Жолооч та анхаарал, болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид олж тогтоосон байна. Эл хэрэг өнгөрөгч лхагва гарагт нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ. Цагдаа нарын олж тогтоосноор 33 настай, эрэгтэй С гэгч нь “мерседес бенз” загварын автомашин жолоодож явахдаа 40-45 орчим настай, явган зорчигч эрэгтэйг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж зугтсан байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын зам тээврийн 18574 осол бүртгэгдэж, ослоос шалтгаалан 388 хүний амь нас хохирсон гэж мэдээлжээ. Иймд автомашины жолооны хүрдний ард сууж замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүхэн анхаарал, болгоомжоо үл алдан, хариуцлагатай байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.