“Номын тухай” буландаа энэ удаа хилчин зохиолчийн бүтээлийг онцолж байна. Хилийн цэрэг, хилчний амьдрал, эр хүн, хүн чанар, анд нөхөр, андгай, дайсан, атаа хорсол, урвалтын тухай өгүүлж, энэ бүхэнд эх орон, түүний үнэ цэн хэмээх ариун нандин утгыг агуулсан бүтээл бол “Андгай” тууж ажээ.
Энэхүү туужийг хоёр удаа уншсаны эцэст дунд сургуулийн сурагчид, ялангуяа хөвгүүд олноороо уншаасай гэдэг бодол төрж байлаа. Мөрөөдөл, зорилгоо хайж, шинэ зүйл танин мэдэхийг хүсэж сониуч санаа, гэгээн бодлоор дүүрэн яваа өсвөр насны хөвгүүдэд аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч нь энэ номыг бэлэглээсэй. Багш нь энэ туужийг унших даалгавар өгөөсэй.
Ингэж бодохын учир нь, “Андгай” туужийг унших тэр хүү адал явдал, нөхөрлөлийн үнэ цэн, хүний мөс чанар, сайхан сэтгэл, хил, хилчний амьдрал, эр зориг, тэсвэр хатуужлын тухай эргэцүүлж, магадгүй хүсэл, мөрөөдлийнхөө сэжмийг олохыг үгүйсгэхгүй. Улмаар эх орон гэдэг зүйлийг хайрлаж, хамгаалах учиртайг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
Энгийн ойлгомжтой, ийш тийш үсчиж сарниагүй агуулга, шугам сайтай, цэгцхэн хайрцагласан жагсаал шиг цэвэрхэн бөгөөд урам зоригтой бичлэгтэй эл номын үсгийн фонт нь хүртэл хүүхдийн нүд, хараанд тохиромжтой байлаа.
Уншигч таныг эл номд хөтлөх эхлэл болгож 20 эшлэлийг хүргэж байна.
2. Шийдэмгий харц, хацар дээрх сорви нь малгайн торны цаанаас тодхон харагдана. Гар дахь буугаа эрхий хуруугаараа илбэж, дурангийн зөөлөвчинд нүдээ наан орчныг ажиглана.
3. Хилчин хүн үргэлж галтай явах хэрэгтэй, тэр тусмаа чүдэнзтэй. Асаагуур бол өвөл хөлдөөд асахгүй, зун халахаараа бууддаг дэмий эд.
4. За, яах вэ. Хилийн цэрэгтээ л алба хааж байвал хаана ч яадаг юм бэ гэж бодоод нүдээ нээтэл нөгөө унадаггүй бай хэдийн унасан байлаа.
5. Танд эндээс яв гэж хэн ч хэлэхгүй. Даалгавар бүрийг бид даван туулах ёстой, бидэнд ухрах зам байхгүй.
6. Эх орны минь тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард олны минь амар амгаланг ийм л эрэлхэг, зоригт эрчүүд хамгаална, хамгаалдаг гэхээр сэтгэл нэг л дулаахан.
Зүүн гар талаас хилийн цэргийн 0286 дугаар ангийн захирагчийн орлогч, соён гэгээрүүлэх албаны дарга, хошууч Д.Цэнгэл, Зууны мэдээ сонины сэтгүүлч Р.Оюун, "Мон судар" хэвлэлийн газрын хүүхдийн номын редактор Б.Чанагнянгар, bpress.mn мэдээллийн сайтын редактор Б.Будхүү /Доод талын зурагт/
7. Хүү минь чи энэ өдрөөс эхлэн тусгай хүчний гишүүн боллоо. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үнэнч зүтгээрэй.
8. Энэ хэдэн дүү нар чинь чиний цэрэг хувцастай зургийг хараад л бүгд цэрэгт явна, ах шигээ эх орноо хамгаална гээд л хөөрөх юм.
9. Хүү минь гээд духан дээр нь үнэрлээд, цэрэг хувцас сайхан зохиж байна, сайхан ч цэрэг болжээ хэмээн магтлаа.
10. Зоригт кителийнхээ ханцуйг шуун миний бүх цусыг юүлээд ч болов найзыг минь авраач гэв. Түнэр харанхуй тайгын жижигхэн урцанд үхэл амьдралын төлөө тэмцэл өрнөсөөр.
11. Миний бодож, сэтгэж, хайрлаж, харамлаж, хамгаалж чадах хамгийн үнэт зүйл. Эх орон.
12. Яг найман жилийн дараа анх уулзсан хээрийн сургуулийн талбай дээрээ уулзъя. Бидний нөхөрлөлийн 10 жилийн ой шүү.
13. Хил хамгаалах ерөнхий газрын жижүүрийн утас өглөөний зургаан цагаас хойш зогсоо зайгүй хангинаж, Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос илтгэх мэдээг хүлээн авна.
14. Миний хоёр найз амласан амлалт, өргөсөн андгайдаа хүрдэг эрчүүд. Харин ч миний малгай, хүрмийг хараад баярлана. Яагаад гэхээр бид нэг ижил малгай, хүрэм худалдаж авч байсан юм.
15. Би танай дотор газар амьдрахыг их хүсдэг. Ер нь Монгол Улс өдрөөс өдөрт эзгүйрч байна.
16. Анд минь их л хүлээсэн байх даа. Энэ хүн ч энэ байдлаараа хүний хүн болжээ, амьдрал ч баян юм даа.
17. Их үйл, том зорилгын төлөө жижиг золиос заавал гаргадаг юм. Удахгүй чамд ч ийм зүйл тохиолдоно. Чиний хамгийн итгэж байсан хүн чамаас урвахыг үгүйсгэхгүй.
18. Та хоёрыг бид хагас жил гаруй хугацаанд судаллаа бас та хоёр манай шалгалтад тэнцсэн. Иймд маш нууц, чухал үүрэг өгнө. Бас эрсдэлтэй. Энэ ажиллагааг надаас гадна манай нэг хүн л мэдэж байгаа.
19. Энэ бол хүчээр хийх ажиллагаа биш. Хамгийн гол нь монгол хүний эрүүл мэнд, цаашилбал үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагатай ажиллагаа.
20. Хэрэв тангараг өргөсөн цэрэг эрс бид хувийн ашиг сонирхол харж шийдвэр гаргавал Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал ганхах болно. Ийм бодолтой олон залуус байгаа болохоор эх орны минь тусгаар тогтнол үүрд мөнх байна гэж боддог.
“Андгай” туужийн зохиогч, хурандаа Г.Чинзориг
Зохиогчийн тухай: “Андгай” тууж нь Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзоригийн үргэлжилсэн үгийн анхны бүтээл. Тэрбээр “Дархан хил минь баяртай”, “Хилчин бүсгүй”, “Хилчин заяа” зэрэг 40 гаруй дууны уран бүтээлийн шүлэг болон аялгууг зохиож, бүтээлийн сандаа “Цэрэг хувцас минь”, “Би жагсаалын цэрэг”, “Монголоо хайрлаарай” зэрэг 50 гаруй шүлэг, найрагтай амьдрал нь болсон дархан хилээ, даяар хилчдээ дуулагч авьяастан билээ.
Хурандаа Г.Чинзориг Дорноговь аймгийн хүн. Тэрбээр 2004 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Шалган нэвтрүүлэх албаны ажилтан – эрх зүйч, 2018 онд ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Цэргийн материал техникийн академийг Материал техникийн удирдлага мэргэжлээр төгссөн байна.
Хилийн цэргийн сургууль дүүргэсэн, хилийн заставд амьдарсан, энэ албанд сонсогчоос хурандаа хүртэл ажилласан уран бүтээлч өөрийн мэдрэмж, мэдлэг, сэтгэмжээрээ “Андгай” туужаа бүтээжээ. Төрийн соёрхолт, СГЗ Ш.Гүрбазар номд өргөх үгтээ “Би монголын утга зохиолд 50 гаруй жил гараа хийж яваа уран бүтээлч хүний хувьд энэ яах аргагүй сайн бүтээл, сайн туурвил болжээ гэж ам бардам хэлмээр байна. Сайны нууц нь юунд вэ. Мэддэг бүхнийгээ хүмүүсийн оюун санаанд их бодрол болгож хүргэх гэж зорьсонд байна. Таныг уйдаахгүй сайн зохиол болно гэдэгт би итгэж байна” гэжээ.
“Андгай” тууж уншигчдын гарт очсоноосоо хойш хоёр дахь удаагаа хэвлэгджээ. Номын үйл явдал, төгсгөлөөс үзвэл удахгүй дэд дэвтэр нь уншигчдын гарт хүрэх бололтой.