“Bravo circus-5” тоглолтод 11 бар үзүүлбэр үзүүлнэ.
“Bravo circus-5” тоглолт энэ сарын 17-оос ирэх аравдугаар сарын 6-ныг хүртэл өдөр Бөхийн өргөөнд тоглох гэж байна. Энэ тухай зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн тоглолтод дэлхийн циркчдийн олимп хэмээгддэг Монте Карлогийн алт, мөнгөн цомын эзэн Бруно Тонигийн дэлхийд нэн ховордсон цагаан, ягаан, шар 11 бар үзүүлбэр үзүүлэх аж. Бруно Тони “Монголд ирж циркийн тоглолтоо хийж буйдаа тун баяртай байна. Италийн цирк монголд анх удаа ирлээ. Энэ бол нэр төрийн хэрэг юм. Миний хувьд дэлхийд нэн ховордсон 11 барын үзүүлбэрээ үзүүлнэ. Мөн монголд “Golden tabby” бар анх удаагаа ирж байгаа нь онцлог юм. Бар болгон өөрийн онцлогтой. Бид бар болгоны хийж чадах зүйлийг үзүүлбэртээ ашигладаг. Монголын үзэгчдийг гайхшируулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж ярилаа.
Манай уран бүтээлчид мөн тоглолтод оролцож буй бөгөөд банзнаас үсрэх, дан дугуйн дээрх жонглёр, морьтон залуусын эрэмгий зэрэг үзүүлбэрийг толилуулахаар төлөвлөжээ. Мөн дуучин Ц.Мичидмаа, Энжи буюу А.Эрдэнэцэцэг нар ая дуугаа өргөж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар тоглолтыг хөтлөн явуулах юм байна. Бөхийн өргөөний суудлын байршлаас хамааран тасалбарын үнэ 20-100 мянган төгрөг гэнэ.