгрөгийн зээл төлдөг. Үүнээс гадна хэрэглээгээ зохицуулах гэж борви бохисхийлгүй л ажиллаж байна. Миний өр зээл дээр нэмээд энэ замын түгжрэл, төр засгийн гаргаж, хэрэгжүүлж байгаа ажил шийдвэр, ажлын ачаалал дарамт, эдийн засаг, үнийн өсөлт, амьдралын нөхцөл гэх мэт маш олон зүйлээс болж бухимдаж байна” гэв.

Өдөр тутамд тааралддаг стресс гэдэг үг нь хэт их ажилласан эсвэл ачааллыг давж гарч чадахгүй байгаа хүний мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Эдгээр ачаалал нь мөнгө санхүү, ажил, хувийн харилцаа болон бусад нөхцөл байдлаас болж болох боловч хүний амьдралд учирч буй бодит болон бодит бус саад тотгор аюул занал нь стресс үүсгэж болно.

Аюул тохиолдсон үед бид хэзээ, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ “Зугт эсвэл тэмц” гэх байдлаар илэрхийлдэг. Тийм боловч, хэрэв энэхүү байдал нь хэтэрхий амархан өдөөгддөг эсвэл нэгэн зэрэг хэтэрхий олон стресс үүсгэгч хүчин зүйлүүд байвал энэ нь хүний сэтгэл санааны болон биеийн эрүүл мэндийг дордуулах сөрөг нөлөөтэй болдог. Улмаар стресс бухимдалтай удаан явснаар сэтгэл санааны хямралд орох, амиа хорлох зэрэг сөрөг үр дагавартай.

Нийгмийн стресс бухимдлаас ангижрахын тулд эрүүл бус аргыг ашигладаг хүмүүс олон болсон талаар сэтгэл зүйч П.Энхчимэг ярьсан юм. Үүнд тамхи татах, архи уух, хэтрүүлэн идэх, дэлгэцийн хамааралтай болох, ажлаа хойшлуулах, бусдад стрессээ гаргах зэрэг аргууд ордог ажээ.

Тэрбээр “Хувь хүн өөрийн стрессээ зохицуулах, сэтгэлээ таатай мэдрэмжтэй болгох өөрийн гэсэн аргуудтай байх хэрэгтэй. Энэ ажлыг дуусахаар, тэр зүйлийг хийсний дараа гэж хүмүүс их хойшлуулдаг. Гэтэл таны сэтгэл санаа бие махбодод учирсан асуудал таны ажлыг дуусахыг хүлээлгүй хүрээгээ тэлсээр амьдралын чанарт нөлөөлсөөр байдаг. 

Тиймээс бид сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд өөрийгөө анзаарч ажигладаг байх хэрэгтэй.  Жишээлбэл бид өглөө бүр за одоо нүүрээ угаах ёстой гэж бодолгүйгээр бид нүүр гараа угаадаг болсон байдаг шүү дээ. Түүний адил өөрийгөө, сэтгэл санаандаа юу байгааг ажиглан анзаарах таван минутыг өдөр бүх гаргаснаар алсдаа бага багаар амьдралын тань нэг хэсэг болон төлөвшсөн байна. Өөрөөр хэлбэл дараа нь юу болох бол гэдэг бодолгүйгээр ухамсартайгаар анзаарах оролдлого яг энд одоо цагт төвлөрөх нь чухал. Энэ нь таагүй сэтгэл хөдлөлийг үүсгэж байгаа бодол, дуу хоолой, үг хэллэг, бие махбодын мэдрэхүй бүрийн хором бүрээр ялган тодорхойлоход дэм болдог” гэсэн юм.

Амьдралын орчин, хүмүүсийн харилцаа хандлага, нийгмээс шалтгаалсан стресс, өөрт тохиолдсон асуудал зэрэг нь хүмүүсийн сэтгэлзүйд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. 2024 оны аз жаргалын индексийн судалгаагаар Монгол Улс дэлхийн 143 орноос 77 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Өөрөөс шалтгаалаагүй сэтгэл гутралд орох олон хүчин зүйлс байдаг. Нийгмийн хүнд байдал, ядуурал, архидалт зэрэг зүйлс нийгмийн стресс, бухимдалд ихээхэн нөлөөлдөг тул хууль эрх зүйн орчин болон нийгмийн бүхий л салбарт анхааран ажиллах шаардлагатай.